Thursday, February 28, 2013

Дадлагын тэмдэглэл

За тэгэхээр би гэдэг хүн 2 сарын 5-аас эхлэн Монголбанкинд дадлага хийлээ. Сайхан байна. Удахгүй дадлагын хугацаа маань ч дуусах гэж байна. Өнгөрсөн сар шахам хоногт би их л юм ойлголоо гэж өөрийгөө дүгнэж байгаа. Ажил гэдэг онолоос тэс өөр юм байдаг гээд байдаг өрөөсгөл ойлголт гэдэг нь шууд л харагдаж байлаа. Ялангуяа ЭЗ-н хувьд бол. За тэр ч яахав бараг ойлгомжтой. Түүнээс гадна олж харсан зүйл маш их байна аа. Юуны түрүүнд байгууллагын соёл, хамт ажиллагсдын нөлөө тухайн нэг хүнд асар их тусдаг юм шиг байна. Орчин ямар байна хүн тэрэндээ тодорхой хэмжээгээр уусдаг л юм байна. За товчхондоо бол энд ажиллаж байгаа хүмүүсийг харахад "Алтны дэргэдэх гууль шарлана" гэдэг үг санагдаж байлаа. Залуухан мөртлөө мэдлэг, үзэл бодол, түүнээс гадна өөрийгөө илэрхийлэх, биеэ авч яваа байдал зэргээр үлгэр дууриал болохоор хүмүүс их олон байх юм. 

За ингээд өөрийнхөө хэмжээнд олж мэдсэн туршлагаасаа бичье. ЭЗО-н хувьд бол энд ажиллаад нэг их нэмэгдээд байсан юм алга аа. Үнэнийг хэлэхэд манай багш нар онолын мэдлэгээр бол нэг их дутаадаггүй юм шиг байна. Харин түүнийгээ хүнд яаж илэрхийлэх вэ? гэдэг бол шаал өөр асуудал юм байна. Жишээ нь монгол хэл. Оновчтой үгээр утга санаагаа төгс сайхан илэрхийлж найруулан тайлагнах гэдэг эцсийн дүндээ их чухал ажил. Хэдий чадвартай мэргэжилтэн ч гэсэн хийсэн зүйлийг чинь хүн ойлгохгүй л бол тэгээд чи хэнд ч одоохондоо хэрэггүй гэсэн үг товчхондоо бол. За үүнийг ойлгуулахын тулд хүснэгт, график гэдэг зүйлс ёстой л амин чухал зэвсэг юм байна. Ялангуяа график. Эксел дээр байдаг графикууд бол зүгээр л хог юм байна. Хүнд үзүүэхэд асар уйтгартай өнгөтэй. За тэгээд график байгуулна гэдэг чинь их чимхлүүр ажил ихтэй бас дээр нь бодит зүйлийг байгаагаар нь ойлгомжтой харуулахад их чухал үүрэгтэй. Хүнд ойлгуулахын тулд бодох юм асар их байдаг юм байна. Сая л ойлголоо. Хийж байгаа юмаа харуулаад яагаад ингэж хийснээ тайлбарлахад нь өөрийн эрхгүй мишээгээд л үнэхээр тийм ойлгомжтой сайхан санагдаж байгаа юм чинь. Үүнээс гадна хүн өөрийнхөө одоогийн түвшинд сэтгэл ханалгүй үргэлж хөгжиж, дэвшиж байх хэрэгтэй юм байна. Гэхдээ ганцаараа биш бүлгээрээ. Багаар ажиллах гэдгийн үр дүн, гайхалтай бүтээмжтэй байдлыг олж харлаа. Мэдээж түвшин ойролцоо хүмүүс бие биендээ ямар их тус дэм болдог гэж санана. Ажилдаа хамгийн өндөр бүтээмжтэй байгаа хүний аргад тэр багийн хүн бүр суралцана. Бас хоцрохгүйг хичээцгээнэ. Хамт ажиллахад хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай ийм хамт олон дунд байх сайхан л юм. 

Үүнээс гадна цаг заваа хайрлалгүй надад үнэтэй зөвлөгөө өгч байсан хүмүүст би чин сэтгэлээсээ талархаж байгааагаа хэлмээр санагдаж байна. Богино хугацаанд олон зүйлийг ойлгож чадсан явдалдаа сэтгэл хангалуун байгаагаа нуух юун. 

За тэгээд цааш байгууллага талаасаа гэвэл мөн л сайхан зүйлс олон байна аа. Орчин үеийн дэлхийн хэмжээнд ашигладаг эх сурвалжуудыг чөлөөтэй ашиглах боломжтой. Мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэн гадны семинар, сургалтанд хамрагдах боломжтой. Дээрээс нь эрүүл мэнддээ анхаарч спорт тоглоом наадам зохион байгуулах гээд ер нь бүхий л зүйл нь маш сайхан санагдаж байлаа. Энэ бүгд юу илэрхийлээд байна вэ гэвэл боловсролтой хүмүүсийн цуглуулга ямар сайхан байдаг юм бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. 

Өмнө нь хүмүүсийн ярьдгаар оюутан бидэнд тийм айдас байдаг даа. Яваад очихоор учиргүй баахан дээрэлхээд л. Цаас үзүүлээд, кофе зөөлгөөд, ийшээ тийшээ юманд зараад л дадлагаас ер нь юу ч сурдаггүй гэсэн ойлголт байдаг. Тэгвэл энэ Монголбанкинд лав худлаа юм шиг байна. Бид нар эсвэл азтай оюутнууд юм уу нэг бол тийм байдал багасч байгаа хэрэг үү үнэндээ одоогоор онцын санаа бодол алга байна. 

Энэ хугацаанд миний мэдсэн нэг том зүйл бол ажил хийхэд зөвхөн мэргэжлийн чадвараас гадна тухайн хувь хүний шинж чанар маш чухал гэдгийг ойлголоо.