Thursday, October 20, 2011

Бүхнийг бодлын хүчээр

Сайн байцгаана уу? Юун түрүүнд өөрийн бодлоо хэн нэгэнтэй хуваалцмаар санагдсанаа хэлэх хэрэгтэй байх.
Өнөөдөр бидний амьдралд шийдэгдэж болохоор мөртлөө ер шийдэгдэхгүй байсаар байгаа, биднии бухимдлыг төрүүлдэг маш олон зүйлс байдаг. Тэднийг тоочоод би лав дуусахгүй юм шиг санагддаг юм. Харин түүнээс яаж ангижирч болох вэ? гээд бодлоо л доо. Биднээс шалтгаалах зүйлс юу байж болох талаар бодож үзлээ.

Хамгийн түрүүнд бид өөрсдөө ийм зүйлийг бий болгох үндэс суурийг нь нэг талаар бүрдүүлдэгтэй холбоотой байдаг болов уу? Өдөр тутам бид хийж буй зүйлсээ бодож төлөвлөж түүнийхээ дагуу ажиллаж чаддаг бил үү? Үгүй л болов уу. Би лав үгүй. Яг үнэндээ бол бодож төлөвлөөд хийх сайхан л даа. Даанч яг одоо миний амьдрал тогтож эхлээгүй ч юм уу бүү мэд гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Түүнийг ч тооцоход маш хэцүү байна. Өнөөдөр надад юу тохиолдож болох бол? Яах бол ийх бол гээд бодоод байна гэдэг ч угаасаа надад утгагүй санагддаг. Тийм ч болохоор төлөвлөсөн зүйлүүдэд минь эрс өөрчлөлт гарах тохиолдлууд бишгүйдээ л олон байна. Гэхдээ миний бодлоор эдгээрийг зарим үед хянаж байх нь зүйтэй болов уу? Ямар ч юм хийсэн түүнийгээ маш сайн боловсруулж бүрэн гүйцэд хийх ёстой байх гэж хэлэх гээд байна л даа. Нэг ёсондоо хүн бүр бодлоготой алхам аль болох их хийж байвал зүйтэй байх гэж бодож байна. Өнөөдөр анзаараад байхад ямар ч бодлогогүй урсгалаараа яваад байгаа нь бидний үеийнхэнд олон болоод байгаа юм уу даа гэж харагдаад байх юм. Үгүй л байгаасай. Харин эсрэгээрээ хүн болгон өөрийн дотроо баримталж явдаг ямар нэг үзэл баримтлалтай түүнийхээ талд хатуу зогсож чаддаг тийм эрс шийдмэг зан дутагдаад байх шиг ээ. Үүний тулд бас юм болгон дээр бодлоготой байх хэрэгтэй. Миний баримтладаг зарчимд нийцэж байна уу үгүй юу гэдгийг тунгаан боддог байх хэрэгтэй. Товчоор өнөөдрийн энэ нийгэмд БОДЛОГЫНХОО ХҮЧ-ээр л амьдарч чадах байх. Тийм ч учраас өөртөө болон үе тэнгийнхэндээ бодлоготой байгаарай гэж хэлмээр бас уриалмаар санагдах юм. Удахгүй бид нийгэмд өнөөдрийнхөөсөө илүүтэйгээр тодорхой нэгэн байр суурийг эзэлдэг, өнөөдрийнхөөсөө хавьгүй илүү хувь нэмэр оруулдаг Монгол улсын иргэдийн эгнээнд шилжинэ. Энэ үед бас л бид өөр өөрсдийгөө хүнээс дутуугүй сайхан авч явах зайлшгүй үүрэг бидэнд ногдож байна. Яагаад гэвэл бид өдий болтол эцэг эхийнхээ тус дэм, хайр энэрэл гээд бүхий л зүйлийн үр шимээр өдий дайтай болчихоод явж байгаа хүмүүс шүү дээ. Бас юугаа ч мэдэхгүй гүйж явсан бага ангийн сурагч байхаа болиод нилээд юм бодож тунгаадаг болчихсон байх тэр насан дээрээ явж байна. Аугаа суут сэтгэгчид олон том эрдэмтдийн суут нээлтүүдээ хийсэн тэр насанд бид бараг л хүрч явна. Гэтэл өнөөдөр бидэнд юу байна? Бидний хийж чадах зүйл юу байна? Өөртөө, гэр бүлдээ, хамт олондоо, улс эх орондоо бид юу хийж чадах вэ? Энэ бүх асуултын хариуд бид бага ч болов хэлэх зүйлтэй байх үүрэгтэй биз дээ? Тийм болохоор бид БОДЛОГОТОЙ БАЙХ хэрэгтэй. Гэр бүлдээ бидний эзлэх байр суурь нэмэгдэж байна. Ядаж л ээж аав минь оройн хоолоо хэдэн хүүхэддээ хийж өгнө гээд ядарсаар ажлаасаа орж ирээд яаран хөлдүү мах хөшиглөж зогсдог цаг нь өнгөрөөд халуун хоолоо идье гэсэн бодолотой гэртээ орж ирдэг болж. Дүүгээ цэцэрлгээс нь авсан болов уу? Хувцас хунар нь юу болж байгаа бол угаах болсон болов уу гэж санаа зовохгүй болж. Энэ бүх зүйлсээ бид өсч томрохын хирээр өөрсдөө хэнээр ч хэлүүлэлгүй хийгээд сурчихсан байна. Энэ бол анзаараагүй боловч бидний нэг дэвшил. Гэхдээ иймхэн зүйлд бид хэдэн жил зарцуулсан бил ээ? Магадгүй бараг 15 жил байх аа. Одоо бид үүнээс хэдэн мянга дахин илүү зүйл хийж чадах чадвартай насан дээрээ байгаа гэж бодож байна. Бид бага байхдаа аав ээж хоёр юу л гэнэ тэрийг нь дагаад л явдаг байсан бол одоо гэр бүл гэдэг жижиг улсын бодлогод ч хүртэл оролцох чадвартай болцгоосон байна. Гэртээ юу авах хэрэгтэй байгаа билээ гээд л биднээс асууж байна. Энэ бол бид бодлогод оролцож байгаа нэг хэлбэр биз дээ. Харин бид өсч томорч байгаагийн хирээр бидний нийгэмдээ хүлээх үүрэг маань нэмэгдсээр л байгаа түүнийг бид анзаардаг билүү? Үгүй бол анзаарах л хэрэгтэй. Харин мэддэг бол бид юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж бид өөрсдийн чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Үүний тулд л бид их дээд сургуульд сурч байгаа тийм биз дээ. Харин энэ зорилгоо таг мартаад явчихаж болохгүй байх. Тийм учраас энэ дөрөвхөн жилдээ маш ихийг сурч мэдэн чадах чинээгээрээ мэдлэгийн далайд шумбаад авах ёстой байх. Үүний тулд дахиад л бодлоготой байх маш чухал. 

Ер нь юу ч хийсэн бид тодорхой хэмжээнд бодож боловсруулж чадах насанд хүрсэн хүмүүс шүү дээ бид чинь. Багадаа буруу зүйл хийчихээд аав ээждээ загнуулахдаа тэднээс айдаг байсан. Яагаад гэвэл хэлээд байгаад нь нээх анхаардаггүй байсан байх. Зүгээр л өндөр дуу, уцаартай байдлаас нь айдаг л байсан. Заримдаа ганц хоёр алгадуулах үе гардаг л байсан. Тэр үед нь бол алгадаад авах вий л гэж боддог байлаа. Харин одоо бол өөр. Загнуулахаараа өөртөө уур хүрнэ, арай ч дээ гээд л тэгээд заримдаа бүр өрөөсөө ичнэ. Өөрөө өөртөө сэтгэл дундуур, уурлаж бухимдаж байхаас илүү зовлонтой зүйл ер нь байхгүй л байх. Бараг л байхгүй байх... Тийм болохоор дахиад л бодлоготой байх хэрэгтэй. Юмыг харж бодож сэтгэх хараатай байх хэрэгтэй. Илүү өргөн хүрээгээр харж, сэтгэдэг байх хэрэгтэй болов уу. 

Хүн бага насандаа маш их юмыг сурдаг гэдэг ш дээ. 0-5 насандаа бүх мэдлэгийнхээ 80%-г олж авдаг гэдэг байх аа? Тэгвэл оюутан байх насандаа бид дахиад үлдсэн хэсгийнхээ 80%-г олж авдаг байх. За мэдлэг гэхэд тохирохгүй юм уу? Ер нь амьдрал гэдэг зүйлийн зангилаа, зүй тогтлыг ойгоход энэ үе бидэнд маш чухал юм шиг санагдаг. Одоо ажиллаж байгаа хүмүүсийг харж байхад ер нь ингэж бодогдог болсон. Тиймээс бид одоо л бодож сэтгэж, хэлэх үгээ хэлж, үзэл бодлоо хамгаалж ирээдүйн сайн сайхныхаа төлөө өөрийн чадах бүхнийг хийх хэрэгтэй. Үүний тулд бас л бодлоготой байх шаардлага зайлшгүй гарч ирнэ. Тиймээс БОДЛОГОТОЙ БАЙЦГААЯ!!! 

(Note: It was my first post which targeted to public )

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.