Monday, April 30, 2012

Хавар

Энэ их сонин улирал шүү. Байгаль гэж яахаараа цаанаасаа бүх юманд нөлөөлөөд байдаг байна аа тээ? Хүн гэдэг нэг төрлийн амьтан юм хойно бүр аль дээр үеийн нэг тийм ойлгомжгүй өөрийн мэдэлгүй байгалийн хуулинд захирагдаад л байдаг юм шиг байгаа юм. Миний ажигласнаар хүмүүс хавар болохоор л хосоороо болох нь нэмэгдэх юм. Гадаа дулаараад, ажил төрөл нь ч гайгүй болдог юм уу юу  нь тэгж сайхан тараад байдаг юм бүү мэд ямар ч байсан л бүгдийнх нь сэтгэл санаанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж бүгд л дурлалын шинжтэй харцаар хүмүүсийг хардаг болчих юм даа. Тэгээд бас ихэнх нь чухам энэ мөчийг л хүлээж байсан мэт хавар л зориглон хэн нэгэнд хэлье гэснээ хэлээд нөгөөдүүл нь ч бас л тэр л үгийг нь хүлээж байсан мэт зөвшөөрцгөөдөг юм байх даа. Аз жаргалаар баялхсан эдгээр хүмүүсийг харахад сэтгэл санаа хичнээн өег сайхан байна гээч. Бүгдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд болж өгвөл энэ өвөрмөц эхлэл нь хэзээ ч дуусахгүй тийм нэгэн уртаас урт зам байгаасай гэж хүсч байна. 

Харин энэ зүйл миний хувьд арай өөр байгаа юм аа. Би ямар ч байсан энэ жилдээ ийм асуудал үүсгэхгүй ээ. Яагаад гэвэл одоохондоо би нэг юмыг өнгөрсөн туршлагаасаа ойлгосон. Бодлогогүй хийсэн ямар нэгэн үйлдлүүд маань зөвхөн намайг ч биш өөр бас хэн нэгэнд хүнд хэцүү тийм шарх үлдээж болдгийг би мэдсэн. Ийм учраас урьд нь би зөвхөн өөрийгөө бодож байсан юм шиг санагдаж байна. Одоо бол хосын асуудал үүсгэхдээ их болгоомжтой цагаа олох хэрэгтэй юм байна гэдгийг их сайн ойлгосон. Түүнээс гадна ялангуяа ямар хүнийг сонгох вэ гэдэг асуудлыг хамгийн ихээр бодож тунгаах хэрэгтэй. Тийм болохоор би лав сайхан санагдаад, зүгээр л хэн нэгэнтэй хамт баймаар санагдсандаа ингэж өөрийнхөө бас өөр хүний сэтгэл санаагаар тоглохыг хүсэхгүй. Тийм болохоор л би одоо ч гэсэн ганцаараа явж л байна. 

Өөр нэг асуудал бол одоохондоо надад ухаалаг сайн найз охин гэхээсээ илүү өөрөө эхлээд ухаалаг галзуу мэдлэгтэй болох шаардлага байгаа учраас бас л ганцаараа байх хэрэгтэй байна. Харин өнөөдөр нэг юм сонслоо. Их сургуульд сурч байхдаа бид ирээдүйн эхнэр нөхрүүдээ олдог юм гэнэ ээ. Энэ бодоод байхад бараг л үнэн байх аа. Тэндээ олж чадаагүй бол тэгээд л бараг гүйцээ юм байх өө. Үлдсэн амьдралаа гэр бүлийн хувьд онцгүй аль эсвэл орь ганцаараа өнгөрүүлэх магадлал их болдог гэнэ. Хэхэ сонсоход итгэл тийм ч их төрүүлэхгүй ч гэсэн бодоод байхад бас байж болох ч юм шиг. Бидний ээж аавуудын үед лав тийм байсан байх. Харин одоо бас арай өөр болоод байгаа юм болов уу гэж би бодоод байгаа. Хүмүүс боловсролдоо зарцуулах хугацаа нилээд уртассан тийм болохоор тэр чинээгээрээ бас оройтож гэр бүл болох хандлагатай байгаа байлгүй. Тийм болохоор бас хамаг гайгүйчүүл нь шилэгдээд дуусдаг гэсэн ойлголт зарим талаараа хуучирсан байж ч болох юм шиг санагдаад байгаа юм даа.  Гэхдээ сайн мэдэхгүй юм дөө. Хүмүүс үерхээд л дурлаад л залуу насанд яадгийн юм үзэж л байх хэрэгтэй. We are young гээл байхын. Харин минийхаар бол би арай л өөр философитой байх шиг байгаа юм аа. Гэхдээ энүүндээ бага зэрэг төөрөлдөөд л байгаа. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.