Monday, December 2, 2013

Өөрийгөө шинжихүй!

Хүн ер нь өөрийгөө таних гэж ухаан орсон цагаасаа эхлээд оролдсоор яваад үхэхдээ ч таньж дуусалгүй хорвоог орхидог гэлцдэг. Тэгвэл би ч гэсэн өөрийгөө одоогийн байдлаар хамгийн зөвөөр таньж мэдэхийг хичээж л байгаа. Гэхдээ би өөрийгөө бүрэн таниагүй ч миний хамгийн сайн мэддэг хүн бол би өөрөө. 
Ямар нэгэн ёс зүй, хэм хэмжээ гээд аливаа нэг зүйлд хязгаарлагдана гэдэг нэг бодлын үнэхээр сонин ойлгомжгүй юм аа. Хэн хэзээнээс энэ сайн гэсэн үнэлэмжийг бий болгочихсон юм бол? Тэгээд бас хүмүүс яагаад тэр сайн руу тэмүүлээд байдаг юм бол? Аз жаргал гэж чухам яг юу юм? Ямар хүнийг аз жаргалтай хүн гэдэг юм? гээд эхэлж сонсоход энгийн юм шиг мөртлөө эргээд бодоход ойлгомжгүй зүйлс надад лав олон байдаг. Би иймэрхүү юман дээр их эргэлздэгийг ч хэлэх үү. Зиа тэгээд дээр нь сайн муу, хар цагаан, гээд хүнд олон олон өнцгүүд байдаг. Гэтэл би ил гаргахдаа үргэлж л нэг талыг нь гаргаад байдаг болохоор хүмүүс намайг тэр л өнцгөөс харж байдаг байх. Үнэн хэрэгтээ анхнаасаа нэг л талаа би хүмүүсд харуулахыг хичээдэг болохоор тэр л талаар хүмүүс намайг хардаг байх. Харин гол асуулт юундаа байна вэ гэвэл би яагаад заавал дандаа тэр л талаа хүмүүсд харуулж бусадыг нь нуух ёстой юм бол? Зүгээр л бодох юмгүй яг тэр хугацааны мэдрэмж, бодол санаа гээд бүх зүйлээ ил гаргаж болдоггүй юм бол? 

Ингэж гаргаад байдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ нийтлэг биш болохоор хэн ч тэд нарыг ойлгодоггүй байх. Ойлгохыг хүсдэг ч үгүй биз. Гол нь юу бодож, юунд зорьж тийм үйлдэл хийж байгаа нь л хамгаас чухал байх. Зүв зүгээр сууж байгаад хааяа надад бүр энэ эргэн тойрны юмыг огт танихгүй ч юм шиг, яагаад ийм байгаа нь ойлгомжгүй ч юм шиг, бүр толинд өөрийнхөө царайг хараад бүр сайн хараад баймаар, харах тусам улам л мэдэхгүй, танихгүй юм шиг санагдах тийм зүйлс хааяа тохиолддог. Жишээ нь гарынхаа нэг хурууг л энд тэндээс нь хараад л хараад л тэгснээ өөрийнхөө хурууны хэлбэр, байдал гээд юмсыг бүүр яагаад ийм байгаа юм бол гэх ухааны бодох хүртлээ гайхах тохиолдол хүртэл гарна. 

Ингээд бодохоор хааяа галзуу солиотой нь ч мэдэгдэхгүй сонин, хөгийн гэмээр юм надад бас тохиолддог. Энэ байгаа зүйлс маань бүгд зүүд ч юм шиг, үгүй мөн хөгтэй юмнууд их болно шүү. Гэхдээ л энэ бүхний эцэст миний сонирхлыг нэг л зүйл татаад байгаа юм. Чухам яагаад ийм сонин мэдрэмж надад хааяа төрөөд байдаг юм бол? Урам зоригоор дүүрэн, бөөн эрч хүчтэй хүн байснаа хэдхэн минутын дотор огцом өөр хүн болоод ч байх шиг. За хэн мэдэх вэ?


Monday, November 18, 2013

???

Эргэлзээ гэж.
Ойрд энэ үг намайг тодорхойлох гээд байна уу даа? Яахав эр хүн туг ч барина тугал ч хариулна гэдэг биз дээ. Тэр л юм байгаа биз. Хүмүүс намайг ер нь юу  ч гэж болно л доо. Гэхдээ нэгэнт би тийм биш гэдгээ мэдэхээс хойш хожим тэдний амыг асуутал би өөрөө хичээх л ёстой. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? Өөрөө л би энэ болоод байгаа сонин зүйлсийн эхийг тавьчихсан юм байлгүй. Гэхдээ яахав залуу цагт би алдах юмгүй хөөн. Бүүр болохгүй бол юм суруугүй л хүн юм байгаа биз. Сурчих нас цаана нь дахиад зөндөө байгаа юм чинь. Өөнтөглөж гоочлоод байгаа хүмүүсийн үгнээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж чаддаг хүн гэж би өөрийгөө боддог.
Харин хүнтэй харьцах тал дээр бол би тийм ч сайн хүн биш бололтой. Өгсөж уруудах юм надад бишгүй л байсан байх. Тэр болгоныг би эвтэйхэн даваад л гарчихаж дөнгөдөг байсан шд. Гол нь нэгэнт л нөхцөл байдал ийм дээрээ тулсан бол нэн түрүүнд хийх, сурах, гүйцээх ёстой юмууд руугаа зориглоод орчихдог байж одоо бодоход. Миний шарыг малтаж уурыг хүргэсэн юм их тохиолдох болгонд би харин улам л гялалзаад, өнгө ороод, өөрийгөө хүчилж дийлдэг л байсан. Шинээр ямар нэг юм хийхэд ер нь надад нээх амар байгаагүй тохиолдлууд олон л байсан. Харин тэр болгонд би бэлтгэл ажлаа сайн базаагаад голд нь ороод бужигнаж байгаад хөлөө олчихдог л байсан юм. Харин одоо бол дунд нь ороод манаргах гэхээр нэг л эвгүй байгаа энэ байдал надад саад болоод байх юм даа. Яамаар ч юм бэ дээ.

ХҮМҮҮСД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ. ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ

Энэ зөв зам байж магадгүй.

Гэхдээ ийм төвөгтэй байдал миний хувьд тийм ч шинэ зүйл биш ээ. ЭЗС-д анх орчихоод эрэлт гэж юу вэ гэсэн тодорхойлолт ч мэдэхгүй байсны дээр шинэ хуучин баахан хичээл, хичээл дүйцүүлэх, улиралд үзэх кредит хэтрэх, нөхөж судлах хичээлийн төлбөр, ганцаараа цоо шинэ олигтой ярилцах ч хүнгүй байх гээд надад асуудал байсан уу? Байсан л байна. Давсан уу давсан.

Одоо яаж байна? Бас л нэг иймэрхүү сонин хандлага. Намайг хэн гэдгийг мэдэхгүй хүмүүс, миний юу боддогийг мэдэхгүй хүмүүс, тусламж дэмжлэг гээд байх зүйл байхгүй хэвээр л... Намайг басамжилж шарыг минь малтсан хүмүүс. Өөрийнх нь удирдлаганд л байдаг бол хамаагүй бүдүүлэг харьцах хүмүүс,
намайг хэдий дэмждэг ч надаар дутагдаж, хоол хийчихээд хэзээ ирэхийг минь хүлээж байдаг гэрийнхэн, дүү нар...
Уртассан цагаар өмнө мэдээгүй бүх юмаа хурдан олж авах гэсэн миний тэмүүлэл, хэн болохоо харуулж тайван байх гэсэн хүсэл, өөртөө итгэх итгэл, жаахан ч гэсэн цаг олдох юм бол хайртай хүмүүсдээ цаг гаргана гэж боддог миний бодол
ингээд бодоход энэ бүхэн надад урьдын адил танил байна.
Энэ бүх эцэс төгсгөлгүй ийм хэцүү байдал дахиад л цаашаа үргэлжилсээр миний амьдралд үргэлж тохиолдох юм биш биз? Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Би ингэж солиотой юм шиг байдаг минь юуных юм? Ирээдүйд би өөрийн гэсэн хүч чадалтай түүгээрээ надтай адил хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуусыг улам хүчтэй дээш гаргаж намайг өсөхөөс өдий хүрэхэд хамт жаргал зовлонтой минь цуг байсан тэр хайртай бүх хүмүүстэйгээ хамт жаргалтай сайхан байхын тулд биш гэж үү. Асар том бөөрөнхий чулууг нэг л хөдөлгөж чадах юм бол дахиад цааш нь түрээд явахад хүч нэг их зарцуулахгүй шиг би өөрийн амьдарлыг тийм л болгох гээд тэмцээд байгаа гэж боддог. Тэр том чулууг засч, хэлбэрт оруулах, оруулчихаад цааш түрж хөдөлгөх гэж л одоогийн хүчин чармайлтыг гаргаад байгаа байх.

ИЙМ ЗОРИЛГОТОЙ, ХҮСЭЛТЭЙ, ХҮЧТЭЙ БАЙХАД ХЭН НАМАЙГ ЗОГСООХ ЮМ?
I'LL NEVER GIVE UP!!!

Saturday, November 16, 2013

Эрч хүч, өөдрөг бодол

Дархлаа сайтай хүн л өнөөдөр хол явах байх гэж боддог. Биеийн болоод оюуны аль аль талдаа дархлаа сайтай байх хэрэгтэй. За оюуны гэх юм уу эсвэл сэтгэл санааны ч гэх юм уу энэ дархлаа бол биеийн дархлаанаасаа илүү ач холбогдол өндөртэй байдаг байх. Дархлаагаа сайжруулахын тул хүмүүс спортоор хичээллэх, эм тариа хийлгэх гээд л олон аргаар дархлаагаа муутгахгүй байх, бүр цаашлаад хөгжүүлэх боломжийг хайж байдаг. 

Гэтэл сэтгэл зүй, болоод оюуны хувьд энэ байдал ямар байдаг бол? Хүн болсон хойно алдаа оноо бишгүй л тохиолдох байх. Тэр болгонд магтаал шүүмжлэл аль аль нь ирж л таарна. магтаалж хэт ташуурч баярлахгүй, шүүмжлэлд хэт сэтгэлээр унахгүй байх нь хамгийн чухал байх. Өөрийн гэсэн бодолтой түүнийгээ өөртөө бат суулгасан байвал энэ нэг их асуудал биш байх л даа. Хүн нэг алдаагаа дахиад давтахгүй байхад л  хангалттай шүү дээ. Тэрнээс нэгэнт алдсан алдаанаасаа болоод шаналаад сэтгэл санаагаар унаад, өөрийгөө азгүй амьтнаар төсөөлөөд байх юм бол хүн ер нь яаж амьдрах юм бол? Би хувьдаа өөрийгөө урмаар үргэлж тэтгэж байх ёстой гэж боддог. Надад ямар ч зүйлийг хийх хүсэл эрмэлзэл, сонирхол байж л байвал би түүнийг хийнэ л гэсэн үг. Тэр нь байхгүй цээжин дотор дүрэлзэж асах юмгүй бол яаж хийх юм бэ? Дургүйд хүчгүй л байна биз дээ. Тийм болохоор өөрийнхөө тэр сайхан энергийн уурхайг тасалж, гэмтээж, сулбайлгаж яагаад ч болохгүй. Хүний хэлсэн шууд сэтгэлд буухаас нь өмнө үнэхээр би тийм билүү гэж бодоод тийм бол яахав би буруугаа хүлээж алдаагаа засах гээд үзэж тарна. Тийм биш бол намайг мэдэхгүй байж олон юм ярих хэрэггүй гээл чихнийхээ хажуугаар өнгөрөөнө шд.

За ямар ч гэсэн ажиллаад л их олон сайхан юмыг олж хараад бүтээгээд байж дээ. 

Thursday, October 24, 2013

LOVE

Нэг хүнд ухаангүй хайртай болоод дурлаад тэрнээсээ болоод аймар жаргалтай байна аа.

Sunday, September 1, 2013

Хичээлийн шинэ жил

Энэ жил хичээлд явахгүй, сургууль дээр очихгүй ангийнхантай уулзахгүй, 9 сарын 1-нд жирийн л нэг өдрүүд шиг байх мааш сонин болохыг мэдэрлээ. Сонин л юм байна. Цэцэрлэгт явснаа тооцвол за бараг л 16, 17 жил 9 сарын 1 болгонд нэг л сонин мэдрэмжтэй, баярлаад ч байгаа юм шиг, догдлоод ч байгаа юм шиг сонин байдаг байж билээ. Гэтэл одоо яасан. Ажиллаад л ажиллаад л. Өнөөдөр хичээлийн нээлт болж байхад ууланд гарчихсан зугаалаад л. Дараа нь ирж ажиллаад л. Гүйэ мөн сонин байна лээ шүү. Одоо маргааш өглөө босоод харахад ямар байх бол гэхээс нээх гоё санагдаад байхын. Баахан шинэ хувцас өмсөж, инээж хөөрсөн, бас яарсан хүүхдүүд, хүмүүс хотын гудамжаар дүүрэн байна гээд бод л доо. Намрын өглөөний сэрүүнд нээлтэндээ орчихоод, ангийнхантайгаа жаал зугаа сонин ярьж хөөрөөд дараа нь будаг үнэртсэн ангидаа орж багш нартайгаа мэндлээд хичээл тарсны дараа илч багатай ч намрын халуун наранд халууцаад ийшээ тийшээ явж хөгжилдөөд л. Ийм л өдрүүд өнгөрч дээ дурсамж болоод. Бодохоос бүр сайхан санагдаж байх чинь. 

Friday, August 9, 2013

Game of thrones

Сүүлийн үед энэ кинонд ороод байгаа. Дундад зууны хөлөг баатрууд, хаад ноёдынх шиг хэв маягтай мөртлөө ТВ сериал гэхээр сонирхол татаж байгаа биз. Маш олон дүрүүдтэй, тэдгээр нь бүгд өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай. Бүтэн 3 цувралтай тус бүрдээ 10 ангитай. Үзэхийг хүсвэл энэ сайтаас үзэж болно.

Sunday, July 28, 2013

Аравт

Энэ кино надад их таалагдаад байгаан. Ер нь найруулга, жүжиглэлт, дуу гээд бүгд л их гоё санагдаад байгаа. Сүүлийн үед иймэрхүү чанартай кино нэг их хийгдээгүй л юм шиг санагдсан.

Tuesday, July 16, 2013

ХАРШИЛ

гэж ёстой муухай эд юм аа. Зуны улиралд миний хичнээн дуртайг хэлэх үү. Гэтэл энэ харшил гэж хар ядаргаатай эд байх юм. Гэхдээ хүмүүсийн ярианаас сонсоход сүүлийн жилүүдэд тоос шорооноос болж маш олон хүмүүс харшилтай болж байгаа бололтой. Саяхан нэг эмчийн зурагтаар тэгж ярьж байхыг сонслоо. Таньдаг мэддэг хүмүүс ч гэсэн хэлж л байна. Хамгийн муухай нь эхлээд ханиад ч юм шиг сонин болж байгаад л тэгээд дараа нь эхэлдэг юм шиг байгаа юм миний харшил лав. Үнэн ёрын эд юм аа. Тэгээд угтаж эмчилгээ хийхгүй бол яг харшил хөдлөөд эхлэх юм бол за бараг тэгээд дуусаа юм байх өө. Эм тан уудаг л гэнэ. Тэр нь нэг ёсондоо хүний тархины ажиллагааг удаашруулж харшлыг нь дардаг юм уу бүү мэд асгүй нойр хүргэдэг, бас дээр нь сульдаа ч юм шиг сонин болгочихдог юм шиг байгаа юм. (Хлорфенамин лав тэгдэг гэсэн). Тэгээд л нэг аргацаасан болоод байж байдаг юм байлгүй. Бүтэн 2-3 сарын турш ингэж зовно гэж бодохоор тэвчихгүй нь ээ. Гадаа гараад сайхан өвс ногоо, нарны гэрэлд байж чадахгүй дампуурна гэж бодохоор л онцгүй санагдаад байх юм. Миний анзаарснаар бол хөлс гаргах ч юм уу тийм идэвхитэй хөдөлгөөн хийвэл тэрхэн зуураа бас намдаад байх шиг байна лээ. Тэгээд л бусад үед нь бол байхгүй шүү дээ. Хамар таг битүү, дээрээс нь хоолой сонин болчихно. Бүүр сүүлдээ ханиад ч юм шиг ёстой  ойлгохгүй сонин өвчин юм аа энэ. Ингэж шаналгаатаж байхаар халуураад хэвтэж байвал хамаагүй дээр ч юм шиг. Ядаж л халуурвал тэгж удаан ядаргаатахгүй шд. Өдөр олигтой юм хийж ч болохгүй бөөн хар ядаргаа.
Анагаах ухааны талаар жаал судалж өөрийгөө аврахаас. Тэгэхгүй бол ч хол явахгүй нь дээ. 

Thursday, July 4, 2013

Удсаны эцэст

нэг пост оруулъя даа. Хараад байхад 3 сараас хойш юу ч бичээгүй тууж яваа юм байна. Энэ өнгөрсөн хугацаанд ямар ч олон зүйл болчихов доо. Ямар ч байсан сургуулиа амжилттай төгслөө. Нэг шинэ алхам эхэлж байна. МУИС-н ЭЗС-г тэр тусмаа ЭЗОТ-г төгсөнө гэдэг үгүй мөн амаргүй даваа юм байна шүү. Гэхдээ миний хувьд бусад хүмүүстэй адилгүй байсан болоод ч тэр юм уу бүү мэд дээ. Ямар ч л гэсэн олон зүйлийг ойлгосон бас шаргуу зүтгэсэн, одоо бодоход өөртөө сэтгэл хангалуун тийм л сайхан байна. Сургуулиа төгсчихлөө. Төгсөхөөсөө өмнө ажиллах газраа олчихлоо. Тэр нь бүр миний хүсч байсан тийм газар. Гэхдээ энэ бүхнийг амжуулахад ч эхэндээ хэцүү байсан шүү. Нүд үнэнч чих худалч гэдэг үгийг нээрээ жаахан өргөн утгаар нь ойлгодог болсон шд. Энэ үг чинь миний бодлоор зөвхөн харсан зүйл үнэн гэдгээсээ илүүтэйгээр өөрийн биеэр туулж жинхэнэ бодит байдлыг өөрөө мэдэрч үзсэний дараа л яг ямар гэдгийг нь жинхэнэ мэднэ гэж ойлгодог болоод байгаа. Бусад хүмүүс нэгэнт л надаас ялгаатайгаас л хойш бүгд өөр өөрийн мэдрэмжээрээ хүлээж авснаа дамжуулдгаас хойш түрүүлж дүгнэлт гаргах хэрэггүй л юм байна лээ. 

Яагаад гэвэл их сургуулийн талаарх ойлголт минь яг энэний тод жишээ болсон юм даа. Сургуульд орохоос өмнө хүмүүс оюутан цаг сайхан гэж ирээд л. Их өлсөнө, мөнгө төгрөг муутай, цаг зав ихтэй тийм л байдаг байсан гэж ирээд л сүрхий ярьдаг байж билээ. Нэг их амьдрал мэддэг царай гаргаж байгаад л. Миний хувьд тийм байгаагүй ээ. Ёстой цаг зав гэж аймшигтай бага гардаг байсан шд. 3-р курс бол тэр аяараа зүгээр л сургууь байсан. Сургууль дээр бараг өдрийн хагасыг тогтмол өнгөрөөж байгаа юм чинь.8 гэж сургууль дээр ирээд 8 өнгөрөөгөөд 9, 10 болгож гэртээ харих ч тийм таатай зүйл биш байна лээ. Хичээлийн 5 хоногийн бараг 3т нь өдрийн хоол идэх завгүй битүү хичээлтэй байсан даа. Дээрээс нь бөөн мөнгө төгрөгөө зарлагадаж байж ээж аавдаа загнуулан байж сурна гэдэг ёстой ямар байсан гэж санана. Хүний буруу хийсэн нэг сонголт хожим юунд хүргэж болохыг би бас ойлгосон доо. Сургуулиас шилжинэ гэдэг чинь мөн ч амаргүй юм билээ. Шилжээд ороход ямар байсан гэж санана. Хичээлээ мэдэхгүй багш нарт загнуулна, нэг жилийн сургалтын төлбөрийг 300%-р төлнө гэдэг эхний жилдээ маш хүнд цохилт болж байлаа шүү дээ. Хичээлээ зүгээр хийгээд явдаг байсан бол бас ч амар байхсанж. Гэтэл дүнгийн асуудал, мөнгө төгрөгийн асуудал гээд гараад ирэхээр сургалтын албатай муудалцана. Дээрээс нь гэрийнхэнтэй муудалцана. Арай гэж олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь надад өгөөд өнөө сурж байгаа нөхөр нь олигтой сурахгүй байна гэдэг гэрийнхэнд үнэхээр аймшигтай байсан байх аа. Утсаар загнуулна Ингээд ирэхээр сэтгэл санаа үнэхээр хөөрхий амьтан болж байгаа юм даа. Харин миний хор шартай зан намайг аварсан шүү. Миний таних хүмүүсээс хамгийн муу нь юм шиг өөрийгөө санах үе байлаа. Гэхдээ удахгүй би ямар болохоо хүмүүсд үзүүлнэ ээ. Удаан ингэж үгнийх нь бай болохгүй дээ гэж бодохоос хааяа уур хүрч, хор шар буцалж, нойр хүрэхгүй байх ч үе байдаг байлаа. Дээрээс нь өмнөх юмаа сураагүй байж энд юу хийж байгаа юм гэх багш нарын үг их зэвүүн сонсогддог байсан шд. Өмнө нь сайн байна гээд л байнга магтуулж байсан хүн чинь тийм үг сонсохоор үнэхээр шоконд ордог юм байна лээ. Гэхдээ нэг юм зүтгэсээр байгаад ард нь гарсан шүү. Гэхдээ хэдий загнаж, уурлаж байсан ч гэсэн тэдгээрт нь одоо баярлаж байгаа шд. Тэгж намайг шахаж байгаагүй бол одоо ямар ч байх юм билээ. За тэгээд их сургууль иймэрхүү завгүй бас маш олон зүйлийн учрыг яг олох олохгүй хоёрын зааг дээр өндөрлөчихдөг юм байна. 

Үүний дараа ажил гэж нэг цоо шинэ зүйл байдаг юм байна. Одоогоор бас бүрэн мэдрээгүй байгаа ч гэсэн ажил хийхэд хүний хичээл, онолын мэдлэгээс гадна хувь хүний шинж чанар ямар чухал юм бээ? харилцааны ур чадвар олон талын мэдлэг гэдэг зүйл их сургуульд төдийлөн хэрэг болох үгүй нь мэдэгддэггүй бол ажил хийгээд эхлэхээр ямар чухлыг нь ойлгож байна. Сахилга бат, тэвчээртэй тууштай зан, сонор сэргэг зан, нийтэч байдал, хариуцлага гээд ер нь тухайн хүн хэн бэ гэдэг нь амьдралд, ажилд амжилттай байхад асар их нөлөөлөх юм шиг санагдаж байна. Бас ажил хийгээд эхлэхээр аав ээжийгээ илүү ойлгодог болоод байх шиг. Өдөр их ядардаг юм шиг байна. Хүмүүсийн хэлж байсан үгүүдийн утга илүү тодроод өмнөх зүйлсээ дахиад нэг хармаар болдог юм шиг л санагдлаа. 

Sunday, March 10, 2013

Харьцангуй давуу тал

Харьцангуй, ба туйлын давуу талын онолоор бол бид өөр өөрсдийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийж түүнийгээ бусад хүмүүсд үнэлүүлснээр олох орлого маань дээшилнэ гэж үздэг байх аа. Гэхдээ нэгэнт л хүн амьдралаас ханамж авч аз жаргалтай байх л зорилготой байдаг болохоор бүх зүйлийг мөнгөөр хэмжинэ гэдэг бас нэг өрөөсгөл ойлголт юм аа. Мөнгөөр хэмжигдэхгүй зүйл гэж цаана нь бас байдаг юм байна. 
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл үр хүүхдийн хүмүүжил, тэдний боловсрол, уламжлал ёс заншил гээд энэ зүйлс яг өнөөгийн манай нөхцөлд орхигдоод байх шиг. Мэдээж хэр чухал, хүнд ажил хийж чадаж байна түүндээ дүйцсэн цалин хөлс авах нь зүйн хэрэг. Гэтэл өнөөгийн эмнэлэг, сургууль цэцэрлэг уг жам ёсоор явахгүй байх шиг. Яагаад гэвэл эрүүл мэндийн үйлчилгээ, суурь боловсролыг төр үнэгүй хангах үүрэгтэй болохоор тэр байх. Гэтэл үр хүүхдүүд, дүү нарынхаа ирээдүйг бодохоор төрийн үүргээ гурилдаж биелүүлдэг нь хичнээн хортой гээч. Эрүүл мэнд болон боловсролын салбарт зарцуулах төсөв бага. Тиймээс ажилчдын цалин бага байх нь тодорхой. Үүнийг дагаад сайн сурагчид багш, эмч болохгүй байх магадлалтай. Хэрэв тийм бол ирээдүйдээ бид чинь мааааааш бага хөрөнгө оруулдаг хүмүүс гэсэн үг юм биш үү. Тэгчихээд одоо хар л даа. Эхнээсээ чадварлаг боловсон хүчин олдохгүй байна. Үнэнчээр ажилладаг сайн ажилчид олдохгүй байна гээд л энэ компаниуд бөөн юм болж байгаам биш үү. Ингээд бодохоор миний бодлоор төрийн энэ дампуу үйлчилгээг хувийнхан зад цохих хэрэгтэй байх. Сайхан эмнэлэг байгуул. Хувийн сургуулиуд байгуулаад чадвартай сайн багш нарыг овоо цалинтай ажиллуул. Эргээд хариуцлагаа ч сайн тооц. Хамгийн гол нь Хэрэглэгчид, үйлчлүүлэгчид нь чанартай үйлчилгээ аваад сэтгэл хангалуун гардаг байг л дээ. 

Миний бодлоор яг энэ боловсролын тал дээр хүн чанар, хүүхдийг хүн болгож төвөлшүүлэх тал дээр манай сургалт муу юм шиг ээ. Дээр үед бол бүгд шахуу гэрээр боловсрол эзэмшицгээж байсан байх. Хөгшчүүл нь үлгэр домог ярьж өгөн ахуйн соёлоороо дамжуулан хүүхдээ хүмүүжүүлж болохгүй зүйлийг нь засч залруулж өгдөг байсан байх. Өөрөөр хэлбэл маш олон багштай нэг хүүхэд дээр тулж ажилладаг байсан байх. Гэхдээ заах арга нь маш олон янз байсан биз.

Гэтэл одоо бид яаж байна. Томчуул нь цалингийн хойноос гараад л хэн нэгэнд үр хүүхдээ даатгаж өөрийнхөө өмнөөс хүүхдийг нь сургаж өгнө гэж найддаг. Хоногийн ихэнх цагаа гэр бүлээсээ өөр хүмүүстэй өнгөрүүлэх тохиолдол ялангуяа шилжилтийн насанд нь хүүхдүүдэд их байдаг байх. Ингээд л хүн чанар, ёс зүй гэх мэт дээр доголдолтой хүмүүс бий болдог байх. Төлөвшил муутай байна гэдэг ирээдүйд нь асар их хортой байх гэж би боддог. 

Тиймээс иймээс ирээдүйд одоогийн зааж байгаа программ дээрээ хүүхдийн төлөвшил, соёл уламжлал зэрэг илүү дотоод хүнд нь чиглэсэн сургалт нэмсэн тийм хувийн сургуулиуд олноороо байгуулагдаасай гэж би хүсдэг. Аль аль талаасаа их сайн бизнесс байх шүү. Чамгүй ашигтай ч байх магадлалтай гэж би боддог. 
Ер нь нуулгүй хэлэхэд би ирээдүйд өөрийн гэсэн сургуультай болно гэж мөрөөддөг. Сургуулийн захирал болоод яг миний хүсдгээр хүүхдүүдэд боловсрол олгодог багш нартай тийм сургууль байгуулаад хүүхэд бүртэй тулж ажилладаг тийм сайхан сургуультай болно оо. 

Аа бас нээрээ манай компаниуд боловсон хүчнээр дутагдаж байгаа учраас өөрийн компаний хажууд МСҮТ ч юм уу, их сургууль ч юм уу ямар нэгэн аргаар боловсон хүчнээ өөрсдийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх гарцыг хайж байгаа юм билээ. Яагаав нөгөө Янь сунь дээр гардаг шиг. Сургууль д сураад дараа нь ажлын байр нь шууд бэлэн. Эсвэл нэг номерын сонголт нь тэр компани нь байдаг ч юм уу. Энэ туршлага амжилттай нэвтрээд эхэлчихвэл бас л нэг дэвшил шүү.

Thursday, February 28, 2013

Дадлагын тэмдэглэл

За тэгэхээр би гэдэг хүн 2 сарын 5-аас эхлэн Монголбанкинд дадлага хийлээ. Сайхан байна. Удахгүй дадлагын хугацаа маань ч дуусах гэж байна. Өнгөрсөн сар шахам хоногт би их л юм ойлголоо гэж өөрийгөө дүгнэж байгаа. Ажил гэдэг онолоос тэс өөр юм байдаг гээд байдаг өрөөсгөл ойлголт гэдэг нь шууд л харагдаж байлаа. Ялангуяа ЭЗ-н хувьд бол. За тэр ч яахав бараг ойлгомжтой. Түүнээс гадна олж харсан зүйл маш их байна аа. Юуны түрүүнд байгууллагын соёл, хамт ажиллагсдын нөлөө тухайн нэг хүнд асар их тусдаг юм шиг байна. Орчин ямар байна хүн тэрэндээ тодорхой хэмжээгээр уусдаг л юм байна. За товчхондоо бол энд ажиллаж байгаа хүмүүсийг харахад "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг үг санагдаж байлаа. Залуухан мөртлөө мэдлэг, үзэл бодол, түүнээс гадна өөрийгөө илэрхийлэх, биеэ авч яваа байдал зэргээр үлгэр дууриал болохоор хүмүүс их олон байх юм. 

За ингээд өөрийнхөө хэмжээнд олж мэдсэн туршлагаасаа бичье. ЭЗО-н хувьд бол энд ажиллаад нэг их нэмэгдээд байсан юм алга аа. Үнэнийг хэлэхэд манай багш нар онолын мэдлэгээр бол нэг их дутаадаггүй юм шиг байна. Харин түүнийгээ хүнд яаж илэрхийлэх вэ? гэдэг бол шаал өөр асуудал юм байна. Жишээ нь монгол хэл. Оновчтой үгээр утга санаагаа төгс сайхан илэрхийлж найруулан тайлагнах гэдэг эцсийн дүндээ их чухал ажил. Хэдий чадвартай мэргэжилтэн ч гэсэн хийсэн зүйлийг чинь хүн ойлгохгүй л бол тэгээд чи хэнд ч одоохондоо хэрэггүй гэсэн үг товчхондоо бол. За үүнийг ойлгуулахын тулд хүснэгт, график гэдэг зүйлс ёстой л амин чухал зэвсэг юм байна. Ялангуяа график. Эксел дээр байдаг графикууд бол зүгээр л хог юм байна. Хүнд үзүүэхэд асар уйтгартай өнгөтэй. За тэгээд график байгуулна гэдэг чинь их чимхлүүр ажил ихтэй бас дээр нь бодит зүйлийг байгаагаар нь ойлгомжтой харуулахад их чухал үүрэгтэй. Хүнд ойлгуулахын тулд бодох юм асар их байдаг юм байна. Сая л ойлголоо. Хийж байгаа юмаа харуулаад яагаад ингэж хийснээ тайлбарлахад нь өөрийн эрхгүй мишээгээд л үнэхээр тийм ойлгомжтой сайхан санагдаж байгаа юм чинь. Үүнээс гадна хүн өөрийнхөө одоогийн түвшинд сэтгэл ханалгүй үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй юм байна. Гэхдээ ганцаараа биш бүлгээрээ. Багаар ажиллах гэдгийн үр дүн, гайхалтай бүтээмжтэй байдлыг олж харлаа. Мэдээж түвшин ойролцоо хүмүүс бие биендээ ямар их тус дэм болдог гэж санана. Ажилдаа хамгийн өндөр бүтээмжтэй байгаа хүний аргад тэр багийн хүн бүр суралцана. Бас хоцрохгүйг хичээцгээнэ. Хамт ажиллахад хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай ийм хамт олон дунд байх сайхан л юм. 

Үүнээс гадна цаг заваа хайрлалгүй надад үнэтэй зөвлөгөө өгч байсан хүмүүст би чин сэтгэлээсээ талархаж байгааагаа хэлмээр санагдаж байна. Богино хугацаанд олон зүйлийг ойлгож чадсан явдалдаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юун. 

За тэгээд цааш байгууллага талаасаа гэвэл мөн л сайхан зүйлс олон байна аа. Орчин үеийн дэлхийн хэмжээнд ашигладаг эх сурвалжуудыг чөлөөтэй ашиглах боломжтой. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэн гадны семинар, сургалтанд хамрагдах боломжтой. Дээрээс нь эрүүл мэнддээ анхаарч спорт тоглоом наадам зохион байгуулах гээд ер нь бүхий л зүйл нь маш сайхан санагдаж байлаа. Энэ бүгд юу илэрхийлээд байна вэ гэвэл боловсролтой хүмүүсийн цуглуулга ямар сайхан байдаг юм бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. 

Өмнө нь хүмүүсийн ярьдгаар оюутан бидэнд тийм айдас байдаг даа. Яваад очихоор учиргүй баахан дээрэлхээд л. Цаас үзүүлээд, кофе зөөлгөөд, ийшээ тийшээ юманд зараад л дадлагаас ер нь юу ч сурдаггүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл энэ Монголбанкинд лав худлаа юм шиг байна. Бид нар эсвэл азтай оюутнууд юм уу нэг бол тийм байдал багасч байгаа хэрэг үү үнэндээ одоогоор онцын санаа бодол алга байна. 

Энэ хугацаанд миний мэдсэн нэг том зүйл бол ажил хийхэд зөвхөн мэргэжлийн чадвараас гадна тухайн хувь хүний шинж чанар маш чухал гэдгийг ойлголоо. 

Friday, January 11, 2013

Социализмийн зүг урагшаа

гэх гээд байгаа юм уу хаашааеийн. Бүр сүүлдээ ойгохоо ч байлаа. Бөөн хязгаарлалт, хориглолт, болох гээд байгаам биш үү. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт, буруу рультэй машиныг хязгаарлана, одоо сүүлдээ бүр сэтгэгдэл бичихэд хүртэл хязгаарлалт хийхийн байх даа. Тэгсэн зарим мэдээлэл авдаг сурвалжууд маань одооноос нийтлэлүүдээ хаалттай болгож ч байх шиг. Хэтэрхий ингэж хүлүүлж баглуулж байгаа юм шиг бөөн хар лайн дунд одоо биднийгээ амьдруулах гээд байгаам байх даа. Сайхан чөлөөт нийгэм, чөлөөт зах зээл, эрх чөлөө ардчилал гээд байсан гарууд одоо юу болоод байгаа юм бэ? Яахав зарим хэдэн зүйл нь зөв ч юм шиг санагдаж байснаа сүүлрүүгээ нэг л биш ээ. "Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр яг одоо яах гээд байгааг нь бүр ойлгохоо байлаа. Өөрсдийгөө хэн гэж бодоод байгаан. Тэгээд бас яана гэнэ үү? Сүүлдээ хүмүүс гэр бүл болохдоо зөвхөн монголчууд хоорондоо сууна ч гэх шиг. Одоохондоо яригдаж байгаа нь бол Төрийн том албан тушаалтнуудын хувьд гэж санаачлах юм гэсэн. Тэгээл гар бариад бугуй барихаар юм болох байлгүй. Ер нь энэ сайхан гаруудаас зүгээр л бид нарт лай бололгүй бас итгэлтэй амьдрах баталгаа гаргаад л өгчихөөс өөр нээх царай алдаад байх юм уг нь байхгүй шд. Нэн шаардлагатай зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлээд дэс дараагаар нь хурдхан шийдээд явж болдоггүй л юм байх даа. Миний бодлоор энэ боловсрол, эрүүл мэндийн салбар нь л ёстой гамшигийн байдалд хүрчихээд байхад юун элий балай сэтгэгдэл энэ тэр. Хэнд хэрэгтэйн тэр ер нь.  Тэр хариуцаж ажиллуулдаг админууд нь таалагдахгүй бол усгаал байдаг программ ашиглаж дөнгөхтэйгөө байлгүй дээ. 

Боловсрол, эрүү мэндийн салбар бол минийхаар ингээд нааш цааш нь үсчүүлж гүйгээд байхаар юм огтоосоо биш. Хариуцсан тусдаа газар байгуулаад тэр нь энэ сонгуульд хэн ялахаас үл хамаарсан урт хугацааны тогтвортой бодлоготой байдаг баймаар. Тэгэхгүй нэг нөхөр ирээл тэс өөр юм ярьж дураараа дургиж дургиж баахан мөнгө цохиж оцойж овойж байгаад л явдаг. Ганцаараа биш бүр бүтэн арми бүрдүүлж бөөн халаа сэлгээ хийж байж тэрийгээ хийнэ. Тэгээл дараагийн ээлжинд энэ байдал дахиад л үргэлжилнэ. Ингээд дээдэх нь суудлаа олохгүй байхаар доодох нь яаж гүйдлээ олох вэ дээ. Тэгээд бас манай боловсролын түвшин муу, японоос 100-д жилээр хоцорч байна гээд байгаамдаа. Энэ эрүүл мэндийн даатгал, эмчилгээ эдр бол үнэн элгийн. Татвар төлж, бидний мөнгөөр амьдралаа тэжээж яваа гарууд өөдөөс загнаал, хашгичаал хаа сайгүй ер нь ийм. Авч байгаа мөнгө нь өөрт ч юу ч болдоггүй болоод л таарсан үйлчилгээг нь үзүүлж байгаа нь тэр байх. Хэтэрхий данхар юм чинь яахав нэгжид ногдох нь бага. Тэгээл юу  юу ч үгүй. Бөөн хүнд суртал, танил тал. Энэ бүхэн хэзээ нэг зогсох юм бол доо? Би л тийм байхгүй, тийм хүмүүсийг жигшин өөрөөсөө эхэлж ийм заваан юмыг хүлээн зөвшөөрөхгүй ээ.

Friday, January 4, 2013

Нийслэл Хүрээ-Улаанбаатар

Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэх болсон тогтоол гэнэ ээ. Ямар ч гоё бичдэгийн. Нэг жиргээчийн олсныг харсын.

Отгон бичлэг

Шинэ он гарсаар анхны бичлэгээ хийх гэж байна. Өнгөрсөн он ч надад туйлын ээлтэй сайхан жил байлаа шүү. Хичээл номын хувьд зүгширч сайхан болоод шинэ шинэ дэвшлүүд ч надад гарсан гэж үзэж байгаа. Чухам юунаас эхэлвэл дээр юм бэ дээ байз? За за шууд хугацааны дарааллаар нь урсгаад байя. 
Хамгийн эхлээд хичээл номондоо хамаагүй их цаг зарцуулах болсон. Хэдий золиослосон юм нь багагүй байсан ч гэсэн. Үр дүнг нь ч тэр улиралдаа амссаан. Дүнгээ ахиулж голчоо өсгөсөн. Хүмүүс анги дэвших тусам голч оноо нь буурдаг ядаж л нэг их өсдөггүй байхад минийх харин эсрэг чиглэлд нь яваад байгаам. Ххэ би мундаг байна уу? Хха тэрэндээ биш ээ. Анхандаа миний дүн аюулын муу байсан болоод л тэр. Одоо сүртэй нээх гоцорчихсон юм алга. Ямар ч байсан арай л дээр болсон. Хичээл номын хувьд нэг иймэрхүү байна. 
За тэгээд дараагийн зүйл нь юув гэвэл мэдээж мэргэжлийн тал дээр илүү их зүйл мэддэг болсон. Тэрийгээ дагаад ч юм уу маш их юм унших сонирхолтой болсон. Сонирхол төрнө гэдэг чинь тэр чиглэлдээ амжилт гаргахын нэг дохио байх гэж боддог л доо. Тийм ч учраас өөрийгөө удахгүй бүүр мундаг болох байх гэж боддог. Богино хугацаанд бол бага зэргийн гажих юм байлгүй л яахав. Тэхдээ урт хугацаандаа бол өсөх, бүр про болох эерэг трендтэй л явж байгаа болов уу. Аан бас хэд хэдэн техникийн шинэчлэл хийгээд амжиж. Юутай ч гайгүй лаптом, утас хоёртой болсон нь нөгөө өгөөд байсан 70-н ач шүү дээ. Хурааж хурааж байгаад бас зун жоохон юм хийж олсон мөнгөө нийлүүлээд нэг юм болгочихсон. Энэ чинь бас давгүй юм шүү. 
За тэгээд гэрийнхэн дүү нар, ах эгч нар гээд манайханд энэ 2012 он чинь их л өгөөжтэй сайхан он байлаа. 
Би лав судалгаанд, сурталчилгаанд ажиллаж үзлээ. Бас Монгол орныхоо баруун аймгуудаар явж үзлээ. Хичнээн сайхан байсан гээч. Ёстой сэнгэнэсэн сайхан агаар, усны хоржигноон, сугсарсан өвстэй хөндий, цэнгэг сайхан Хөвсгөл нуур, мөнгөн тэргүүнд Отгонтэнгэр хайрхан, Хархираа уулс гээд л одоо ч нүдэнд минь харагдах шиг болж байна даа. Энэ сайхан байгаль, нутаг усаараа бахархах сэтгэл ч төрсөн. Цаашдаа ер нь зун болгон ингэж аялж байвал тун зүгээр юм байна гээд манайхан бүр амташчихсан. Энэ зун Сүхбаатар аймагт очиж Алтан овоо, Ганга нуур гээд сайхан газруудаар явах төлөвлөгөөтэй байгаа. 

Оны сүүлийн өдөр би юу хийж байлаа. Аан тийн хха. Үнэн алиа юм болсон. Манайхан эмээ дээр очиж бөөнөөрөө он гаргана гээд. Би тэгсэн хийж өгөх бие даалттай байдаг. Муу хэрэглээний эконометрикс гэдэг хичээлээс болж баярын настр байхгүй оноо гаргасан даа. Гэхдээ яахав ээ. Тэгээл 2013 он улаан галзуу хичээл хичээл гээл гүйгээд байх юм байлгүй. Тэгж байвал би нээх харамсахгүй л дээ. За өнгөрсөн он нэг иймэрхүү л өнгөрлөө дөө. Ирэх 2013 он үнээс ч илүү сайн сайхан зүйлсээр дүүрэн байх болов уу гэж найдаж байна.