Wednesday, September 26, 2012

Хөдөлмөрийн экономиксийн талаар

Хөдөлмөрийн экономикс гэдэг хичээлд сууж байна. Үнэндээ бол мэдээжийн юм заагаад байгаа юм шиг мөртлөө тэр мэдээжийн юман дотор чинь сурах юм бас маш их байдаг юм байна шүү хө. Жоохон юмыг ч гэсэн бүрэн гүйцэт сурвал их хэрэгтэй гэдгийг ойлгоод ч байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Яагаад тэгсэн бэ гэвэл эдийн засгийнхан бидний аль 1,2-тоо үздэг хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн энэ тэрийг чинь яг амьдрал дээр хэмжихэд их хэцүү юм байна. Тэгсэн мөртлөө дээр нь аймар хэрэгтэй тийм үзүүлэлт гэж байгаа. Ингээд бодохоор л судалгаа гэдэг хямдхан боорцог биш байгаа юм даа. Иймэрхүү юман дээр л толгойгоо ажиллуулж байж бусдаар ялгарч бас миний хийсэн ажлын үнэ цэнэ тэндээ оршдог юм болов уу? Гэхдээ бидний одоо онолоор үзээд байгаа юм болгон бараг бүгдээрээ л амьдрал дээр шууд хэрэгжихэд үнэндээ хүндрэлтэй юм байна аа. Тэрийг нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг чинь л бидний чадварыг шалгах асуудал болоод байх шиг байна даа.

Энэ хичээлийг манай тэнхмийн лагуудын нэг Отгонтөгс багш ордог болоод ч тэр үү их л сонирхолтой юм шиг санагдаж байгаа. Аль дээр мэдсэн юмаа заалгаж байгаа мөртлөө амьдрал дээр ингэж хэрэг болдог гэж санаагүй л явж байсан байхгүй юу: Тэгээд дээр нь хичээлийнхээ хажуугаар бид нарт хэрэгтэй юм их ярьж өгөх байх гэж найдаад л байгаа шд. Ямар ч байсан найдсан минь талаар өнгөрөхгүй шинжтэй. Өнөөдөр гэхэд л эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн АШИГЛАСАН МАТЕРИАЛ-н жагсаалтаа яг стандартын дагуу зөв бичиж байхгүй бол ямар эвгүй муухай байдгийг мэдэж авлаа. Мастер, докторуудад заадаг болохоороо Отгоо багш дээр хоёр магистант л ирж байх шиг байна лээ. Багш бүр нилээн уурлаад гаргаж байсан. Тийм болохоор ийм эвгүй байдгийг мэдсэн болохоор хойшид анхаарах болно оо. Лекцийн сүүл хавиар Отгоо багшийн хэлсэн нэг санаа надад их чухал юм шиг санагдсан. Багш нарын хичээлийг юу ч зааж байсан бай ХЭРЭВ ТИЙМ БИШ БОЛ ЯАХ ВЭ? гэж байнга бодож бай гэж хэлсэн. Ер нь энэ нь Critical thinking гэдэг зүйлийг төлөвшихөд их тус болдог гэнэ лээ.

Аа бас өнөөдрийн нэг хөгтэй юм Олон улсын санхүү хичээл дээр болсон юм байна. Labor economics орохын өмнөх цаг дээр бид нарт лекц орсон юм л даа. Ханш хэрхэн тогтох талаар. Надад ч урьдын мэддэг юм байсан болохоор их гайгүй сонсоод л суугаад баймаар санагдаж байлаа. Тэгсэн багш хүүгийн паритетийн талаар яриад л ВЗЗ-н тэнцвэр лүү ороод явчихлаа. Тэгснээ бид нар бүгдээрээ нэг балай юман дээр толгойгоо эргүүлээд 20 мин орчим боллоо. Дараа бодсон чинь инээдтэй. Нэг валютын эрэлт өсөхөөр тухайн үеийн ханшид нөлөөлөх юмыг ханшийн хүлээлтэд нөлөөлнө гэж бүгдээрээ бодоод төөрөлдөөд байсан байгаа юм даа. 

Thursday, September 20, 2012

Сүүлийн жил

Их сургуульд сурах сүүлийн жил маань эхэлчихсэн явж байдаг. Одоо манайхан бол сургууль дээрээ хэд хэдэн ажил зохион байгуулах ёстой юм гэнэ. Тэрний хамгийн эхнийх нь тэнхмийн намрын зугаалга юм байна аа. Зиа тэгээд миний хувьд хамгийн эхний бөгөөд эцсийн тэнхмийн зугаалга болох гэж байгаа юм байна. Гоё л санагдаж байна. Ноднин бас л яагаад ч билээ ямар ч байсан л явж чадаагүй. Энэ жил харин ч эртнээс хүмүүст хэлж ажил төрлөө зохицуулсаар байгаад явна даа. За тэгээд энэ зугаалгын дараа сагсны тэмцээн, өөр бас юу юу ч билээ 2, 3 юм зохиох л юм шиг байна лээ. За тэр ч яахав. Бас нэг сайхан ч юм уу муухай ч юм уу нэг юм байна. Тэр нь дадлага. Дадлагаар ажиллах зарим хүмүүсийн хувьд гоё юм шиг, харин заримынх нь хувьд онцгүй ч юм шиг нэг тиймэрхүү байдаг бололтой. Ихэнх хүмүүс ирээдүйн ажлаа олох маш том боломж гэж боддог байх. Харин миний хувьд одооноос нэг зууралдаад жоохон идэвхитэй энд тэндхийн хүн амьтантай уулзаж санал бодлоо солилцож үздэг юм билүү гэж бодож байна. Миний бодлоор бол яг юу хайж байгаа вэ гэхээр надад зүгээр хэрэгтэй байгаа зүйлээ хэлчихдэг, бас тулгараад байгаа асуудлаа эдийн засгийн талаас нь танилцуулчихдаг тэгэнгүүт нь би тэр дагуу нь байж болох шийдэл, арга зам юу байна тэрийг нь үзсэн зүйлсээ ашиглаад олж өгдөг, багш нараасаа зөвлөгөө авдаг, тэрнийхээ далимаар өөртөө туршлага хуримтлуулдаг дээр нь оновчтой гоё шийдэл олж өгснийхөө төлөө хэд гурван төгрөг авчихдаг ийм л гоё юм мөрөөдөөд байна даа. Үнэнийг хэлэхэд иймэрхүү юм хийнэ гэвэл миний санаанд  одоо үнэхээр багтаад байгаа юм л даа. Даанч хүмүүсийн хоорондын тэгш бус мэдээлэл гэж гайгаас болоод намагй тэгж сайхан ашиглах газар олдохгүй л байгаа болохоос. Харин тийм болохоор одоо өөрийгөө хүмүүст бага ч болов таниулж тэр зовоогоод байгаа юмыг үгүй хийх л хэрэгтэй байгаам даа. Гэхдээ хүмүүсийг хараад байхад гайгүй хүмүүстэй ярилцаад харилцаа холбоо сайтай байдаг нөхдүүд маань тиймэрхүү юм аа олоод хийчихээд байх шиг байна даа. Хажуунаас нь харахад сайхан л харагдаж байна. Гэхдээ би юугаараа дутах вэ амьдрал сайхан л байна шд. Харин илүү сайхан руу хүн угаас тэмүүлж байдаг хойно зүтгээд л байдаг хэрэг дээ. 

Гэхдээ энэ бүхний цаана нь нэг шалтгаан байгаа. Юу вэ гэхээр ажил дээр гараад чухам ямар байдаг бол гэдгийг л мэдэх хэрэгтэй байна. Ямар нөхцөл байдал, юу биднийг угтаж авах бол? Энийг одоогоор нэг их сайн мэдэхгүй л байна. Хүн ер нь мэдэхгүй юмнаасаа л айдаг гэдэг биз дээ. Мэдэхгүй болохоороо ч гэсэн би айгаад байгаа юм байлгүй дээ. Цаанаа л нэг юм бодогдоод  эртхэншиг оролдоод үз гээд намайг хатгаад байгаа юм даа. 

Thursday, September 6, 2012

Аялалын тэмдэглэл №3

За ингээд адал явдалтай тэр нэг өдрийн дараагаар бидний аялал Хөвсгөл нутаг руу чиглэсэн юм даа. Ингэж явахдаа замдаа бас л мөн олон гоё газруудаар явлаа. Өчигдөр оройны тухгүй байдлаа бушуухан дуусгаж машинаа асаагаад Тунгалаг Тамирын голын хөвөөг зорьлоо. Голын эрэг дээр айлд хоол хийж идээд бага зэрэг амс хийчихээд тэр нутгийн хүмүүсээс газар орон асуугаад замдаа гарлаа. Бидний очих хамгийн эхний газар бол Тайхар чулуу байлаа. Архангай аймгийн Их тамир сумын нутагт байдаг тэр чулуу бараг 5 давхар байшин шиг өндөртэй бөгөөд ганц том ургаа чулуу тал дунд ганцаархнаа байх нь сонин. Тийм сонин сайхан зүйлийг харин бид арай дэндүү бүдүүлгээр ашигласан гэхэд болно. Очсон хүмүүс шаал дэмий эрээчиж сараачсаар байгаад түүх дурсгал агуулсан сүг зураг, бичиг зэрэг нь сайн харахгүй бол барагтай л үзэгдэхээ больсон байлаа. Харин хүмүүсийг ярьж байгаа нэг сонирхолтой зүйл нь жижиг чулуунд хүслээ шивнээд Тайхар чулууг давтал нь шидэж чадвал тэр хүсэл нь биелдэг гэлцэх юм билээ. Бид хэд ч туршаад үзсээн. Орой дээр нь бол гаргачихаж байна лээ. Харин давуулж чадаагүй ээ. За тэгээд тэнд жуулчид амарч зугаалж яваа хүмүүс бишгүй л олон байлаа. Яг хажуухандаа жуулчны баазууд байсан болохоор хөл хөдөлгөөн ч их л юм байна лээ. За тэгээд дараагийн замдаа орлоо. Дараагийн маршрут бол Тэрхийн цагаан нуур байсан юм. Бас л том нуур байна лээ. Нуурын захад нэг буудалласан. Өглөөний аймар их бороо, өтгөн үүлс биднийг нууран дээр очиход байхгүй болж тэнгэр цэлмэж эхэлж байлаа. Би лав урьд нь тийм их нуур ус харж байсан биш. Уур амьсгал нь ямар байх талаар төсөөлөл ч алга байлаа. Харин машинаасаа буутал нартай мөртлөө жихүүцмээр салхитай байлаа. Харин салхи нь нуураасаа салхилдаг юм шиг байна лээ. Ямар ч байсан гоё байсаан. Усны шувууд ганганалдаад л. Эрэг нь хайргатай сайхан л нутаг байна лээ. Харин тэр үед Сувдаа эгч, Цээгий эгч хоёр маргалдаад бид хэдийн уур амьсгал тийм ч таатай биш байсан. Юу нь болохоо больчихсон юм бүү мэд. Ер нь бол аль альнаас нь л болсон байх. За тэгээд нуурын хөвөөнд нэг үдэлчихээд цаашаа замдаа гарцгаалаа. Ер нь хараад байхад сарлаг, хүрмэн чулуу хоёр энд бол ёстой их юм билээ. Яван явсаар байгаад харанхуй болоход Архангай аймгийн Жаргалант суманд орж ирлээ. 

Гэхдээ яг сумын төвийн наахна талд их лүглийсэн том том модтой ойн цоорхойд нэг хөөрхөн бааз байлаа. Бид нар ч бүгдээрээ бага зэрэг зутарч байсан юм байлгүй бүгдээрээ л бөөн баяр! Тэндээ юмнуудаа буулгаад сайхан цуйван хийж идээд гоё байлаа. Тэр газар лав надад үнэхээр таалагдсан шүү. Шөнө нь гэрэлтүүлэгтэй, дээр нь халуун хүйтэн ус, боловсон 00-той гээд ёстой дажгүй газар байсан. За ямар ч байсан нэг өдөр энд ингэж тухтай хоноцгоосон юм даа. 

Tuesday, September 4, 2012

Аялалын тэмдэглэл №2

Манай аялалын хоёр дахь өдөр бороогоор эхэлсэн юм. Өглөө сэрэхэд бороо орж л байлаа. Зөөлөн шиврээ бороо үд болтол орлоо. Бид хэд ч яахав майхан доторх юм аа цэгцлээд л. Эрчүүд нь ачаа бараагаа янзлаад эмэгтэйчүүд нь хоол ундаа хийгээд өглөөний цайгаа ууцгаангуутаа хөдөллөө. Тэр өдөр яагаад ч юм бэ миний хамраас цус гараад л байсан. Байс хийгээд л... Олигтой тогтож өгөхгүй тиймхэн байсан. Харин тэндээсээ гараад энэ зуны турш миний нүдэнд харагдаастай салахгүй байсан тэр сайхан газрын зүг хөдөлцгөөлөө. Өглөө үүлэрхэг бороотой байсан бол харин Улаан цутгалан дээр очиход нар гараад их сайхан уур амьсгалтай байлаа. Хүржигнэн нүргээтээд л... ай даа мөн ч сайхан байсан шүү. Хур бороо ихтэй жил байсан болохоор бүр ч сайхан харагдаж байсан байх. Бараг 12 давхар байшинтай тэнцэхээр өндөр дээрээс голын ус тонн тонноороо унана. Хүрхрээний тэр булан тохой газарт усны тоосонцортой. Нартай бол тэнд нь солонгороод л мөн ч сайхан харагдна шүү дээ. Угаасаа тэр хавийн газар нь том чулуу ихтэй юм билээ. Тэр тусмаа хүрмэн чулуу бүр ч их. Харин яг тэрхэн хэсэгтээ бол гайгүй ч юм шиг. Цаашаа явахад бол бүр ч их болж байсан санагдаж байна. Яг хүрхрээнийх нь дээрээс доошоо харахад толгой эргэм аймар ч юм шиг заримдаа бол холоос гүйж ирээд шууд үсрээд усруу нь орчихмоор ч юм шиг нээх сонин байсан шүү. 

Тэгээд тэндээ жаал сайхан байж байж зураг хөргөө татуулж бөөн юм болцгоож байгаад хөдөлсөн дөө. Ингээд бид хэд тэндээс гараад цаашаа бас л нилээд явсаан. Харин хамгийн онцгүй нь тэр шөнө майхан сав, хөнжил гудас гээд манай юмнууд нойтон байсан болохоор машиндаа аргалаад унтсан. Тэр нь Архангай аймгийн Цэцэрлэг хот шүү. Харин тэр Цэцэрлэг гээчрүү чинь очих гэж гүйэ мөн ч их юм туулсан даа. Хоёр уулын хооронд орших битүү намаг болсон хөндийг гаталсан шүү дээ. Ээ бурхан минь! Тэнд нэг л шаварт суувал гарна гэж саналтгүй тийм лайны газар байсан шүү. Нутгийнхан нь ч тэрүүгээр явахаасаа айдаг юм билээ. Тэгээд бороо устайд бол за бүр ч гонжийн жоо. Тэгсэн бид нар шөнө нь гэрлээ асааж гэрэлтүүлээд замыг нь харж аль гайгүй хэсгийг нь бараадан явсаад байгаад тэр хөндийг барага өөрсдөө явган туулаад машинаа л гаргаж ирсэн гэхэд болно дөө. Тэгж тэр намагтай хөндийгөөсөө гараад хар замаар ордог юм байна. Дасал болсон хар зам минь диваажин шиг л санагдаж байсан шүү тэр үед. Засмал зам дээр гарч ирээд бөөн ядарсан нөхдүүд машиндаа унтаад л явцгаасан. Харин жолоо барьж байгаагаараа Цээгий ах л хэцүү байсан байх. Тэгж тэгж нэг юм Цэнхэр сум өнгөрч гараад цаашаа Цэцэрлэг орж тэндээ хоноглосон доо. Миний хувьд лав энэ аялалын хамгийн гоё бас хамгийн хэцүү хоёр юм давхцсан дурсамжтай өдөр байсан шүү. 

Аялалын тэмдэглэл №1

Энэ зуны аялал ч адал явдал, сайхан зүйлсээр дүүрэн байлаа. Олон ч сайхан газраар явлаа, их ч юм үзлээ бас дээр нь Монгол сайхан орноороо бахархах сэтгэл төрлөө. Зарим зүйл дээр эмзэглэх явдал ч тохиолдож л явлаа. Ингээд өөрийн сайхан аялалын дурсамжаасаа бичиж үлдээхээр шийдлээ. 

Бидний аялал бага зэргийн барцадтайгаар эхэлж байлаа. Хол замд гарах гэж байгаа болохоор унаа машинаа найдвартай байлгах нь бидний хамгийн чухал зүйлсийн нэг байсан юм. Тэгээд өмнө нь зүгээр байсан мөртлөө гэнэт нэг зүйл болохгүй байсныг анзаарч машиныхаа тэр зүйлийг үзэж янзалсаар байтал нилээд орой хөдөллөө. Ингээд сайхан яваад байлаа. Эхний өдөр, бас дээр нь удаан хотоос гараагүй байсан бид хэд сэтгэгдэл нилээд өндөртэй явцгааж байлаа. Нилээн олуулаа явж байсан болохоор ачаа бараа ч ихтэй явцгааж байлаа. Харин явахаасаа өмнө машиндаа шинээр ачаа хийгэсэн байсан юм. Явахаасаа өмнө нэг ч удаа юм ачиж үзээгүй л дээ. Тэгсэн бас багахан проблем учраад бага зэрэг саатлаа. Гэхдээ ч гайгүй л дээ. Удалгүй цааш замдаа гарцгаасан. Иймэрхүү маягаар аялал маань бага зэрэг хөгтэй эхэллээ. Харин үүнээс хойш сайхан байсан л даа. Машиндаа явсаар элсэн тасархайгаар дайран цаашаа гарч Улаан цутгалангаас 10-аад км газрын наана эхний хоногоо өнгөрүүллээ. Харин хачирхалтай нь биднийг очих газар бүрт бороогоор угтан нараар үдэж байлаа. Ингээд тэр шөнөдөө хоёр майхнаа дэлгээд сайхан байлаа. Ачаа бараагаа буулгаад хоол ундаа хийж идсэн шиг нээх гоё зугаалж яваа юм шиг мэдрэмж жинхэнэ утгаараа төрж байлаа. Харин шөнөдөө бороо ороод бага зэрэг тухгүй байсан л даа. Яг үнэндээ бол эхний өдөр бага зэргийн түгшүүртэй ч юм шиг сонин өдөр байсан шүү. Хөгтэй өдөр гэж л эхний энэ өдрийг хэлэх байх. Оройхон гарсан болохоор үзэх сайхан газруудаа үзээд л нилээн газар хороохоор шийдээд байлаа. Тэгээд явж байгаад бараг шахуу хамгийн эхэнд таарсан голын шаварт машин мостоороо тулаад суучихдаг юм байна. Энэ өдрийн уур амьсгалд би нэг л дургүй цаанаа ямар нэгэн учиртай ч юм шиг огт явж болохгүй байлаа. Харин дараа нь учрыг нь мэдсэн л дээ. Тэгээд ноцолдож ноцолдож нэг юм тэндээсээ гараад цаашаа явж байгаад өнөөх хоноглох газраа хүрсэн нь тэр. Эхний хэдэн өдөр явж дасаагүй болоод ч тэр үү ачаа бараагаа буулгаж маргааш өглөө нь ачаалах гэж бараг худалч хүнд өдрийн талыг авч байлаа. Дээр нь агаарт гараад нөхдүүд нам цохиулж байгаа юм чинь. Тэгээд унтаж босоод хөдлөх гэсээр байдал үд болж байгаа юм даа. Ингээд эхний нэг өдөр нэг тиймэрхүү хөгтэй, болж өнгөрсөн юм даа.