Tuesday, May 29, 2012

Хаалтын хичээлүүд

Зун болоод хичээл дуусаад сүүлийн лекцүүддээ суугаад гоё ч юм шиг. Бас нэг бодлын онцгүй ч юм шиг тиймэрхүү л байна даа. Өнөөдөр Алтаа багшийн хичээл дээр сүүлийн нэг лекцээ нөхөхөөр болоод хичээл албан ёсоор амарсан ч гэсэн бид хэд дахин нэг цуглаад цаашдаа оюутнууддаа захиж хэлэх зүйлээ багш маань хэллээ. Үнэхээр ч Алтаа багш бид нарыг ирээдүйд улс орондоо их зүйлийг хийж бүтээнэ гэсэн итгэл дүүрэн байдаг болохоороо багшилдаг гэдгээ ч хэд хэдэн удаа хэлж байсан. Өнөөдөр тэр нь дахиад ч бид нарын сэтгэлд мэдрэгдлээ. Хүн өөрийн сэтгэл зүрхнээсээ ярьсан яриа хүнд хүрч нэгийг бодогдуулдаг юм билээ. Оюутнууддаа үнэхээр өөриймсөг, сайхан сэтгэлээр хандаж мэдлэг чадвараа харамгүй хуваалцъя гэсэн сайн багшийнхаа сэтгэлд бид баярлах хэрэгтэй болов уу. Би лав Алтаа багшаас энэ нэг жилийн хугацаанд их зүйлийг сурч авсан. Цаашдаа ч дахин маш олон зүйл сурах байх гэж бодож байна. Надад энэ мэргэжлийн амтыг мэдрүүлж илүү урам зоригтойгоор олон зүйл хийхэд багшийн үгс маш их тус дэм болж байсан. Өнөөдрийн ярьсан яриа нь ч гэсэн мөн адил ирээдүйд хийх олон зүйлсийн замыг зааж өгөх байх. Их сургуульд ороод ямар хичээл гэхээсээ илүүтэйгээр аль багш дээр тэр хичээлээ үзэх вэ гэдэг дээр их анхаарах ёстой юм байна гэдгийг би мэдэж авсан. Их сургуульд заагдаж байгаа хичээлүүд өнөөдрийн байдлаар лав хэрэггүй сонирхолгүй байна гэж огт байхгүй. Харин тэр хичээлийг зааж байгаа багшийн заах арга зүй, ажлын хариуцлага, бусдад нөлөөлөх чадвар, оюутнуудын дундахь нэр хүнд гэх мэт олон зүйлээс хамаарч тухайн хичээлийн агуулга оюутнуудад бүрэн хүрэх эсэх нь хамаардаг юм шиг надад санагдсан. Багш нараасаа сурах зүйл надад маш их байгаа. Хичээж байгаад үнэхээр лаг болно оо. Бас нээрээ хэлсэн нэг гоё юм нь гэвэл энэ сонгуулийг ашиглаад бид эдийн засагч шиг толгойгоо ажиллуулах нэг сайхан дасгал хийх боломж байгаа шүү гэж байна лээ. Ямар ч байсан бүтэн нэг жилийг Алтаа багш, Цогоо багш хоёртой өнгөрүүлэх сайхан байлаа. Их зүйл сурж авлаа. 

Sunday, May 6, 2012

...

Хичээлдээ явж байгаад яг хавар болохоор л нэг сонин дарамттай байх юм аа. Яагаад тийм ядаргаатай байдаг байна аа. Хүмүүс ядраад л зарим нь ч яахав сайхан байх шиг байна. Гэхдээ миний өрөөсөн дугуйнуудад тиймэрхүү л байгаа юм шиг байна. За тэр яахав. Гол бичих гэж байсан зүйлрүүгээ ороё. 

Ойрын үед зөндөө их гоё гоё юм сонсож судалж бас ойлгож байна шүү. Би Олон Улсын Эдийн засагч гэдэг мэргэжлээр төгсөх гэж байгаа учраас энэ чиглэлээр нэг зүйлийг дагнан судлахыг зорьж байна. Сүүлийн үед харин валютын ханш миний сонирхлыг их татах боллоо. Ямар ч байсан ЭНЭ ДОЛОО ХОНОГТ их юм сонссон шүү. Яг валюттай холбоотой гоё гоё зүйлүүд их байна лээ. Жишээлбэл Фишерийн нөлөө, Overshooting, Speculation, PPP гээд л цаашаа сонирхоод судалж үзвэл сонин хачин юм их л байх төлөвтэй. Ямар ч гэсэн хамгийн сайхан зүйл нь мэргэжилдээ би их дурлан шимтэх болж байна. Сонирхолтой сэжүүр гарах бүрийд алдалгүй даган мэдлэгийнхээ хүрээг тэлж их юм сурах юм саан. 
Энэ зуныг алдахгүй зөндөө их юм хийнэ ээ. 

Tuesday, May 1, 2012

Эрэгтэй ба эмэгтэй

Эдгээр хүмүүс үнэхээр ялгаатай байх юм аа. Хэзээ ч хаана ч цаанаасаа л ялгараад байх юм. Гэхдээ  үнэхээр сайн зүйлсийг нь аль аль нь яагаад өөртөө шингээгээд авч болдоггүй байна аа. Эмэгтэйчүүд гэхэд л маш сонор сэргэг, бас маш овсгоотой байдаг. Гялалзаад л энд тэнд байнга үсчиж явна. Харин энэ занд нь бас хаяж гээмээр ч юм байдаг л байх. Хэн хаана юу хийж байна гэдгийг байнга ажиглаж жиг жуг хошуу амаа нийлүүлээд л хов жив ярьцгаана. Эрчүүд харин бүдүүн баараг хэр баргийн юм тоохгүй. Тэр чинээгээрээ овсгоо самбаа харьцангуй муутай. Эрэгтэй хүмүүс адуу шиг, харин эмэгтэйчүүд ямаа шиг санагдахын. Гэхдээ л яагаад заавал ийм байх ёстой гэж? Хүүхдүүдийг харин багаас нь харахад охидууд цаана л нэг томоотой, намбалаг байдаг. Хөвгүүд харин дүрсгүйтэж үймүүлээд л ёстой л энд тэнд харайж цовхроод л бөөн юм болно. Харин нас биед хүрээд ирэхээрээ яагаад ингэж арай өөр хэмнэлд орчихдог юм бол оо? Энэ нийгэмд эрчүүдийн үүрэг роль арай л дутаад байгаа юм биш биз? Боловсролын түвшингээрээ эмэгтэйчүүд хавьгүй илүү байна. Мөн багш нарыг харахад мөн л эмэгтэйчүүд түлхүү багшилж байна. Цаашилбал дундаж наслалтаар ч эмэгтэйчүүд илүү байна. Эрт цагт эрчүүд дайтаж байлдаад огт үзэгддэггүй. Харин эмэгтэйчүүд нь үр хүүхдээ өсгөж, гэр орноо авч явж байсан болохоороо тэр хүмүүсийн генд илүү хөдөлмөрч чанар шингэчихсэн юм болов уу? Монгол эрчүүд миний бодлоор дийлэнх нь залхуу юм шиг санагддаг. Аав нар, ах нар, дүү нар, миний үеийнхэн гээд л эрэгтэйчүүд гэрийн ажил хийх нь ховор. Одоо цагт ямар гадагшаа гарч морь мал аялуулна гэх биш. Хотын амьдралтай бид нар машин тэрэг гээд зарим нь ажилтай байдаг байх. Гэхдээ юу ч хийсэн гэртээ бол эрэгтэй хүн нэг л их бөгс удаантай байдаг биз дээ. Ийм сэтгэхүй хэзээнээс бидэнд суучихсан юм бол бүү мэд. Ямар ч байсан хойшид устаж алга болоосой. 

Monday, April 30, 2012

Хавар

Энэ их сонин улирал шүү. Байгаль гэж яахаараа цаанаасаа бүх юманд нөлөөлөөд байдаг байна аа тээ? Хүн гэдэг нэг төрлийн амьтан юм хойно бүр аль дээр үеийн нэг тийм ойлгомжгүй өөрийн мэдэлгүй байгалийн хуулинд захирагдаад л байдаг юм шиг байгаа юм. Миний ажигласнаар хүмүүс хавар болохоор л хосоороо болох нь нэмэгдэх юм. Гадаа дулаараад, ажил төрөл нь ч гайгүй болдог юм уу юу  нь тэгж сайхан тараад байдаг юм бүү мэд ямар ч байсан л бүгдийнх нь сэтгэл санаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж бүгд л дурлалын шинжтэй харцаар хүмүүсийг хардаг болчих юм даа. Тэгээд бас ихэнх нь чухам энэ мөчийг л хүлээж байсан мэт хавар л зориглон хэн нэгэнд хэлье гэснээ хэлээд нөгөөдүүл нь ч бас л тэр л үгийг нь хүлээж байсан мэт зөвшөөрцгөөдөг юм байх даа. Аз жаргалаар баялхсан эдгээр хүмүүсийг харахад сэтгэл санаа хичнээн өег сайхан байна гээч. Бүгдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд болж өгвөл энэ өвөрмөц эхлэл нь хэзээ ч дуусахгүй тийм нэгэн уртаас урт зам байгаасай гэж хүсч байна. 

Харин энэ зүйл миний хувьд арай өөр байгаа юм аа. Би ямар ч байсан энэ жилдээ ийм асуудал үүсгэхгүй ээ. Яагаад гэвэл одоохондоо би нэг юмыг өнгөрсөн туршлагаасаа ойлгосон. Бодлогогүй хийсэн ямар нэгэн үйлдлүүд маань зөвхөн намайг ч биш өөр бас хэн нэгэнд хүнд хэцүү тийм шарх үлдээж болдгийг би мэдсэн. Ийм учраас урьд нь би зөвхөн өөрийгөө бодож байсан юм шиг санагдаж байна. Одоо бол хосын асуудал үүсгэхдээ их болгоомжтой цагаа олох хэрэгтэй юм байна гэдгийг их сайн ойлгосон. Түүнээс гадна ялангуяа ямар хүнийг сонгох вэ гэдэг асуудлыг хамгийн ихээр бодож тунгаах хэрэгтэй. Тийм болохоор би лав сайхан санагдаад, зүгээр л хэн нэгэнтэй хамт баймаар санагдсандаа ингэж өөрийнхөө бас өөр хүний сэтгэл санаагаар тоглохыг хүсэхгүй. Тийм болохоор л би одоо ч гэсэн ганцаараа явж л байна. 

Өөр нэг асуудал бол одоохондоо надад ухаалаг сайн найз охин гэхээсээ илүү өөрөө эхлээд ухаалаг галзуу мэдлэгтэй болох шаардлага байгаа учраас бас л ганцаараа байх хэрэгтэй байна. Харин өнөөдөр нэг юм сонслоо. Их сургуульд сурч байхдаа бид ирээдүйн эхнэр нөхрүүдээ олдог юм гэнэ ээ. Энэ бодоод байхад бараг л үнэн байх аа. Тэндээ олж чадаагүй бол тэгээд л бараг гүйцээ юм байх өө. Үлдсэн амьдралаа гэр бүлийн хувьд онцгүй аль эсвэл орь ганцаараа өнгөрүүлэх магадлал их болдог гэнэ. Хэхэ сонсоход итгэл тийм ч их төрүүлэхгүй ч гэсэн бодоод байхад бас байж болох ч юм шиг. Бидний ээж аавуудын үед лав тийм байсан байх. Харин одоо бас арай өөр болоод байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Хүмүүс боловсролдоо зарцуулах хугацаа нилээд уртассан тийм болохоор тэр чинээгээрээ бас оройтож гэр бүл болох хандлагатай байгаа байлгүй. Тийм болохоор бас хамаг гайгүйчүүл нь шилэгдээд дуусдаг гэсэн ойлголт зарим талаараа хуучирсан байж ч болох юм шиг санагдаад байгаа юм даа.  Гэхдээ сайн мэдэхгүй юм дөө. Хүмүүс үерхээд л дурлаад л залуу насанд яадгийн юм үзэж л байх хэрэгтэй. We are young гээл байхын. Харин минийхаар бол би арай л өөр философитой байх шиг байгаа юм аа. Гэхдээ энүүндээ бага зэрэг төөрөлдөөд л байгаа. 

Friday, April 13, 2012

Миний амьдралын ханамжийн функц

Хүн гэдэг ер нь өөртөө сэтгэл хангалуун байдаг болов уу? Миний хувьд лав байнга л хийсэн юмандаа ханадаггүй нэг бодлын аймар шуналтай ч юм шиг. Зарим нэг хүн намайг хараад инээд нь хүрч болоогүй байна даа хөөрхий гэх шүү юм боддог л байх. Харин зарим нэг хүмүүс нь бас намайг арай дээгүүр үнэлдэг ч байж магадгүй. Гэхдээ л би өөрөө өөрийгөө яагаад дандаа голж байдаг юм бэ? Амьдралд хүн аз жаргалыг эдлэх гэж түүнийг л олж авах гэж хичээсээр өнөөгийн энэ зүйлсийг бүтээсэн байх. Харин яг үнэндээ тийм байя гэвэл их энгийн биз дээ. Зүгээр л юу бодолгүй одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж өөрийгөө өөрөөсөө өөр хэнтэй жишиж зүйрлэхгүй нэг тийм хоосон юм шиг амьдарч чаддаг бол огт тэгж өөрийгөө зовоогоод байх зүйлгүй байж магадгүй л юм. Гэтэл хүмүүс яагаад тэгж чаддаггүй юм бол? Гол бусдаар өөрийгөө үнэлүүлж түүнээсээ л маш их аз жаргарыг авч мэдэрдэг юм болов уу? 
Гэтэл ингэхэд би гэдэг хүн чухам яг яадаг юм бол? Юуны төлөө өнөөдрийг хүртэл энэ бүгдийг хийж байсан юм бол? Чухам ирээдүйн зорилго минь юу юм бэ? Хүмүүс өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй бай тэгсэн цагт амжилт үзүүлэх боломж маш өндөр болдог гээд л их юм яриад байдаг биз дээ. Харин би юу хүсч мөрөөдөөд байгаагаа яг үнэндээ сайн мэддэггүй юм. Хүсдэг юм олон байгаа ч гэсэн хамгийн гол нь чухам яг юу юм бэ? Ханамжийн функцээ максимум байлгахын тулд эхлээд хэлбэрийг нь ядаж мэддэг байх хэрэгтэй биз дээ. Гэтэл тэрийгээ ч мэдэхгүй явж байгаа хүн яавч сэтгэл хангалуун сайхан явж чадахгүй ээ. Ингээд л бодоход өөрийгөө ч ямрыг мэдэхгүй мань мэтийг рациональ хүмүүс гэж үзээд онол загвар тавиад байдаг сонгодог эдийн засаг шаал утгагүй ч юм шиг. Гэхдээ л 200 гаруй жилийн түүхтэй юм хойно хэрэг болдог газраа болж байгаам л даа. 
Энэ мэтийн түмэн бодол тархи толгой дотор минь эргэлдээд энэ бүгдийгээ би цэгцэлж чадахгүй дунд нь төөрөн бөөн юм болно. Энд тэндээс надад ингэмээр ч юм шиг, эсвэл тэгчмээр ч юм шиг гэсэн бодлууд хар мянга байдаг байх өө. Харамсалтай нь ямар ч эмх цэгцгүй, зах замбараагүй баахан тасархай бодлын өөдсүүд. Бясалгал энэ тэр хийвэл тэд нарынх нь холбоо сүлбээ, учир начир нь олдох байлгүй. 

Нэг жил нэг ууланд очоод сайхан энэ амьдрал, нийгэм, өөрийнхөө тухай бодож бясалгавал мөн сайхан болох байх даа гэсэн бодол надад хааяа төрдгийн. Даанч нэг л санаанд багтахгүй байгаан. Бясалгана гэхээр л нээх мухар сүсэгтэй ч юм шиг, лам хар ч юм шиг сонин мэдрэмж төрөөд болдоггүй. Уул нь ач холбогдлыг нь аймар сайн мэдээд ойлгоод хэрэгтэй ч юм шиг санагдаад байгаан. Тэгээл бүх юм аа хаячихаад хэдэн сар жилээр яваад өгвөл хамаг юмнаас хоцорчихсон бүтэхгүй нөхөр болох байлгүй. Бүүр аргагүй тохиолдол л байдаггүй юм бол би бараг тэгэхгүй юм шиг байна лээ. Монте Кристо гүн дээр гардаг шиг тийм яалт ч үгүй байдалд орж, тийм нөхцөл байдал үүсвэл хүнд бодох бясалгах юм их байдаг байх. Шоронд ороод гарсан хүмүүс аймар санаатай болчихдог гэдэг ер нь яалт ч үгүй миний нүдээр харвал аргагүй дээ л гэж хэлмээр. Тэнд чинь одоо хийх байх юм аа олж ядаад толгойгоо л баахан ажиллуулдаг байх. Өдөр бүр л бэлтгэлтэй байдаг байлгүй. Амь дүйсэн хүчтэй өрсөлдөөний дүнд л тэд нар тийм болдог байх даа. Бодол санаагаар маруухан нь гартаа бүлгүй бол тэгээд л дуусаа байлгүй хөөрхийс. 

Тэгэхээр миний хувьд яах аа ч мэдэхгүй өөрийнхөө ханамжийг ямар гэдгийг нь ч мэдэхгүй байна шүү дээ би. Хоёр салаа утгатай нэг тийм функц юм уу хаашаа ч юм бэ дээ? Тэгээд дээр нь нэг хийе гэж боддог юм бол МОНГОЛ гэдэг улсаар бахархан хаана ч би энэ хүчирхэг улсыг байгуулахад өөрийнхөө хүч хувь нэмрийг оруулсан гэж хэлэх нэг өдрийг би хааяа төсөөлдөг. Хүн бүхэн нэг л сайхан мөрөөдөлдөө амьдарч байгаа юм шиг тийм сайхан байгаасай гэж би боддог. Гэхдээ юу нь тэр вэ гэвэл өнөөгийн америк, европ шиг эд мөнгө, баялагтайдаа биш ганцхан шударга л тийм нийгэмд амьдармаар санагддаг. Бөөн энэ муухай хардалт сэрдэлт, гутамшигтай энэ ялзарсан байдлыг ор мөргүй алга болоосой гэж би боддог. Ийм юмтай хаа сайгүй тулгардаг болохоороо би юу ч хийсэн тэрэндээ сэтгэл хангалуун байж чаддагүй байх. Юу ч хийсэн сэтгэлд хүрэхгүй болохоор юу хийхээ ч мэддэггүй байх. Юу хүсдгээ ч сүүлдээ ойлгохоо байж. Хамгийн ихээр хүсдэг НЭН ЧУХАЛ зүйл юу вэ гэвэл ШУДАРГА нийгэм л миний хамгийн их хүсдэг зүйл юм шиг байна.

Tuesday, March 27, 2012

Эхлэл

Өнөөдөр аймар ажлын сүүлчийн өдөр байлаа. Хэхэ арай гэж нэг юм оюутан насныхаа анхны судалгаагаа хоёр найзынхаа хамт хийж дууслаа. Бас л багахан хирнээ чамгүй ажил байна шүү. Ингээд судлаад байвал их ч юм сурах юм байна, их ч олон санаа цаашаа төрөх юм байна. Ямар ч байсан би энэ ажлаасаа олж авсан туршлагадаа сэтгэл хангалуун байна. Харин шагнал энэ тэр уул нь авах гэж горьдоод хийж байгаа ч гэсэн үнэндээ тийм ч их найдлага тавихгүй байгаа. Давчуухан яаруухан хийсэн болохоор тийм сайн болсон гэж бодохгүй байна. Харин одоо цааш нь нэмж дэлгэрүүлээд илүү сайхан болгоод дараагийнхаа буухиандаа бэлдэнэ дээ. Өшөө олон олон сайхан санаа төрөөд тэрүүгээрээ шинжилгээ, судалгааны ажил илүү олныг хийх хүсэл ихээр төрж байна. Ажилласан багийнхаа хувьд харин хаа ч гэж сэтгэл үнэхээр хангалуун байгаа шүү. Бие биенээ нөхөж хамтарч ажиллахад их сайхан санагдаж байгаа шүү. Хамгийн гол нь мэдээ мэдээлэл, цаг үеийн байдлыг соргогоор олж харан хэрэгтэй, үнэ цэнэтэй ажил хийвэл эргээд бид нарт ч бас хэрэгтэй байх. Тийм болохоор мэдээ мэдээллийг шуурхай авч юу хэрэгтэй байгаа гэдгийг өөрийнхөө үүднээс бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо л амжиж мэддэг зүйлүүдээ баталгаажуулаад сайн юм хийгээд авахгүй бол цаг хугацаа яваад л байна. Өөртөө давуу талыг бий болгож илүү их зүйл сурахын төлөө...
ХИЧЭЭНЭ ЭЭ!!!

Thursday, March 22, 2012

Тууштай

Энэ үг надад үнэхээр үгүйлэгдэж байна шүү. Хүссэн юм аа хийгээд байгаа мөртлөө надад түүнийгээ тасралтгүй цөхрөлтгүй хийх тийм тэвчээр байхгүй байгаа юм байх даа. Хараал ид гэж. Би иймхэн амьтан байсан юм уу гэж бодохоор өөртөө дургүй ч хүрээд байх шиг. Гэхдээ ийм амьтан биш гэдгээ мэдээд байгаа болохоор гайхах ч шиг. Ер нь яагаад байна аа. Нэг л ойлгохгүй байх чинь. Миний хувьд одоогоор нилээд чухал зүйлсийн маань нэг бол сурах шүү дээ. Гэтэл энэ залхуу гэдэг хар лай намайг ээрүүлдээд бүр амар заяа үзүүлдэггүй ээ. Ингээд бодохоор үнэхээр миний дотроос байж суухын аргагүй болтол сонирхлыг минь татахгүй л байна даа. Ямар ч байсан үүргээ би ойлгож байгаа болохоор биелүүлэх болно. Харин тэр нь миний сонирхолтой зүг нийлээд явчихвал ч бүр янзтай. Хичнээн цаг хугацаа хэмнээд зогсохгүй намайг ямар сэтгэл хангалуун үлдээх вэ гэдгийг бодоод үз дээ. Сайхан сайхан... Одоо харин бүх хүсэл сонирхлоо энэ зүйлдээ чиглүүлэх хэрэгтэй байна. Сонин содон юм юу байна? хүний анхаарлыг татахаар зүйл байна уу? гээд л асууж гар. Дараа нь яагаад, яагаад гээд л өөрөөсөө асуугаад байна. Тэгсээр нэг мэдэхэд би нилээн ХӨӨРХӨН юм хийчихсэн сууж байн байх гэж бодоод байгаа шүү. Тийм болохоор өөрөө өөрийгөө ховсддог ч юм уу яадаг ч юм бэ ямар ч байсан сэтгэл зүйтээгээ л тулж ажиллах хэрэгтэй байх. Хэхэ. Амжилттай болчуул бөөн азны юм шд. Их ч юм мэдэж авах байх. Дээрээс хөгжилтэй ч байна гэж найдаж байна.