Wednesday, February 1, 2017

Монголбанкны алт худалдан авалтын үйл ажиллагаа




Алт гэдэг нь цаг хугацааны туршид үнэ цэнээ хадгалах чадвартай бараа юм. Энэ ч утгаараа эрт дээр үеэс төлбөр тооцоо алтан зоосоор хийгддэг байсан түүхтэй. Харин орчин үеийн Төв банкууд үүссэнээр улс орнууд өөрийн мөнгөн дэвсгэртийг гаргажээ. Ингэхдээ мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг алтаар баталгаажуулдаг байв. Өөрөөр хэлбэл, цаасан мөнгөний үнэ цэнэ нь өөрөө хэр их алтанд хөрвөх боломжтой вэ гэдгээр тодорхойлогдох болжээ. Тухайлбал, 1717 онд Англид 1 фунт стерлинг 7.32 грамм цэвэр алттай тэнцэж байв.
Засгийн газрууд их мөнгө хэвлэснээс үүдэн инфляци өсөхгүй байх, санхүүгийн систем найдвартай байх нөхцөл болдог нь энэхүү тогтолцооны давуу тал байв. Иймд олон улс орнууд ч алтны стандартад шилжжээ. Гэтэл 20-р зууны эхэн үеэс энэхүү зарчим алдагдаж, улс орнууд дайны санхүүжилтэд зориулан их хэмжээний цаасан мөнгө хэвлэх болсноор олон оронд мөнгөн дэвсгэрт алтаар баталгаажих явдал зогсчээ. Цаашлаад эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг удирдах замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжтойг эдийн засагчид нотолж, алтны нөөцөөс хараат байдлаар мөнгөний бодлого явуулах нь зохимжгүй болох нь амьдралд харагдах болжээ.
Гэсэн хэдий ч өнөөг хүртэл Төв банкууд алт эсвэл мөнгийг нөөцдөө хадгалдаг. Энэ нь тухайн орны мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт эрсдэлтэй нөхцөл үүссэн үед сөрөг нөлөөг бууруулах баталгаа болдог байна.
Олон улсын Төв банкуудын жишгээр Монголбанк ч иргэд, аж ахуйн нэгжүүд, мөн иргэдээс алт худалдан авах эрх олгосон арилжааны банкуудаас алт худалдан авах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулдаг. Ингэхдээ Үнэт металлын сорьцын хяналтын газраар (ҮМСХГ) сорьцлуулсан алтыг тухайн өдрийн Монголбанкны цахим хуудсанд зарласан ханшаар худалдаж авдаг.
Монгол Улсын хувьд алт олборлох зөвшөөрөл бүхий уул уурхайн компаниудаас гадна, иргэд аж ахуйн нэгжүүд хувиараа алт олборлох үйл ажиллагаа түгээмэл байдаг. НҮБ-аас гаргасан бичил уул уурхай (БУУ) эрхлэлтийн байгаль орчны нөлөөллийн судалгаанд дурдсанаар Монголын бичил уурхайн салбарт 61-100 мянга орчим этгээд үйл ажиллагаа явуулдаг талаар дурджээ. Эдгээрийн 78.2% буюу 48,000-78,000 нь алт олборлодог байна.
Эх сурвалж: Монголбанкны ЗЗГ
Монголбанкинд иргэд, аж ахуйн нэгжийн алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж 2019 он хүртэл Монголбанк, түүний эрх олгосон арилжааны банкинд тушаасан алтны нөөц ашигласны төлбөрийг 5%-иас 2.5% болгон бууруулсан. Түүнчлэн, зах зээлийн үнээс хамаарч ноогдуулдаг нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 0% болгон бууруулсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын байдлаар худалдан авсан алтны хэмжээ түүхэн дээд хэмжээ буюу 17.6 тоннд хүрсэн байна. Үүнд иргэдийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 2,973 иргэн Монголбанкинд 10.6 тонн алт тушаасан байна. Үүнтэй харьцуулахад 2013 онд 3 иргэн нийт 6 кг алт тушааж байжээ. Ийнхүү Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь Монголбанкны Гадаад валютын албан нөөц (ГВАН) нэмэгдэх чухал хүчин зүйл болж байгаа. 2016 онд Монголбанкны худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь ГВАН-ийн 65%-тай тэнцэх дүн юм.
Эх сурвалж: Монголбанкны ЗЗГ
Цаашид Монголбанкинд тушаах алтны хэмжээ өндөр байх нь ГВАН-ийг нэмэгдүүлж, улмаар гадаад валютын дотоодын зах зээлд огцом савалгаа үүсэх эрсдэлийг бууруулах давуу талтай юм.

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.