Tuesday, September 16, 2014

Мэдрэмж

Мэдрэмж. Энэ ер нь юу юм бэ? Биегүй хоосон атлаа яагаад хүний амьдралд тийм чухал байдаг юм болоо? Ойлгох ойлгохгүй олон асуудлын минь нэг энэ байх аа. Хүнд нэг өдөр сайхан санагдах мөртлөө төд удалгүй шаал өөр юманд дурлах жаахан хүүхэд шиг л зарим зүйл дээр учир нь ойлгогдохгүй юм. Тэр тусмаа хүн хүнээ ойлгох гэдэг даанч хэцүү бас заримдаа амархан тийм байдаг юм шигээ. Цаанаа ижилхэн нэг зүг рүү тэмүүлж байгаа бол амархан байх. Нөгөө хүнээ таньж ойлгосны дараа бол амархан гэж хэлж болох байх. Тэрнээс наана бол хэцүү, хэцүүдээ бүр их хэцүү. Хэн бэ гэдгийг нь таних тэр тусмаа бүр хэцүү.Яагаад гэвэл хүнээс нэг мөчид гарсан үйл хөдлөл яг тэр хэвээрээ эргээд гарж чаддаг болов уу? гээд асуугаад үзье л дээ. Хэцүү л байх, магадгүй бүр байдаггүй байх. Цаг хугацаа өнгөрөхөд харилцааны явцад мэдээлэл л үлддэг. Эндээс мэдрэмж байхгүй бол нэгтгэж дүгнэхэд хэцүү. Мэдрэмж гэдэг нь яавал байхгүй байж болох вэ? Аль ч талд бай амьдралын туршлага, туулаад ирсэн зам нь тэс өөр байсан бол нэг зүйлийг ч бай тэс өөрөөр харна. Ингээл мэдээлэл илрэх болгонд зөв буру ухамаагүй дүгнэлтүүд урсаад л байдаг. Нэг үл ойлгол үүсвэл мэдрэмж өөрчлөгдөж эхлэнэ. Энэ салхи буруу тийш эргэвэл харилцаа дуусах дөхсөнийг илэрхийлдэг байх.
Тэмүүлэх тэмүүлэл, сонирхол байхгүй бол өөр юу ч байгаад нэмэргүй юм шиг.

Сэтгэлд байсан зэрэглээ нүдний өмнө сарниж одоход би бодитоор дахиж бүгдийг шинээр харна.

Monday, August 18, 2014

Камертон-Хайрын хот

Камертон хамтлагийн Хайрын хот дууг оруулж байна. Видеог нь хайгаад олдохгүй байна лээ. Сонсоход урамтай нэг л гэгээлэг гоё дуу шүү.

Wednesday, July 23, 2014

Зүүдэндээ учраад л байгаа даа.

Энэ хоёрын дуу бас гоё шүү. Зүүдэндээ учраад гоё л байдым даа заримдаа :-)

Sunday, June 15, 2014

All of me

Гоё дуу байна лээ. Сонсоод л баймаар. 


Tuesday, April 15, 2014

Гүн ухаан бас боловсрол

Би философийн хичээл яагаад их сургуульдаа үзэж байгаагүй юм бол оо? Аавын уншаад байдаг номнуудыг хараад, бас ааваар энэ талаар яриулж байхдаа, бас баахан юм аавд бичиж өгч байхдаа их л сонирхоод дундаас багахан ч болов юм авч үлдэх юм сан гэж боддог байж билээ. Тэгсэн баахан завгүй явсаар байгаад нөгөө сонирхоод байсан юмаа үзэж амжаагүй нэг мэдсэн төгсчихсөн байсан. Баахан хэрэгтэй, хэрэггүй хичээл үзээд л байсан. Гэтэл яг хэрэгтэй хичээлүүдийг нь нэг багцад оруулаад би дахиад үзнэ гэхээр нэмэлт мөнгө, бас амжихгүй байхад дахиад цаг зарах болоод байсан байх аа. Тэгээд л үзэхээ больчихсон байх бодоод байхад. Харин Философийн оронд Монголын түүх үзсэндээ одоо ч баярладаг л даа. 

Энэ тал дээр би үнэхээр харанхуй явж байсан нөхөр байна лээ шүү. Дээр нь бас Монгол хэл ч бас үнэхээр муутай гэдгээ одоо л мэдэж байна. Уул нь өөрийгөө нэг их голдоггүй байлаа. Бага ангийн маань багш Монгол хэлний багш байсан болоод тэр үү энэ хичээлийг их л сайн заадаг байсан. Тухайн үедээ тэгээд алдаагүй бичихийг л хэлээ сурчихлаа гэж ойлгодог байж дээ. Тэгээд энэ чигтээ төөрөлдөж явсаар дунд сургуулиа төгссөн дөө хөөрхий. 11-д ороод Монгол хэлний багш мэдлэгтэй хүн байсан ч тэрийгээ бусдад ойлгуулах, заах авьяас үнэндээ л багшид минь байгаагүй дээ. Настай хүн байсан болохоор үнэн уламжлалт сэтгэхүйтэй. Ямар ч шинэлэг зүйл байхгүйн дээр ааштай гэж жигтэйхэн байсан даа. Хүүхэд болгоны дургүй багш гэж байдаг даа. За яг л тэр тодорхойлолтонд бүрэн нийцсэн хүн байсан байх. Намайг загнаад, муухай аашлаад байдаггүй байсан ч би лав хичээлд нь дургүй байсан. Хөөрхий муу Сэргэлэн багш минь уул нь настай, дээр үеийн сургалтаар хүмүүжсэн, юм үзсэн хүн байсан болохоор жинхэнэ юм сурахаар л хүн байж дээ гэж одоо бодох юм. Хаха гэхдээ 10 жилийн бацаанууд тэр үед яг л тийм юм бодож харагдана даа. Амнаас нь гарч байгаа үг бүрийг нь л чихний хажуугаар өнгөрөөгөөд байхаар өнөө багш маань ч хүртэл уурлана биз дээ. Тэгээд л бид нарыг ч нэг их тоохоо больсон байх. Бид нар ч тэгэс ингэс гээд л хичээлийн цагаа өнгөрөөдөг байж билээ. Гол нь багшийгаа би одоо юунд буруутгаж байна вэ гэвэл бид нарын тэнэгийг ойлгуулж өгч чадаагүйд нь л буруутгаж байна. Жишээ нь физикийн багш хичээлээ ямар зарчмаар заадаг байсныг хожим би уулзаж ярьж сууж байхдаа сонссон. Хүчээр толгойд нь юм шахах гэж оролдохын оронд яагаад чи энийг сурах ёстой вэ? Сурахгүй байснаараа чи юу мэдэхгүй алдаж байгаа вэ? гэдгийг тайлбарлаж амьдрал дээр энэ хичээлийн энэ зүйл ингэж алхам бүрт чинь тохиолдож байна. Утга учир нь ийм шүү дээ гээд л ёстой сэнхрүүлээд өгч байгаа юм чинь. Гол нь өөрөө зааж байгаа зүйлдээ дуртай, хүсэл эрмэлзэл дүүрэн сайхан заадаг байсан шүү багш маань. Даанч удалгүй нөгөө өвчин гараад зурагтаар баахан хичээл заахад манай багшаар физик заалгаад тэрнээс хойш манай 11-ийн цалин үнэхээр багадаад, мэдлэг, чадварыг нь зүй ёсоор үнэлдэг газар луу яваад өгсөн дөө. Гэвч хүлээж авах чадвартай сайн хүүхдүүдэд хичээлээ зааж байгаа эсэхэд нь би эргэлздэг л юм. 

За тэр ч яахав бүүр хадуураад явчихлаа. Гүн ухаан ярьж яваад физик болоод төгсөх шив. Гэхдээ л энэ гүн ухаан гэдэг чинь одоо миний харанхуй төөрөөд ч байгаа юм шиг энэ сонин байдлыг арилгаж өгөх нэг арга байх гэж бодоод байгаа. Нэг л бүдэг бадаг, сааралтсан энэ байдлаас яаж гаръя даа байз. Юм уншиж, бодож, эргэцүүлэх л хэрэгтэй болов уу даа. 

Friday, March 14, 2014

Хха хэдэн ч жилийн өмнөх драфт юм бүү мэд.

Би бол одоо жирийн л нэг оюутан. Гэхдээ бусдаас өвөрмөц бодолтой хэзээ ч давтагдашгүй ертөнцийн нэгэн хувилбар. Харин өөр зүйлстэй учирч, өөр өөр орчинд байж бүх зүйл өөрчлөгдөөд ирэхээр би ч бас дагаад өөрчлөгдөх хэрэгтэй болдог юм шиг ээ. Хүмүүс намайг юу гэж бодох нь надад бол тийм ч чухал биш. Харин өөрийнхөө хийж байгаа юм аа юунд хэрэгтэй яг яах гэж хийж байгаагаа л мэдэж байх нь надад чухал. Хэн нэгэн нь надад Асар их ус руу чи үсэрлээ гэж бодоход эцэст нь чи заавал хөвөн гарч ирэх л болно гэж хэлж байсан юм шиг санагдах юм. Энэ бол миний яг юу хийх ёстой тэр л зүйл. Би бүгдийг чадахаас нь эхлээд чадахгүйгээ хүртэл хийх ёстой. Бас амьдрал өөрөө миний багш байдаг болохоор амьдралдаа би өөрийн гишгэсэн мөр болгоноо эргэн нэг харж түрүүчийн гишгэсэн буруу газраа дахиж хэзээ ч гишгэхгүй баймаар байна. Энэ бас л миний амьдралын чухал зүйлсийн нэг. Үндэсгүй мод гэж байдаггүй, наргүй бол дэлхий дээр амьдрал байхгүй гэдэг шиг надад бас сайн хань ижил хэрэгтэй л байх. Энэ ч бас л миний амьдрын луужин болдог. Хүн болгоны хүсч байдаг тэр зүйлсийн нэг бол гэр бүлийн аз жаргал байдаг байх. Сайхан гэр бүлтэй халуун дулаан уур амьсгалтай хөөрхөн хүүхдүүд сайхан ханийхаа тусламжтайгаар миний амьдрал өмнө нь хэний ч хүрч байгаагүй тэр сайхан газар хүрч дараагийнхаа гайхамшигруугаа хөтлөгдөн явна. Хүн төрөлхтний бүгдийнх нь сайн сайхан ирээдүйн хөгжилд би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зүйлийг чадах хэмжээгээрээ хийж үр хүүхдүүдээ ч гэсэн тэр зүйлд хөтлөх тэр цаг удахгүй ирэх биз ээ. Хүний хүсэл тэмүүлэл сэтгэхүй өөрөө энэ ертөнцийн юу юунаас илүү гайхамшиг билээ...

Tuesday, February 4, 2014