Saturday, December 20, 2014

Үзэл бодлоо илэрхийлэх нь...

Энэ бол миний халдашгүй эрхүүдийн нэг яах аргагүй мөнөөсөө мөн. Бодол хөвж жаахан суув. Бодоод бодоод барахгүй их зүйлс хөврөөд л байх юм. Ингэж бодон бодсоор бухимдлыг минь төрүүлээд байгаа нэг зүйлийг хуваалцахаар шийдлээ. 

Улс төр ч гэх юм уу? Одоо юу гэмээр юм төрийн алба ч гэх юм уу бүү мэдээ энэ бүхний дунд нь хутгалдаж, сайн мууг нь ажил дээр гараад л бага сага мэдэрч эхэлж байна. Тогтолцоо маань яаж ажилладаг болохыг? Юу юу нь хүмүүсд чөдөр тушаа болоод байгааг, ямар ашиг сонирхол үйлчлээд байдгийг гээд л. Мэдлэгтэй хүмүүс яаж үнэлэгддэгийг, манайхны сонин тийм хэнэггүй байдал, цөөхөн болоод овжин, өөдгүй хүмүүсийг яаж өөгшүүлж байдгийг бага сага гадарладаг л болоод байна гэж бодох юм. Миний дургүй хүргээд байгаа хэд хэдэн зүйлийг өөрийн анзаарсантайгаа холбоод хэлье. 

  1. Эрх мэдэл. Энэ зүйл төр засагт яаж үйлчилдэг болохыг ингэж анзаарлаа. Хамгийн наад захын жишээ гэвэл ажилтан авах, халах асуудал дээр л илэрдэг. Мэргэжил, чадвар, тухайн хүний зан чанар, сэтгэл зүтгэл ямар байх хамаарахгүйгээр танил тал, харж наймаа тохироо байдлаар хүмүүс авдаг энэ жишиг бүр нийтдээ хавтгайрсан юм шиг. Бүр нэг улаан цаймдаа гарчихсан. Хэнээс ч санаа зоволгүйгээр үүнийгээ хийдэг, бүгд мэддэг мөртлөө юу ч хэлж чадахгүй арчаагүй байдагт нь гайхмаар л юм.
  2. Хөшүүрэг. Төрд сайн ажиллах хөшүүрэг гэж ердөө алга. Жишээ нь шагнал урамшууллаа олгож байгаа байдал их анхаарал татна. Ингэж удаан ажилласан, тэр маань шагнал аваагүй байгаа гэх жишгээр л шагнана. Юу хийсэн, яасан ийсэн нь сонин биш. Сайн ажиллахад өөрөөр хэлбэл оногдсон ажлаа сайн гүйцэтгэхэд түүнийг үнэлэх үнэлэмж маш бага. Харин ажлаа хийж чаддаг гэдгээ мэдэгдвэл түүнд улам их даалгавар өгнө, асууж шалгаах нь нэмэгдэнэ. Сайн ажиллаад өөртөө чадвар, туршлага, мэдлэг хуримтлуулж байгаадаа өөрөө өөртөө урам өгч байгаагаас бус үнэлэгдэх, урамшуулал хүртэх байдал тун бага. 
  3. Хараат байдал. Дарангуйлал гэдэг ч юм уу? өөр юу гэвэл арай оновчтойгоор илэрхийлэх юм энэ байдлыг. Үг дуугүй хэлсэн болгоныг нь хийдэг "МАНУУХАЙ"-г үргэлж хайж байдаг. Тийм хүнийг урамшуулж шагнах зэргээр өөртөө үнэнч хэвээр хадгална. Ингэж дугуй дугуйгаа олоод түүнийгээ өөд нь татаж дэвшүүлнэ. Дараа нь бүрхэг, харанхуй тийм удирдлага дээгүүрээ дүүрэн болоод байх шиг. Ингээд ажлаа мэддэг, мэргэжилдээ үнэнч, сайн муугаа ялгадаг хүмүүсийг хавчин гадуурхаж, элдвээр янзыг нь үзээд тэвчээрийг нь барж холдуулаад санаа амарна. Төрийн байгууллагууд ийм байдлаар сайн боловсон хүчнээ шахан гаргасаар бүхэлдээ ур чадвар тааруухан бүрэлдэхүүнтэй болдог юм шиг. Үр дүнд нь бахь байдгаараа л. Ямар ч ахиц дэвшил, шинэ санаачилга юу ч байхгүй ийм л дүр зураг үргэлжилсээр... Хамгийн сонирхолтой нь дээр байгаа дарга, сайд нарынх нь дур зоргоороо аашилж, "холион бантан" хутгахад нь эсэргүүцээд байх хүн доор нь бараг үлдээгүй байх жишээтэй. Тэгээд л бүгдийг нь тас загнаж байгаад энэ чинь ийм байдаг, тийм байдаг гээд зөвхөн нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллээр тархийг нь сайхан угааж өгөөд өөрийхөө талд оруулах, бага зэрэг өндөлзөөд байвал ганц хоёр ууртай үг, харц чулуудаад л нам дарах бүрэн боломж байгаа хойно ингээд л гүйцээ.
Улс орноороо ийм л сонин хорчингууд, тэдний гар хөлнүүдийн атганд орчихоод байна гэхээр үлдсэн хэсэг нь арай л арчаагүй байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү. Гол нь тэр үлдсэн хэсэг тал талдаа гомдож тунирхаад арчаагүй байдлаа үргэлжлүүлэн хадгалаад, эсвэл гадаад дотоодын арай аятай нөхцөлтэй газруудад өөрийн хүч хөдөлмөрөө өгөөд л явж байх шиг. Нэгдэж нийлээд үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж чаддаггүй өрөвдмөөр, нийлүүлж нэгтгэхгүй байх арга хэмжээг чадварлагаар авч байгаа сүүдрийн талынхан бас л чадварлагаар хороо найруулж байгаа юм шүү. Угаасаа хар гэртээ хаан, бор гэртээ богдууд болохоор хөмөрсөн тогоо шиг л тэрүүхэндээ эргэлдээд байхаас эрэлхийлж, хайх, санаачилгатай байх тал дээр дутмаг болохоор л ингээд хорчингуудын идэш болоод таарч байх шиг. Ингэж чимээгүй сууснаар хэн хохирч байгаа юм? Өөрсдөө л биш үү? Зүгээр суугаад өөрийн чинь боломжийг үгүй хийж, ирээдүйг чинь ЭРЭЭЧИЖ байхыг ингээд л хараад суугаад байх юм уу?

Би лав яана гээч? Юу мэдэхгүйгээ мэдэж, юу чадахаа үзнэ. Тэгээд хэлэх биш өөрөө хийдэг болно гэж бодож байгаа. Өөртэйгөө адил бодолтой олон хүнтэй танилцана, санаа бодлоо хэлэлцэнэ, урсгалд хөвөгчдийг энэ талд урвуулна. Олуулаа байж, нэгдэж тал талаас нь ярилцаж байж л үр дүнд хүрэх байх гэж бодож байна. 

ХУРДАН БУУ, ХУРЦ СЭЛМЭЭР БИШ
ХУЛСАН ҮЗЭГ, ХУРЦ УХААНААР өнөөдөр улс орноо хөгжүүлэх ёстой мэт.