Monday, December 26, 2011

Бухимдчий яадын

Энэ Монгол улс гэж чухам яг юу болоод байна аа та минь ээ. Би бүр ойлгохоо болиод байна. Газар шороогоо сэндийчээд л сэндийчээд л. Түүгээр нь одоо Монгол улс тэгээд хөгжөөд дэвшээд л... Ийм үлгэр байдаг болов уу? Үлгэр гэхээсээ илүү аймшгийн зохиол шиг сонсогдож байна. Газар шороо ухаж төнхөх эрхийг нь ямар ч амархан өгчихдөг юм. Баахан юм ухаад л газрын хөрсийг улаанаар нь эргүүлчихээд улсын төсөвт татвар гэж багахан юм нулимчихна. Ядаж байхад тэрийгээ нууж хаан тоо хэмжээг нь багасгаж дараад ёстой л шавхруу гэхээр юм өгч байгаа байх. За тэгээд тэр нь нөгөө улсын төсөвт төвлөрч байгаа юм. Тэгэнгүүт ухаанд нь ухана үхчихсэн хэдэн юм нь тэрийг нь хэдэн мянган хэсэг хуваагаад хэнд ч бараг хэрэггүй юм болгоод буцаагаад гаргачихна даа. Гэхдээ яаж зүгээр байх вэ? Тэгж тэнэглэснийхээ хөлс гээд нөгөөдхөөсөө талыг нь хумсалчихна. Хүмүүс яаж бодохоороо улс орноо ингэж удирддаг байна аа. Тэгээд л он дуусч байхад төсвийн тодотгол гээд хийчихнэ. Яагаад тэрийг дараа жилийн төсөвтөө тусгачихаж болдоггүй юм бэ?
За за энэ ч ёстой жижиг асуудал байх. Хамгийн гол нь миний уур хүрж үхэх гээд байгаа юм гэвэл яагаад заавал өнөөдөр бид юу ч хийж чадахгүй байж газар доор байгаа энэ их баялгаа зүгээр шахуу гадныханд вагон вагоноор нь машин машинаар нь өгөөд байгаа юм бэ? Өнөөдрийн Монголчууд үнэхээр л газар доорхоо ухаж гадныханд зүгээр өгөхгүй бол турж үхчих гээд байгаа юм байх даа. Ойлгохгүй юм. Одоогийн байдлаар өөрийн бодлоор хэдэн юм хэлэх гээд үзье. Бид нар уул уурхайгаа ашиглахаар болж байна. Үүнээс үүдээд асар олон салаа үр дагавар гарах байх.
  1. Монгол бол мал аж ахуйн орон гэдэг. Уул уурхай ашиглаад эхлэхээр малын бэлчээр багасна. Үүнээс цаашлаад гол ус бохирдоно. Алт, зэс гэх мэт байгалийн баялаг нь өөрөө экологийн тэнцвэрийг ханган ус хөрсний чанарыг барьж байдаг амин чухал хэсэг гэдгийг одоо цагт хүмүүс ер нь мэдэж л байдаг. Гэтэл ганц уул уурхайгаас болж миний бодлоор манай улсын мал аж ахуйн салбар тэр чигтээ өвдөг сөхөрч магадгүй л юм шиг санагдаад байх юм. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэдэг биз дээ. Иймээс энэ уул уурхай надад ерөөсөө ч таалагдахгүй байгаа.
  2. Дараагийн зүйл гэвэл уул уурхай өөрөө ажлын байрны багтаамж маш муутай салбар. Ихэвчлэн хүчтэй техник ашиглан үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс маш багахан хэсэг нь энэ салбарт орсныхоо хүчинд овоо их юм зулгааж хоцрох байх. Харин ихэнх хэсэг нь бахь байдгаараа л байх болов уу? Гол нь энэ салбараас орж ирсэн мөнгөний урсгалыг дахин эргэлдүүлж өөр салбаруудыг хөгжүүлнэ гээд байгаа. Хэн үүнийг хэрэгжүүлэх вэ? Мэдээж төрийн зүгээс л хийх болно. Гэтэл өнөөдөр манайд ЭЗ, нийгмийн амьдралд төр хэт их оролцож байгаа. Тэр байдал улам ч нэмэгдэх хандлагатай гэж үзэж болно. Энэ нь өнөөдрийн байдлаар ач тусаа өгөөгүй л яваа бодлогын хувилбар. /Монголын хувьд/ Гэтэл энэ байдлыг улам цааш нь гүнзгийрүүлээд л байх болж байна. Өнөөдөр Монголд хэдий сайн төр байлаа ч том байвал манайд угаасаа тохирохгүй гэж би боддог. Манай багш нар ч ингэж ярьдаг. Бидний чөлөөтэй бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг л бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Өнөөдөр биднийг юу ч хийж чаддаггүй эрхийн тэнэг хүүхэд шиг байдал руу л энэ төрийн бодлого түлхэж байх шиг. Би лав ийм юманд дургүй.
За тэгээд өөр бас бус зөндөө л сөрөг нөлөө байгаа байх. Хамгийн гол нь энэ газар доорх баялгаа ухаж гаргаж ирээд өнөөдөр бид хэргийг нь нэгэнт гаргаж чадахгүйгээс хойш өлсөж үхчихээргүй л байгаа хойно заавал ингэж улайран дайрах хэрэг үнэндээ байхгүй л юм шиг санагдах юм.
"МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ"   Модун Шанью.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.