Friday, April 13, 2012

Миний амьдралын ханамжийн функц

Хүн гэдэг ер нь өөртөө сэтгэл хангалуун байдаг болов уу? Миний хувьд лав байнга л хийсэн юмандаа ханадаггүй нэг бодлын аймар шуналтай ч юм шиг. Зарим нэг хүн намайг хараад инээд нь хүрч болоогүй байна даа хөөрхий гэх шүү юм боддог л байх. Харин зарим нэг хүмүүс нь бас намайг арай дээгүүр үнэлдэг ч байж магадгүй. Гэхдээ л би өөрөө өөрийгөө яагаад дандаа голж байдаг юм бэ? Амьдралд хүн аз жаргалыг эдлэх гэж түүнийг л олж авах гэж хичээсээр өнөөгийн энэ зүйлсийг бүтээсэн байх. Харин яг үнэндээ тийм байя гэвэл их энгийн биз дээ. Зүгээр л юу бодолгүй одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж өөрийгөө өөрөөсөө өөр хэнтэй жишиж зүйрлэхгүй нэг тийм хоосон юм шиг амьдарч чаддаг бол огт тэгж өөрийгөө зовоогоод байх зүйлгүй байж магадгүй л юм. Гэтэл хүмүүс яагаад тэгж чаддаггүй юм бол? Гол бусдаар өөрийгөө үнэлүүлж түүнээсээ л маш их аз жаргарыг авч мэдэрдэг юм болов уу? 
Гэтэл ингэхэд би гэдэг хүн чухам яг яадаг юм бол? Юуны төлөө өнөөдрийг хүртэл энэ бүгдийг хийж байсан юм бол? Чухам ирээдүйн зорилго минь юу юм бэ? Хүмүүс өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй бай тэгсэн цагт амжилт үзүүлэх боломж маш өндөр болдог гээд л их юм яриад байдаг биз дээ. Харин би юу хүсч мөрөөдөөд байгаагаа яг үнэндээ сайн мэддэггүй юм. Хүсдэг юм олон байгаа ч гэсэн хамгийн гол нь чухам яг юу юм бэ? Ханамжийн функцээ максимум байлгахын тулд эхлээд хэлбэрийг нь ядаж мэддэг байх хэрэгтэй биз дээ. Гэтэл тэрийгээ ч мэдэхгүй явж байгаа хүн яавч сэтгэл хангалуун сайхан явж чадахгүй ээ. Ингээд л бодоход өөрийгөө ч ямрыг мэдэхгүй мань мэтийг рациональ хүмүүс гэж үзээд онол загвар тавиад байдаг сонгодог эдийн засаг шаал утгагүй ч юм шиг. Гэхдээ л 200 гаруй жилийн түүхтэй юм хойно хэрэг болдог газраа болж байгаам л даа. 
Энэ мэтийн түмэн бодол тархи толгой дотор минь эргэлдээд энэ бүгдийгээ би цэгцэлж чадахгүй дунд нь төөрөн бөөн юм болно. Энд тэндээс надад ингэмээр ч юм шиг, эсвэл тэгчмээр ч юм шиг гэсэн бодлууд хар мянга байдаг байх өө. Харамсалтай нь ямар ч эмх цэгцгүй, зах замбараагүй баахан тасархай бодлын өөдсүүд. Бясалгал энэ тэр хийвэл тэд нарынх нь холбоо сүлбээ, учир начир нь олдох байлгүй. 

Нэг жил нэг ууланд очоод сайхан энэ амьдрал, нийгэм, өөрийнхөө тухай бодож бясалгавал мөн сайхан болох байх даа гэсэн бодол надад хааяа төрдгийн. Даанч нэг л санаанд багтахгүй байгаан. Бясалгана гэхээр л нээх мухар сүсэгтэй ч юм шиг, лам хар ч юм шиг сонин мэдрэмж төрөөд болдоггүй. Уул нь ач холбогдлыг нь аймар сайн мэдээд ойлгоод хэрэгтэй ч юм шиг санагдаад байгаан. Тэгээл бүх юм аа хаячихаад хэдэн сар жилээр яваад өгвөл хамаг юмнаас хоцорчихсон бүтэхгүй нөхөр болох байлгүй. Бүүр аргагүй тохиолдол л байдаггүй юм бол би бараг тэгэхгүй юм шиг байна лээ. Монте Кристо гүн дээр гардаг шиг тийм яалт ч үгүй байдалд орж, тийм нөхцөл байдал үүсвэл хүнд бодох бясалгах юм их байдаг байх. Шоронд ороод гарсан хүмүүс аймар санаатай болчихдог гэдэг ер нь яалт ч үгүй миний нүдээр харвал аргагүй дээ л гэж хэлмээр. Тэнд чинь одоо хийх байх юм аа олж ядаад толгойгоо л баахан ажиллуулдаг байх. Өдөр бүр л бэлтгэлтэй байдаг байлгүй. Амь дүйсэн хүчтэй өрсөлдөөний дүнд л тэд нар тийм болдог байх даа. Бодол санаагаар маруухан нь гартаа бүлгүй бол тэгээд л дуусаа байлгүй хөөрхийс. 

Тэгэхээр миний хувьд яах аа ч мэдэхгүй өөрийнхөө ханамжийг ямар гэдгийг нь ч мэдэхгүй байна шүү дээ би. Хоёр салаа утгатай нэг тийм функц юм уу хаашаа ч юм бэ дээ? Тэгээд дээр нь нэг хийе гэж боддог юм бол МОНГОЛ гэдэг улсаар бахархан хаана ч би энэ хүчирхэг улсыг байгуулахад өөрийнхөө хүч хувь нэмрийг оруулсан гэж хэлэх нэг өдрийг би хааяа төсөөлдөг. Хүн бүхэн нэг л сайхан мөрөөдөлдөө амьдарч байгаа юм шиг тийм сайхан байгаасай гэж би боддог. Гэхдээ юу нь тэр вэ гэвэл өнөөгийн америк, европ шиг эд мөнгө, баялагтайдаа биш ганцхан шударга л тийм нийгэмд амьдармаар санагддаг. Бөөн энэ муухай хардалт сэрдэлт, гутамшигтай энэ ялзарсан байдлыг ор мөргүй алга болоосой гэж би боддог. Ийм юмтай хаа сайгүй тулгардаг болохоороо би юу ч хийсэн тэрэндээ сэтгэл хангалуун байж чаддагүй байх. Юу ч хийсэн сэтгэлд хүрэхгүй болохоор юу хийхээ ч мэддэггүй байх. Юу хүсдгээ ч сүүлдээ ойлгохоо байж. Хамгийн ихээр хүсдэг НЭН ЧУХАЛ зүйл юу вэ гэвэл ШУДАРГА нийгэм л миний хамгийн их хүсдэг зүйл юм шиг байна.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.