Tuesday, February 21, 2012

Lunar New Year

Би ер нь ямар нэгэн чухал баяр ёслолын өмнө нэг пост оруулдаг болоод байгаа юм уу даа. Ямар ч байсан дотроос нэг юм хатгаад байхын. Ойрд ч нээх сайхан юм бичиж суусангүй. Бүүр нэг далан булчирхайгаа тоочмоор ч юм шиг санагдаад байна аа гэж. За за тэр ч яахав. Энэ жилийн цагаан сарын бэлтгэл гэж нээрээ миний хувьд үнэн инээдтэй юм болж байна өө. Нээх амар амгалан тайван сайхан амьтан яваад л байсан. Хэхэ. Хэзээ хийх нь мэдэгдэхгүй яваад л байлаа. Өнөөдөр тэгсэн ганц өдөр ухас гээд л бараг гэрээ амжуулчихлаа. Дүү нар ч бас гэхдээ нилээн тусалсан л даа. Гэхдээ ямар ч байсан гэрийнхээ юмыг лав амжуулчихлаа. Харин маргааш эмээ дээрээ очиж жаал зугаа юм хийх байх даа. Жил болгоны Цагаан сараар л манайхан яагаад ийм цөөхөн охин хүүхэд гаргасан юм бол доо гэж бодогдоод байдгийн. Бөөн харчуул, тэнд нь ганц л охин. Нөгөөх нь шалихгүй ээ. Одоо дөнгөж 12 л хүрэх гэж байгаа. Тэгэхээр чинь одоо нөгөө олон залуучууд нь л хамаг юмаа өөрсдөө хийх хэрэг болно шүү дээ. Тэгээд л цагаан сар гэж нэг жаал явж явж, хүнээр дайлуулж бас дайлж байгаад дуусна даа. Бид нар хэтэрхий нүсэр тээртэй тэмдэглэдэг заншил шахуу юм тогтоочихоод л зовоод байгаа болохоос уул нь маш ач холбогдолтой баяр юм байна лээ шд. Одоо бол тэр нь багасаад худлаа сүр нь л ихдээд байна даа. Урьд цагт хамгийн өндөр настай ахмадынхаа гэрт тэр удам ургийн бүх хүн ирээд л удам угсаагаа мэдэж нэг нэгийгээ харж авдаг юм билээ. Өнгөрсөн жилд ямар хүн нэмэгдэж, ямар хүн өнгөрснөө мэдэлцэж бүртгэл тооллого маягийн л юм хүн бүр дотроо хийдэг байсан байх гэж би боддын. Тэгээд л түүнийхээ ачаар яс, цусаа цэврээр нь авч үлдэж чадаж байсан байж ч магадгүй юм. За тэгээд сайхан шинэлээрэй. Усан луу жилдээ уулзацгаана биз дээ.

Monday, February 6, 2012

Оюуны хөдөлмөр

Дэлхий даяар оюуны хөдөлмөр ямар их үнэ цэнэтэй болсныг мэдрээд эхэлчихсэн цагт би амьдарч байна. Би бусад хүмүүсээс өөр байж яагаад өөрийнхөө энэ чадварыг бусдаар үнэлүүлж элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч чадахгүй гэж. Бид маш чухал нийгэмд амьдарч байна. Дэлхийн олон олон баячууд шиг би өөрийнхөө гайхалтай санааг дэлхий дахинд түгээж амьдралдаа асар их баяр баясгалан олж авч чадах болов уу? Миний мэдэх маш олон эрдэмтэд оюутан цагтаа том том нээлт, бизнес санаа гарган түүгээрээ асар их нэр хүнд, ашиг орлого олсон байдаг. Үүнийг нэгэн адилаар би ч гэсэн яагаад ингэж чадахгүй гэж? Билл Гейтс, Стийв Жобс, Mark Zuckerberg гэх мэт олон олон хүмүүс байдаг байх. Харин би эдний эгнээнд нэгдэхийг хүсдэг. Дэлхийд танигдсан Монгол хүн өнөөдөр тийм ч олон байхгүй байна. Монгол хүн бусад хүмүүстэй дор хаяж л адилхан бүр цаашилбал илүү ч гэж би хэлж чадна. Гагцхүү хүн шиг байх, зөв төлөвшил тал дээрээ одоогийн Монголчууд бид харин учир дутагдалтай гэж боддог. Иймээс миний бодож мөн санаанд минь багтаад байгаа зүйл юу вэ гэвэл би өөрийн бодож олсон тэр гайхалтай зүйлийг ашиглан асар их амжилт олно. Ингэхийн тулд эхлээд хүмүүс юу хүсэж байгаа, бидэнд юу дутагдаж байна гэдгийг хайж олох хэрэгтэй. Мөн үүнийгээ цаг үргэлж бодон хөгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь энэ санаагаа гайхалтайгаар хэрэгжүүлж үр ашгийг нь хүртэх болно. Өөрийн чадах ямар нэгэн зүйлийг бүтээн хойч үедээ өвлүүлнэ гэж бодохоор үнэхээр сайхан санагдаж байгаа биз дээ. Надад лав их гоё санагдаж байна. Энэ техник технологи өндөр хөгжиж байгаа үед бидний хамгийн хүчтэй зэвсэг бол энэ мөрөн дээр дэнжигнэж байдаг бөндгөр маань болоод байх шиг.

Thursday, January 19, 2012

Амралтаараа

Хичээл амраад долоо хоночихлоо. Энэ хэсэгхэн хугацаанд ямар ч байсан сайхан амраад авлаа. Харин одоо хийх ажлаа бодсон нь дээр ээ. Үлдсэн хоёр долоо хоногтоо юу хийвэл дээр вэ? Хамгийн гол нь ач холбогдлоор нь ранклаж байгаад надад хамгийн чухал гэснээс нь эхлээд хийж эхлэнэ дээ. Хамгийн түрүүнд унших хэрэгтэй номнуудаа уншиж дуусгах хэрэгтэй байна. Бас нилээд удаан бодсон судалгааныхаа ажлыг хийх хэрэгтэй. Энэ хоёрыг хийчихвэл бас ч гэж энэ өвлийн амралтыг үр дүнтэй өнгөрөөсөн гэж хэлж болохоор байна. Одоо аль дээрээс хойш бодоод байсан Карнегигийн номыг уншиж байгаа. 20-р зууны эхний хагасд бичсэн ном гэхэд үнэхээр сайн ном байна лээ шүү. Авахаар юм ихтэй өнөөгийн хүмүүсийн хоорондын харилцааны нууц тэр номоос л эхлэлтэй юм шиг санагдсан. Хамгийн гол нь хүмүүсийн харилцааг их сайн судалж алдартай хүмүүсийн rule of thumb-г их сонирхож байсан юм шиг ээ. Тухайн хүн бусдаас ямар онцлогтой гэдгийг нь илүү олж харахыг хичээсэн байна лээ. Мэдээж түүнийгээ илэрхийлэхдээ их урам зориг төрүүлэхүйцээр бичсэн, дээрээс нь монголоор уншиж байгаа орчуулга нь ч дажгүй таалагдсан. Угаасаа бичлэг нь ч гэсэн их хэцүү биш юм шиг байна лээ. Ямартай гэсэн амралт дуусахаас өмнө Карнегигийн 3 цувралыг дуусгаад Мильтон Фридманы Free to choose-г уншаад дуусгачих хэрэгтэй байна. Хажуугаар нь судалгааныхаа ажлыг хөөрхөн явуулчихад ч ер нь тэгээд л амралтын хугацаа ч нилээн явчих байх тэгээл бараг хичээлдээ орж таарах байх даа. 

(Writing this post while waiting for Saruul)

Monday, December 26, 2011

Бухимдчий яадын

Энэ Монгол улс гэж чухам яг юу болоод байна аа та минь ээ. Би бүр ойлгохоо болиод байна. Газар шороогоо сэндийчээд л сэндийчээд л. Түүгээр нь одоо Монгол улс тэгээд хөгжөөд дэвшээд л... Ийм үлгэр байдаг болов уу? Үлгэр гэхээсээ илүү аймшгийн зохиол шиг сонсогдож байна. Газар шороо ухаж төнхөх эрхийг нь ямар ч амархан өгчихдөг юм. Баахан юм ухаад л газрын хөрсийг улаанаар нь эргүүлчихээд улсын төсөвт татвар гэж багахан юм нулимчихна. Ядаж байхад тэрийгээ нууж хаан тоо хэмжээг нь багасгаж дараад ёстой л шавхруу гэхээр юм өгч байгаа байх. За тэгээд тэр нь нөгөө улсын төсөвт төвлөрч байгаа юм. Тэгэнгүүт ухаанд нь ухана үхчихсэн хэдэн юм нь тэрийг нь хэдэн мянган хэсэг хуваагаад хэнд ч бараг хэрэггүй юм болгоод буцаагаад гаргачихна даа. Гэхдээ яаж зүгээр байх вэ? Тэгж тэнэглэснийхээ хөлс гээд нөгөөдхөөсөө талыг нь хумсалчихна. Хүмүүс яаж бодохоороо улс орноо ингэж удирддаг байна аа. Тэгээд л он дуусч байхад төсвийн тодотгол гээд хийчихнэ. Яагаад тэрийг дараа жилийн төсөвтөө тусгачихаж болдоггүй юм бэ?
За за энэ ч ёстой жижиг асуудал байх. Хамгийн гол нь миний уур хүрж үхэх гээд байгаа юм гэвэл яагаад заавал өнөөдөр бид юу ч хийж чадахгүй байж газар доор байгаа энэ их баялгаа зүгээр шахуу гадныханд вагон вагоноор нь машин машинаар нь өгөөд байгаа юм бэ? Өнөөдрийн Монголчууд үнэхээр л газар доорхоо ухаж гадныханд зүгээр өгөхгүй бол турж үхчих гээд байгаа юм байх даа. Ойлгохгүй юм. Одоогийн байдлаар өөрийн бодлоор хэдэн юм хэлэх гээд үзье. Бид нар уул уурхайгаа ашиглахаар болж байна. Үүнээс үүдээд асар олон салаа үр дагавар гарах байх.
  1. Монгол бол мал аж ахуйн орон гэдэг. Уул уурхай ашиглаад эхлэхээр малын бэлчээр багасна. Үүнээс цаашлаад гол ус бохирдоно. Алт, зэс гэх мэт байгалийн баялаг нь өөрөө экологийн тэнцвэрийг ханган ус хөрсний чанарыг барьж байдаг амин чухал хэсэг гэдгийг одоо цагт хүмүүс ер нь мэдэж л байдаг. Гэтэл ганц уул уурхайгаас болж миний бодлоор манай улсын мал аж ахуйн салбар тэр чигтээ өвдөг сөхөрч магадгүй л юм шиг санагдаад байх юм. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэдэг биз дээ. Иймээс энэ уул уурхай надад ерөөсөө ч таалагдахгүй байгаа.
  2. Дараагийн зүйл гэвэл уул уурхай өөрөө ажлын байрны багтаамж маш муутай салбар. Ихэвчлэн хүчтэй техник ашиглан үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс маш багахан хэсэг нь энэ салбарт орсныхоо хүчинд овоо их юм зулгааж хоцрох байх. Харин ихэнх хэсэг нь бахь байдгаараа л байх болов уу? Гол нь энэ салбараас орж ирсэн мөнгөний урсгалыг дахин эргэлдүүлж өөр салбаруудыг хөгжүүлнэ гээд байгаа. Хэн үүнийг хэрэгжүүлэх вэ? Мэдээж төрийн зүгээс л хийх болно. Гэтэл өнөөдөр манайд ЭЗ, нийгмийн амьдралд төр хэт их оролцож байгаа. Тэр байдал улам ч нэмэгдэх хандлагатай гэж үзэж болно. Энэ нь өнөөдрийн байдлаар ач тусаа өгөөгүй л яваа бодлогын хувилбар. /Монголын хувьд/ Гэтэл энэ байдлыг улам цааш нь гүнзгийрүүлээд л байх болж байна. Өнөөдөр Монголд хэдий сайн төр байлаа ч том байвал манайд угаасаа тохирохгүй гэж би боддог. Манай багш нар ч ингэж ярьдаг. Бидний чөлөөтэй бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг л бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Өнөөдөр биднийг юу ч хийж чаддаггүй эрхийн тэнэг хүүхэд шиг байдал руу л энэ төрийн бодлого түлхэж байх шиг. Би лав ийм юманд дургүй.
За тэгээд өөр бас бус зөндөө л сөрөг нөлөө байгаа байх. Хамгийн гол нь энэ газар доорх баялгаа ухаж гаргаж ирээд өнөөдөр бид хэргийг нь нэгэнт гаргаж чадахгүйгээс хойш өлсөж үхчихээргүй л байгаа хойно заавал ингэж улайран дайрах хэрэг үнэндээ байхгүй л юм шиг санагдах юм.
"МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ"   Модун Шанью.

Wednesday, December 14, 2011

Writing in English

Well organized thinking is required for me. My disadvantage is writing in English is I can't express my ideas very clearly. The reason is very simple. Just I don't read and write enough in English. If I try to express my ideas in English, it will be very helpful. Also I have very poor experience in writing. I read in English much more. It means I translate English sentences in my head then I can understand in Mongolia. What i mean is I don't think like English. It is very big problem for writing in English.
In studying almost all of textbooks are in English. I must read them to do my homework. So it helps to improve reading skill. But I have no task to write in English. So I don't try to do something related to it. If i can create same thing like before i said, it will be very helpful to me. I know that i have problem with expressing my ideas by speaking and writing. It shows that i don't work enough with this kind of work. So what can i do now?
In my opinion, I should write and speak as much as i can. So try your best.
I will never give up!

Munkhzul Bazarsad

Monday, December 12, 2011

Алхах замд




Алхах гэдэг сүүлийн үед миний хувьд үнэхээр сайхан зүйл болоод байгаа. Алхах гэдэг өөрөө бага зэрэг ядрахаас бусдаар ямар ч зардал байхгүйн дээр эрүүл мэндэд тустай. За ямар ч л байсан сөрөг нөлөө байхгүй байх гэж би боддог. Түүнээс гадна яг одоогийн байдалд надад үнэхээр тохирсон сонголт болоод байгаа. Миний явдаг маршрут гэвэл ердөө маш тодорхой. Сургууль гэр, сургууль гэр тийм болохоор бүр ч амар. Хамгийн гол давуу тал нь юу вэ гэвэл стресстэхгүй. Бас оройн цагаар бол яалт ч үгүй цаг хэмнэнэ. 
Хичээл ихэвчлэн орой тарна. Хичээлээ тарчихаад бодох санах юмгүй нээх амар байдын. Тэгээд л гэрлүүгээ алхах замдаа янз бүрийн юм бодож гарна даа. Яг ч өөрийгөө хүчилж бодохгүй л дээ. Зүгээр л тайван алхаад явж байхад гоё санаанууд толгойд зурс гээд л ороод ирдэг. Энэ нь л надад үнэхээр их таалагддаг. Бас энэ хугацаандаа бага зэрэг зүйл эргэцүүлээд бас төлөвлөөд мартсан санасан зүйлсээ нягтлаад амжчихна. Тэгж бодохоор багахан хугацаанд үнэхээр их зүйлийг амжуулж байгаа юм шүү. 
Цаашилбал өөрийгөө шүүн юу нь болоод байгаа юу нь болохгүй гэх зэрэг зүйлсийг бодож үзнэ. Ер нь л тэгээд зөндөө их юм хийж болно оо. Өнөөдөр даваа гараг. Нөгөө алдартай аймар орой тардаг Олон Улсын Экономикс гэдэг тамын хичээлийн сүүлийн лекц ороод өнөөдөр дууслаа. Тэгээд алхаж явахдаа нэг юм бодож үзлээ. 
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар цалингаа голоод өнөөдрөөс ажил хаяж байна. Тэгээд бага дүү маань хичээлдээ явалгүй гэртээ өнжиж байгаан. Энэ талаар яагаад ч юм бэ гэнэт бодсон маань өмнөх миний боловсролын талаарх судалгаа хийх санаатай минь уялдаад цаашаа бөөн бодлууд хөвөрч гарлаа. Би уг нь ЕБС-н багш нарын цалин хүүхдүүдийн сурлагын чанарт яаж нөлөөлж байна, мөн боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгийн хэмжээ үнэхээр үр ашигтай зарцуулагдаж хүлээсэн үр дүнг гаргаж байна уу гэдэг талаар бодож байсан юм. Миний бодлоор дунд сургуулийн сурагчид үнэхээр боловсролын түвшин багатай гэж боддог. Би өөрийгөө хангалттай сайн сурагч байгаагүй гэж боддог. Хэдийгээр олимпиад энэ тэр гээд нилээн явдаг, олон нийтийн ажил энэ тэрд харьцангуй их оролцдог байсан хэдий ч одоо бодоход цаг хугацаагаа үр дүн муутай ашигласан гэж боддог. Гэвч би өөрийнхөө үнэлэмжээр ийм байгаа боловч бусад сурагчид дундаа нилээн дээгүүр орохоор сурагч байсан байх гэж боддог. 
10 жилд байхдаа би баахан томъёо, хэрэгтэй хэрэггүй нь ч үл мэдэгдэх амьтан ургамалын бүтэц, химийн нэгдэл, физикийн хуулиуд үзэж байсан. Салангид олон шинжлэх ухааны хэсгээс үзэж байсан болохоос боловсрол гэдэг зүйлийг бүхэлдээ юу вэ гэдгийг ойлгоогүй байж. Өндөр боловсролтой хүн ямар байдгийг ч багш нараасаа хараагүй байж. \Үнэндээ тэд нар маань ч миний хэлээд бий болгохыг хүсээд байгаа тийм өндөр боловсролтой хүмүүс биш байсан юм шиг\ Би боловсролын тогтолцоо ийм муу байна гэж шүүмжлээд байдаг. Тэгээд яавал үүнийг арай илүү байлгаж болох вэ гэж бодож үзлээ. 
Тэгээд хамгийн түрүүнд би хүний сэтгэл зүрхтэй нь боловсрол гэдэг зүйлийг холбож үзэх шаардлагатай гэж бодсон. Хүнийг эхлээд ямар ч байсан хүн шиг хүн байлгах хэрэгтэй. Аливааг ямар ч онолоор зааснаас илүүгээр биеэрээ үлгэрлэвэл сурагчдад хичнээн амар байх билээ. Иймээс багш нарыг хүн чанартай, эх оронч сэтгэлтэй, сурагчдаа гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй өөрөөр хэлбэл хичээлээ чин сэтгэлээсээ зааж сурагчиддаа мэдлэг чадвараа харамгүй түгээе гэсэн тийм хүн байгаасай гэж бодлоо. \Яг л манай Алтаа багш шиг\ Энэ нь хүний өөрийн ухамсартай холбоотой байх л даа. Тэгээд цаашаа бодлоо. Багш болгон ийм байна гэж юу байхав. Тийм учраас би өөрийн гэсэн ЕБС-тай болох санаа төрөв. Яг миний хүсээд байгаа сурагчдын хайрыг татаж сурах хүслийг нь дотроос нь асаасан, мэдлэг чадвартай, чин сэтгэлээсээ хичээлээ заадаг тийм багш нарыг би олох хэрэгтэй. Ийм хүмүүс мэдээж ховор байдаг байх. Тийм учраас ийм хүмүүсийг олох гэж нилээн хугацаа зарцуулна. Тиймээс эртнээс хайж өөрийн ажилдаа нэгтгэж авна. Үнэхээр сайн багш нартай болсны дараа сурагчиддаа анхаарлаа хандуулна. 
Эхний ээлжинд маш цөөхөн сурагчдыг элсүүлж суралцуулна. Тэднийг маш чанартай үнэхэрээр өндөр боловсролтой, жинхэнэ улс орондоо хэрэгтэй хүмүүс болгон төлөвшүүлэх суурийг тавина. Гэхдээ сурагчдаа сонгож авахдаа одоогийнхоос маш өөр шалгуураар шалгаж авна. Хамгийн гол нь цаашид боловсрол эзэмших чин хүслийг нь харгалзах үзэх байх. Ийм байдлаар шалгаж аваад л жинхэнэ супер иргэдийг бэлтгэж эхэлнэ дээ. 
Тэгээд би бас зөвхөн ЕБС ч биш бүр том хэмжээний Их сургууль байгуулвал бүр гоё юм байна гэж бодсон. Учир нь хүмүн капиталыг нэмэгдүүлэхэд боловсрол маш чухал, тэр дундаа дээд боловсрол бол бүр ч чухал. Харин дээд боловсролын байгууллага болон ерөнхий боловсолын байгууллага хоёр уялдаа холбоотой ажиллах ёстой гэдэг санааг гаргаж байгаа юм. Оюутан сурагчдийг их дээд сургуулийн түүхий эд гэж үзвэл их сургуулийн профессорууд бол үйлдвэрлэл эрхлэгч шүү дээ. Тиймээс миний санаа бол бэлтгэн нийлүүлэгч буюу ЕБС-н багш нарт түүхий эдээ захиалах болно гэсэн үг. Энэ нь бидэнд ийм шаардлагыг хангасан сурагчдыг бэлтгэж өгөөч гэж хүсэлт ч юм уу үүрэг даалгавар ч юм уу тавина гэсэн үг юм. Ингээд үүний дагуу боловсролын үйлдвэрлэлийн процесс үргэлжилнэ дээ.

Thursday, December 8, 2011

Нэг иймэрхүү

Би гэдэг хүн ер нь ойрдоо юу л болоод байна даа. Өөрийнхөө сул талуудыг даван туулж чадахгүй ч юм уу нэг тиймэрхүү эргэлзээтэй бас дээр нь стресстэй ч юм шиг, нэг бол бүүр ядраад ч байгаа юм шиг хачин мэдрэмжтэй болчихоод байна аа. Ойрдоо ч уул нь сайхан л байна. Хичээлдээ яваад л бүх зүйлээ хийгээд болоод байгаа хирнээ яг тийм ч сэтгэл хангалуун биш байна аа. Яагаад байгаа юм бол бүү мэд. За бас дээр нь хийж байгаа зүйлс маань амжилтаар жаахан тааруу байгаад байдаг. Төлөвлөж байсан зүйлс зарим нь нураад л... Нэг тийм сонин циклд орчихсон ч юм шиг сонин байна шүү. Гэхдээ би чинь хэн сэн билээ дээ. Ийм зүйлээс хурдхан ангижрах чадвар надад байгаа. Харин энэ чадвараа гаргах боломж л олдохгүй байгаа юм шиг байна даа. 
Бас сүүлийн үед өөрийгөө их эргэцүүлэн боддог болоод байгаа. Өөрөөр хэлбэл өөртөө дүн шинжилгээ хийж байгаа гэх үү дээ. Тэгээд анзаарсан зарим юм гэвэл би өөрөө ч мэдэлгүй заримдаа хүнийг үгийг таслаад дундуур нь аймар түрэмгий яриад эхэлдэг юм байна лээ. Ихэвчлэн багш нарынхаа хувьд тэгдэг юм шиг ээ. Найзуудынхаа тухайд бол тэгдэг үгүйгээ анзаардаг ч үгүй юм шиг байгаа юм. Энэ бол маш бүдүүлэг зан байх шүү. Тиймээс даруйхан засах хэрэгтэй. Гол нь энэ зан юунаас болоод надад бий болчихсон байж болох вэ гэхээр багш нар хичээлээс ойлгомжгүй юм байвал тэр дор нь зогсоогоод шууд асууж байгаарай гээд л байдаг даа. Би ч энэ зааврыг нь маш сайн дагадаг байсан л даа. Тэгээд л өөрөө ч анзаарахгүй сүүлдээ бүүр хэнтэй ч хамаагүй ийм байдлаар харилцдаг болчихсон юм шиг байна лээ. 
Бас өөр нэг зүйл гэвэл би үнэхээр залхуу нөхөр гэдгээ мэдсэн. Улам ч ихээр мэдрээд байгаа. Энэ байдлаасаа яаж салах вэ. Ямар ч гэсэн өөрийгөө ямар нэгэн юмаар өдөөж чаддаггүй юм шиг байна лээ. Үүнийгээ бас л даван туулна даа.
Цаашлаад би харин өөрийгөө гэр бүлийнхэндээ, дүү нар, аав, ээж, эмээ, ах эгч гээд л хайртай хүмүүстээ цаг зав маш бага гаргадаг гэдгээ мэдэрсэн. Урьд нь бол би үнэхээр үүнийг мэддэг байсан ч гэсэн тийм чухал гэж тоож хардаггүй байлаа. Харин нэгэн хүн надад үүнийг ойлгуулж өгсөн. Гэхдээ тэр хүнд ч би бас төдий л их анхаарал халамж тавьж чадаагүй ээ. Үүндээ үнэхээр их харамсаж байна. Гэхдээ одоо бүх юм өнгөрчихсөн шүү дээ. Ирээдүйд л би илүү сайн байх хэрэгтэй болов уу. Ямар ч байсан одоо хамгийн эхлээд би ойр дотны хүмүүсдээ чадах чинээгээрээ сэтгэл зүрхээ зориулж тэдэндээ цаг зав бага ч болов гаргаж байх нь ямар чухал гэдгийг ойлгосон. 
За ингээд би одоо өөрийгөө сайн ажиглаж энхийн цагаан тагтаа болохын төлөө хичээнэ ээ. Хэхэ сайн хүн байх сайхан биз дээ. Тийм болохоор муу чанаруудаа хаяж, сайн талуудаа өнгөлөн гялалзуулах хэрэгтэй. 
Өө нээрээ хамгийн сүүлд нь би нэрээ цагийн менежмент муутай гэдгээ бас мэдсэн. Төлөвлөсөн бодсоноороо юм аа хийж чадахгүй л байгаа. Тиймээс бас дахиад л нэг сул тал гараад ирж байна. Энэ бүхний эцэст бүгдийг нь даван туулах л болно... Хичээгээрэй. Аль болох хурдан алдаагаа засах хэрэгтэй. ^_^