Tuesday, January 31, 2017

Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: Яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?




Энэхүү нийтлэлд Нотр Дамын их сургуулийн профессор К.Баумейстер, Мичиганы их сургуулийн профессор Л.Килиан нарын хамтран Америкийн эдийн засгийн холбооноос эрхлэн гаргадаг Journal of Economic Perspective сэтгүүлийн 2016 оны 30 дахь дугаарт хэвлүүлсэн “Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: Яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?” сэдэвт судалгааны ажлыг тоймлон хүргэж байна. Зохиогчид өнгөрсөн 40 жилд нефтийн зах зээлд гарсан огцом хэлбэлзлүүд, тэдгээрийн шалтгаан, яагаад чухам нефтийн үнийн хүлээлт, төсөөлөл бодит байдлаас зөрдгийг тайлбарлажээ.
Нефтийн үнийн ач холбогдол
Нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүн нь тээврийн хэрэгслийн шатахуунаас эхлээд тѳрѳл бүрийн үйлдвэрлэлд орц болон ашиглагддаг. Олон янзын бүтээгдэхүүн үйлчилгээний суурь зардал болдог учраас нефтийн үнэ нь компаниудын хѳрѳнгѳ оруулалт, үйлдвэрлэл, иргэдийн худалдан авалт хийх шийдвэрт нѳлѳѳлдѳг. Улмаар эдийн засаг дахь ажил эрхэлт, цалин, инфляци гэх мэт олон индикаторт нөлөөлдөг. Иймд ихэнх улс орнууд, тэр тусмаа жижиг бѳгѳѳд тѳрѳлжилт багатай эдийн засагтай улс орнуудын хувьд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нь анхааралтай ажиглах ёстой нэг чухал үзүүлэлт юм.
Аливаа улс орны бодлого боловсруулах түвшний институциуд болоод хувийн хэвшлийнхэн нефтийн зах зээл дээр үүссэн шокын сөрөг нөлөөг аль болохоор бага байлгахыг зорьдог. Иймд нефтийн үнийг урьдчилан таамаглах, болзошгүй эрсдэлд бэлтгэх, фьючерс гэх мэт үүсмэл хэрэгсэл ашиглан ирээдүйн үнийн тодорхой бус байдлыг бууруулахыг хичээдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн 40 жилийн хугацаанд үүссэн нефтийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлүүд мэргэжлийн шинжээчдийн хувьд ч гэнэтийн зүйл байх нь түгээмэл байсаар иржээ.
Үнийн хэлбэлзэл, зах зээлийн тодорхой бус байдлаас үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор улс орнууд нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үүнийгээ гэнэтийн шок үүссэн үед ашигладаг. Гэвч энэхүү арга нь нефтийн үнийн хэлбэлзлийг багасгах, хэлбэлзлээс үүсэх эдийн засаг дахь сөрөг нөлөөг дорвитой бууруулах бүрэн шийдэл болж чадаагүй л байна.
Монголын хувьд, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага 2013 оноос өмнө түгээмэл ажиглагдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлт махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан тохиолдол ч бий. Шатахууны бүтээгдэхүүнийг орц болгон ашигладаг салбаруудын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтийг оруулж тооцвол энэ дүн бүр ч өндөр байх болно.
Сүүлийн 40 жилийн газрын тосны үнийн томоохон хэлбэлзлүүд
Дүрслэл 1.
WTI брендийн газрын тосны үнэ, 1974.1-2015.3
Source: US Energy Information Administration.
Жич: Газрын тосны үнийг АНУ-ын ХҮИ-ээр засварлаж, улирлын нөлөөг арилгасан.
Сүүлийн 40 жилд нефтийн зах зээлд тохиолдсон огцом шокуудыг авч үзвэл тухайн үедээ огт хүлээгдээгүй, гэнэтийн хэлбэлзлүүд олон байв. Түүнчлэн тэдгээр хэлбэлзлүүдийн жинхэнэ шалтгааныг тэр бүр оновчтой тогтоож чадаагүй байдаг. 1970 оноос хойш тохиолдсон томоохон хэлбэлзлүүдийг нэрлэвэл (WTI бенчмаркийн үнэ):
  • 1973/74 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $4.31 (1973-9 сар)-аас $10.11(1974-1 сар) болж ѳссѳн;
  • 1979/80 оны нефтийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $15 (1979-9 сар)-аас $40 (1980-4 сар) болж ѳссѳн;
  • 1980-аад оны эхэн үеийн нефтийн үнийн уналт;
  • 1990-ээд он: Нэг баррель нефтийн үнэ $25 (1996)-аас $11 (1998-12 сар) болж буурсан;
  • 2003-2008 оны ѳсѳлт: Нэг баррель нефтийн үнэ $28 (2003)-аас $134 (2008) болж ѳссѳн;
  • 2008 оны санхүүгийн хямрал: Нэг баррель нефтийн үнэ $134 (2008-6 сар)-аас $39 (2009-2 сар) болж унасан.
Дэлхийд эдийн засаг өсөлттэй жилүүдийн үр дүнд бий болсон ѳндѳр эрэлт, ам.долларын ханшийн уналттай үеийн нѳлѳѳ, Америкийн инфляци эсвэл бодлогын хүүний ѳсѳлт,  Иран-Иракийн дайн, Персийн булангийн дайн зэрэг үйл явдлууд, зах зээл дээрх спекуляцийн шинж чанартай хѳдѳлгѳѳнүүд г.м олон зүйлс эдгээр хэлбэлзлүүдэд тодорхой хувь нэмрээ оруулсан байдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд,  2014 оны 6 сард $110 байсан нефтийн үнэ (WTI) 2015 оны 1-р сар гэхэд $40 руу унасан. 2014 оны 6-аас 12-р сарын хоорондох нефтийн үнийн бууралтын шалтгаан дээр хийсэн шинжилгээгээр (Baumeister and Kilian, 2015) энэ хугацаанд бий болсон $49-ын уналтыг дараах байдлаар задлан тайлбарлажээ: 
  • $11 нь дэлхийн бодит эдийн засгийн идэвхжил саарч байсантай холботой;
  • $16 нь нефтийн үйлдвэрлэлийн хүлээлт ба гүйцэтгэлийн зѳрүүн дээр үүссэн шоктой холбоотой (Америк, Канад, Орост хүлээгдэж байснаас ихээр үйлдвэрлэсэн);
  • $9 нь  нефть хадгалах савны эрэлтэд үүссэн шоктой холбоотой;
  • $13 нь 2014 оны эцэст дэлхийн эдийн засгийн байдал гэнэт муудсантай холбоотой.
 Үнийн хэлбэлзэлийг урьдчилан таамаглахад хүнд байдаг шалтгаан
Ѳмнѳх түүхэн жишээнүүдээс үзэхэд зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүлээлтэд гарсан гэнэтийн шокуудаас шалтгаалан нефтийн бүтээгдэхүүний үнэ ѳѳрчлѳгдѳж байжээ. Иймд нефтийн үнийн хэлбэлзлийг ѳнгѳрсѳнд тодорхойлсон хүчин зүйлсийг мэдэж байвал ирээдүйд үнэ хэрхэн ѳѳрчлѳгдѳх талаар тѳсѳѳлѳлтэй байж болохоор юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нефтийн үнийг таамаглах боломж нь үнийг тодорхойлдог тэдгээр хүчин зүйлсээ хэр сайн таамаглаж чадах вэ гэдгээс л хамаарна. Тэдгээрийн хѳдѳлгѳѳнийг мэдээгүй цагт эдийн засгийн моделүүд ч, мэдрэмжээрээ таах оролдлого ч тэр бүрэн шийдэл болохгүй юм.
Эрэлт талаас авч үзвэл, нефтийн үнийн түвшин нь бизнесийн мөчлөг ямар байхаас, дэлхийн эдийн засгийн тѳлѳв байдал ямар байхаас шалтгаална. Гэтэл дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлохдоо харьцангуй богино хугацаагаар тойм төсөөлөл хийдэг бөгөөд бодит нөхцөл байдал хурдтай эрс өөрчлөгдөх үед тѳсѳѳлѳл зѳрѳх тохиолдол цөөнгүй байдаг.
Жишээлбэл, 2003 оны нефтийн үнийн өсөлт хөгжиж буй Азийн орнууд, тэр дундаа БНХАУ-ын эдийн засаг хурдацтай тэлснээс болж үүссэн эрэлтээр дэмжигдэж байсан. Гэтэл тухайн үед БНХАУ-ын өсөлтийн талаар шинжээч мэргэжилтнүүд үргэлж бодит гүйцэтгэлээс нь доогуур таамаглал гаргаж байсан тул нефтийн үнэ хэр өсөх талаар урьдаас мэдэх боломж бага байв. Хятадад үүссэн тэрхүү ѳндѳр эрэлт нь үнэхээр потенциал хэмжээндээ байсан тогтвортой зүйл үү, эсвэл эдийн засгийн тэлэх бодлогын үр дүнд бий болсон түр зуурынх уу гэдгийг бид одоо хүртэл баттай хэлэх боломжгүй хэвээр байна. Дээр нь тус улсын статистик тоон мэдээллийн найдвартай байдал нь таамаглал хийж буй шинжээчид нэмж хүндрэл учруулдаг нэг том хүчин зүйл болдгийг ч дурдах нь зүйтэй.
Харин нийлүүлэлт талаас авч үзвэл, нефтийн үйлдвэрлэл ирээдүйд ямар байхыг зѳв таамаглах нь мѳн л хэцүү. Учир нь геополитикийн шинжтэй маргаан эсвэл газрын тос экспортлогч орнуудын бодлогоос шалтгаалан нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасалдах эсэхийг урьдчилан таамаглах боломж мѳн хязгаарлагдмал байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл 2011 онд Ливид болсон бослого, иргэний дайнаас шалтгаалан тус улсын нефтийн бүтээгдэхүүний гарц буурч байсныг нэрлэж болно. Исламын бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Иракийн нефтийн үйлдвэрлэлийн түвшин ямар байхыг тодорхойлох нь мѳн л ялгаагүй хүндрэлтэй асуудал юм.
Үүнээс гадна ирээдүйн хүлээлтийг урьдаас таамаглахад бэрх байдаг. Хүлээлт нь ирээдүйд нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орнуудын нөөцлөх нефтийн эрэлтэд нөлөөлдөг тул үнийг тодорхойлогч нэг чухал хүчин зүйл болдог. Гэтэл геополитикийн, улс төр, эдийн засгийн хурцадмал асуудал хэзээ хаана ямар түвшинд үүсч ѳрнѳхийг зѳв таамаглах боломж бараг байдаггүй. 2010 оны сүүлээр Арабын ертөнцөд өрнөсөн үймээн самуун (Арабын хавар), 2008 оны Дэлхийн санхүүгийн хямрал зэрэг нь үүний тод жишээ юм. Нефтийн үнэд хүчтэй нѳлѳѳ үзүүлсэн эдгээр үйл явдлыг урьдчилж таахгүйгээр нефтийн үнийг үнэн зѳв таамаглана гэдэг нь ѳѳрѳѳ учир дутагдалтай юм.
Иймд хэдийгээр нефтийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийн талаар сүүлийн 40 жилд хуримтлагдсан ойлголт багагүй ч, нефтийн үнэ эдийн засагчид, бодлого тодорхойлогчид, хэрэглэгчид болон санхүүгийн зах зээлийг үе үе гайхшруулдаг хэвээр л байна.