Tuesday, February 28, 2012

Их сургууль

ер нь юу заагаад байна? гэж би өөрөөсөө нэг асууж үзье гэж бодлоо. Энэ их сургуульд зааж байгаа юм надад ер нь хэр их хэрэг болох юм бол оо? Яг одоогийн энэ насан дээр маань хүн юу хийвэл тэрнийхээ хариуд яаж өөрчлөгдөх бол гэж бодож үзлээ. Эдийн засгийн хэлээр хэлбэл МУИС-н боловсролын ахиу үр өгөөжийг би нэг бодож үзлээ. За яахав багш нараас маш их юм сонсож байгаа. Тэд нараар ихэнхдээ шүүсээ шахуулж байж дарамтлуулсны сүүдэр болж үлдсэн ч юм шиг бага зэрэг хичээл номтой холбоотой юм хальт үлдэх юм шиг санагддаг. Одоо 1-р курсд сурж үзэж байсан ихэнх юмнуудыг бүүр түүрхэн л санаж байна шдээ. Тэгээд дээр нь Монгол хүний гэж бид нарын өөрийгөө өмөөрөх дуртай залхуу зангаараа хийх ёстой юм аа цаг тухайд нь хийлгүйгээр бөөн бөөгнөрүүлж байгаад нэг дор ядарч муурч унатлаа хийнэ. Тэгж хийж байгаа хойно яаж ч олигтой юм энэ толгойд үлдэх вэ дээ. Миний бодлоор бол боловсролын үйлчилгээ авсныхаа дараа хүн боловсрох ёстой тийм биз дээ. Тэрнээс биш хүний хий гэснийг тээршааж хийвэл яаж юм сурах вэ дээ? 
Их сургуульд сурах ахиу үр өгөөж тэгэхээр надад маш бага л юм шиг санагдаад байх юм. Харин надад ахиу зардал нь асар их байна. Сургуулийн төлбөр, сурах хугацаандаа ажил хийж байсан бол авах байсан цалин, тэрнээс гадна өөрөө энэ тэрийг эргэцүүлэн бодож нэг супер хүнийг дагаж \эртнийхээр бол шавь орох\ явсан бол өөртөө олж авах мэдлэг, эерэг нөлөөнүүд гээд алдагдсан боломжийн зардал болон бодит зардал нь минийхээр бол олох зүйлээсээ хол давах юм шиг санагдаад л... 
Харин энэ тэнцвэргүй балай зүйлийг яавал нэг ойртуулж болох вэ гэж би бодож үзлээ. Юун түрүүнд их сургуулийн боловсрол хувь хүний зан чанар, төлөвшилд маш ихээр нөлөөлдөг байх хэрэгтэй. Дор хаяж л хүн болгоныг сайхан шударга болгож чадвал энэ чинь өнөөдөр манай нийгэмд оруулж байгаа их сургуулийн оруулж байгаа маш том хувь нэмэр шүү дээ. Үүний тулд багш нар оюутнууддаа өөрсдөө ямар байх ёстойг үргэлж харуулж, шударга бус болгоныг жигшин зэвүүцэж байх хэрэгтэй. Нэг ёсондоо шударга бус байдал өнөөдөр манайд нэг их ноцтой үзэгдэл гэж тооцогдохгүй байгаа энэ байдлыг таслан зогсоох ёстой. Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэвэл багш нар бидний сурах хүслийг төрүүлж өдөөж өгдөг байх хэрэгтэй. Ингэж чадвал угаасаа бид хүссэн юмаа хэнээр ч чичлүүлэхгүй хийчихэж дөнгөх байх. Харин өөрөө ч зааж байгаа юм аа сонирхдоггүй царайлж заагаад байхаар яаж бид үүнийг оролдоё гэж бодох вэ дээ. 
Бас миний бодлоор бол суръя гэж хүсдэг л хүнийг сургуульд сургах ёстой. Хэдий их юм мэддэг, потенциал сайтай байсан ч хүсэлгүй бол яагаад ч олигтой сурж чадахгүй. Түүний оронд чин сэтгэлээсээ суръя гэж бодсон хүмүүсийг сургавал хамаагүй илүү үр дүнтэй байх болов уу. Харин хэн чухам сурахыг хүсэж байгааг л яаж мэдэж болох вэ? Үүнийг мэдэхэд л барууны их сургуулиудын хэрэглэдэг эссе, ярилцлага хийж байж мэдэх боломжтой. Үүнээс гадна ярилцлага, эссений өөр нэг давуу тал нь тухайн хүнийг их бага хэмжээгээр ямар хүн бэ гэдгийг мэдэх боломжтой гэж би боддог. Үүнийг мэдэх нь надад бол их чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл хуурамч, зальхай тийм л нөхдүүд бидний бүх юмыг доош татаж тэр ч байтугай бидний юмнаас хумсалж хулгайлж байна. Эднийг бид өөрөөсөө илүү юм мэддэг, хар үгээр хэлбэл биднийг тэнэгтүүлээд байхааргүй л байлгах хэрэгтэй. Иймээс эссе, ярилцлага зэргээр тухайн хүний шударга, сайхан чанарыг үнэлэн дүгнэж бас нэг шалгуур болгох хэрэгтэй. 
Ингэж чадвал боловсролын систем өөрчлөгдөх ч юм билүү хэн мэдэх вэ!

Tuesday, February 21, 2012

Lunar New Year

Би ер нь ямар нэгэн чухал баяр ёслолын өмнө нэг пост оруулдаг болоод байгаа юм уу даа. Ямар ч байсан дотроос нэг юм хатгаад байхын. Ойрд ч нээх сайхан юм бичиж суусангүй. Бүүр нэг далан булчирхайгаа тоочмоор ч юм шиг санагдаад байна аа гэж. За за тэр ч яахав. Энэ жилийн цагаан сарын бэлтгэл гэж нээрээ миний хувьд үнэн инээдтэй юм болж байна өө. Нээх амар амгалан тайван сайхан амьтан яваад л байсан. Хэхэ. Хэзээ хийх нь мэдэгдэхгүй яваад л байлаа. Өнөөдөр тэгсэн ганц өдөр ухас гээд л бараг гэрээ амжуулчихлаа. Дүү нар ч бас гэхдээ нилээн тусалсан л даа. Гэхдээ ямар ч байсан гэрийнхээ юмыг лав амжуулчихлаа. Харин маргааш эмээ дээрээ очиж жаал зугаа юм хийх байх даа. Жил болгоны Цагаан сараар л манайхан яагаад ийм цөөхөн охин хүүхэд гаргасан юм бол доо гэж бодогдоод байдгийн. Бөөн харчуул, тэнд нь ганц л охин. Нөгөөх нь шалихгүй ээ. Одоо дөнгөж 12 л хүрэх гэж байгаа. Тэгэхээр чинь одоо нөгөө олон залуучууд нь л хамаг юмаа өөрсдөө хийх хэрэг болно шүү дээ. Тэгээд л цагаан сар гэж нэг жаал явж явж, хүнээр дайлуулж бас дайлж байгаад дуусна даа. Бид нар хэтэрхий нүсэр тээртэй тэмдэглэдэг заншил шахуу юм тогтоочихоод л зовоод байгаа болохоос уул нь маш ач холбогдолтой баяр юм байна лээ шд. Одоо бол тэр нь багасаад худлаа сүр нь л ихдээд байна даа. Урьд цагт хамгийн өндөр настай ахмадынхаа гэрт тэр удам ургийн бүх хүн ирээд л удам угсаагаа мэдэж нэг нэгийгээ харж авдаг юм билээ. Өнгөрсөн жилд ямар хүн нэмэгдэж, ямар хүн өнгөрснөө мэдэлцэж бүртгэл тооллого маягийн л юм хүн бүр дотроо хийдэг байсан байх гэж би боддын. Тэгээд л түүнийхээ ачаар яс, цусаа цэврээр нь авч үлдэж чадаж байсан байж ч магадгүй юм. За тэгээд сайхан шинэлээрэй. Усан луу жилдээ уулзацгаана биз дээ.

Monday, February 6, 2012

Оюуны хөдөлмөр

Дэлхий даяар оюуны хөдөлмөр ямар их үнэ цэнэтэй болсныг мэдрээд эхэлчихсэн цагт би амьдарч байна. Би бусад хүмүүсээс өөр байж яагаад өөрийнхөө энэ чадварыг бусдаар үнэлүүлж элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч чадахгүй гэж. Бид маш чухал нийгэмд амьдарч байна. Дэлхийн олон олон баячууд шиг би өөрийнхөө гайхалтай санааг дэлхий дахинд түгээж амьдралдаа асар их баяр баясгалан олж авч чадах болов уу? Миний мэдэх маш олон эрдэмтэд оюутан цагтаа том том нээлт, бизнес санаа гарган түүгээрээ асар их нэр хүнд, ашиг орлого олсон байдаг. Үүнийг нэгэн адилаар би ч гэсэн яагаад ингэж чадахгүй гэж? Билл Гейтс, Стийв Жобс, Mark Zuckerberg гэх мэт олон олон хүмүүс байдаг байх. Харин би эдний эгнээнд нэгдэхийг хүсдэг. Дэлхийд танигдсан Монгол хүн өнөөдөр тийм ч олон байхгүй байна. Монгол хүн бусад хүмүүстэй дор хаяж л адилхан бүр цаашилбал илүү ч гэж би хэлж чадна. Гагцхүү хүн шиг байх, зөв төлөвшил тал дээрээ одоогийн Монголчууд бид харин учир дутагдалтай гэж боддог. Иймээс миний бодож мөн санаанд минь багтаад байгаа зүйл юу вэ гэвэл би өөрийн бодож олсон тэр гайхалтай зүйлийг ашиглан асар их амжилт олно. Ингэхийн тулд эхлээд хүмүүс юу хүсэж байгаа, бидэнд юу дутагдаж байна гэдгийг хайж олох хэрэгтэй. Мөн үүнийгээ цаг үргэлж бодон хөгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь энэ санаагаа гайхалтайгаар хэрэгжүүлж үр ашгийг нь хүртэх болно. Өөрийн чадах ямар нэгэн зүйлийг бүтээн хойч үедээ өвлүүлнэ гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж байгаа биз дээ. Надад лав их гоё санагдаж байна. Энэ техник технологи өндөр хөгжиж байгаа үед бидний хамгийн хүчтэй зэвсэг бол энэ мөрөн дээр дэнжигнэж байдаг бөндгөр маань болоод байх шиг.