Tuesday, April 15, 2014

Гүн ухаан бас боловсрол

Би философийн хичээл яагаад их сургуульдаа үзэж байгаагүй юм бол оо? Аавын уншаад байдаг номнуудыг хараад, бас ааваар энэ талаар яриулж байхдаа, бас баахан юм аавд бичиж өгч байхдаа их л сонирхоод дундаас багахан ч болов юм авч үлдэх юм сан гэж боддог байж билээ. Тэгсэн баахан завгүй явсаар байгаад нөгөө сонирхоод байсан юмаа үзэж амжаагүй нэг мэдсэн төгсчихсөн байсан. Баахан хэрэгтэй, хэрэггүй хичээл үзээд л байсан. Гэтэл яг хэрэгтэй хичээлүүдийг нь нэг багцад оруулаад би дахиад үзнэ гэхээр нэмэлт мөнгө, бас амжихгүй байхад дахиад цаг зарах болоод байсан байх аа. Тэгээд л үзэхээ больчихсон байх бодоод байхад. Харин Философийн оронд Монголын түүх үзсэндээ одоо ч баярладаг л даа. 

Энэ тал дээр би үнэхээр харанхуй явж байсан нөхөр байна лээ шүү. Дээр нь бас Монгол хэл ч бас үнэхээр муутай гэдгээ одоо л мэдэж байна. Уул нь өөрийгөө нэг их голдоггүй байлаа. Бага ангийн маань багш Монгол хэлний багш байсан болоод тэр үү энэ хичээлийг их л сайн заадаг байсан. Тухайн үедээ тэгээд алдаагүй бичихийг л хэлээ сурчихлаа гэж ойлгодог байж дээ. Тэгээд энэ чигтээ төөрөлдөж явсаар дунд сургуулиа төгссөн дөө хөөрхий. 11-д ороод Монгол хэлний багш мэдлэгтэй хүн байсан ч тэрийгээ бусдад ойлгуулах, заах авьяас үнэндээ л багшид минь байгаагүй дээ. Настай хүн байсан болохоор үнэн уламжлалт сэтгэхүйтэй. Ямар ч шинэлэг зүйл байхгүйн дээр ааштай гэж жигтэйхэн байсан даа. Хүүхэд болгоны дургүй багш гэж байдаг даа. За яг л тэр тодорхойлолтонд бүрэн нийцсэн хүн байсан байх. Намайг загнаад, муухай аашлаад байдаггүй байсан ч би лав хичээлд нь дургүй байсан. Хөөрхий муу Сэргэлэн багш минь уул нь настай, дээр үеийн сургалтаар хүмүүжсэн, юм үзсэн хүн байсан болохоор жинхэнэ юм сурахаар л хүн байж дээ гэж одоо бодох юм. Хаха гэхдээ 10 жилийн бацаанууд тэр үед яг л тийм юм бодож харагдана даа. Амнаас нь гарч байгаа үг бүрийг нь л чихний хажуугаар өнгөрөөгөөд байхаар өнөө багш маань ч хүртэл уурлана биз дээ. Тэгээд л бид нарыг ч нэг их тоохоо больсон байх. Бид нар ч тэгэс ингэс гээд л хичээлийн цагаа өнгөрөөдөг байж билээ. Гол нь багшийгаа би одоо юунд буруутгаж байна вэ гэвэл бид нарын тэнэгийг ойлгуулж өгч чадаагүйд нь л буруутгаж байна. Жишээ нь физикийн багш хичээлээ ямар зарчмаар заадаг байсныг хожим би уулзаж ярьж сууж байхдаа сонссон. Хүчээр толгойд нь юм шахах гэж оролдохын оронд яагаад чи энийг сурах ёстой вэ? Сурахгүй байснаараа чи юу мэдэхгүй алдаж байгаа вэ? гэдгийг тайлбарлаж амьдрал дээр энэ хичээлийн энэ зүйл ингэж алхам бүрт чинь тохиолдож байна. Утга учир нь ийм шүү дээ гээд л ёстой сэнхрүүлээд өгч байгаа юм чинь. Гол нь өөрөө зааж байгаа зүйлдээ дуртай, хүсэл эрмэлзэл дүүрэн сайхан заадаг байсан шүү багш маань. Даанч удалгүй нөгөө өвчин гараад зурагтаар баахан хичээл заахад манай багшаар физик заалгаад тэрнээс хойш манай 11-ийн цалин үнэхээр багадаад, мэдлэг, чадварыг нь зүй ёсоор үнэлдэг газар луу яваад өгсөн дөө. Гэвч хүлээж авах чадвартай сайн хүүхдүүдэд хичээлээ зааж байгаа эсэхэд нь би эргэлздэг л юм. 

За тэр ч яахав бүүр хадуураад явчихлаа. Гүн ухаан ярьж яваад физик болоод төгсөх шив. Гэхдээ л энэ гүн ухаан гэдэг чинь одоо миний харанхуй төөрөөд ч байгаа юм шиг энэ сонин байдлыг арилгаж өгөх нэг арга байх гэж бодоод байгаа. Нэг л бүдэг бадаг, сааралтсан энэ байдлаас яаж гаръя даа байз. Юм уншиж, бодож, эргэцүүлэх л хэрэгтэй болов уу даа. 

Friday, March 14, 2014

Хха хэдэн ч жилийн өмнөх драфт юм бүү мэд.

Би бол одоо жирийн л нэг оюутан. Гэхдээ бусдаас өвөрмөц бодолтой хэзээ ч давтагдашгүй ертөнцийн нэгэн хувилбар. Харин өөр зүйлстэй учирч, өөр өөр орчинд байж бүх зүйл өөрчлөгдөөд ирэхээр би ч бас дагаад өөрчлөгдөх хэрэгтэй болдог юм шиг ээ. Хүмүүс намайг юу гэж бодох нь надад бол тийм ч чухал биш. Харин өөрийнхөө хийж байгаа юм аа юунд хэрэгтэй яг яах гэж хийж байгаагаа л мэдэж байх нь надад чухал. Хэн нэгэн нь надад Асар их ус руу чи үсэрлээ гэж бодоход эцэст нь чи заавал хөвөн гарч ирэх л болно гэж хэлж байсан юм шиг санагдах юм. Энэ бол миний яг юу хийх ёстой тэр л зүйл. Би бүгдийг чадахаас нь эхлээд чадахгүйгээ хүртэл хийх ёстой. Бас амьдрал өөрөө миний багш байдаг болохоор амьдралдаа би өөрийн гишгэсэн мөр болгоноо эргэн нэг харж түрүүчийн гишгэсэн буруу газраа дахиж хэзээ ч гишгэхгүй баймаар байна. Энэ бас л миний амьдралын чухал зүйлсийн нэг. Үндэсгүй мод гэж байдаггүй, наргүй бол дэлхий дээр амьдрал байхгүй гэдэг шиг надад бас сайн хань ижил хэрэгтэй л байх. Энэ ч бас л миний амьдрын луужин болдог. Хүн болгоны хүсч байдаг тэр зүйлсийн нэг бол гэр бүлийн аз жаргал байдаг байх. Сайхан гэр бүлтэй халуун дулаан уур амьсгалтай хөөрхөн хүүхдүүд сайхан ханийхаа тусламжтайгаар миний амьдрал өмнө нь хэний ч хүрч байгаагүй тэр сайхан газар хүрч дараагийнхаа гайхамшигруугаа хөтлөгдөн явна. Хүн төрөлхтний бүгдийнх нь сайн сайхан ирээдүйн хөгжилд би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зүйлийг чадах хэмжээгээрээ хийж үр хүүхдүүдээ ч гэсэн тэр зүйлд хөтлөх тэр цаг удахгүй ирэх биз ээ. Хүний хүсэл тэмүүлэл сэтгэхүй өөрөө энэ ертөнцийн юу юунаас илүү гайхамшиг билээ...

Tuesday, February 4, 2014

Thursday, January 16, 2014

Аавдаа би хайртай

Аав гэдэг хүн нэг л сонин шүү. Хажууд нь байхад түшигтэй, нөмөртэй тэгсэн мөртлөө цаанаа л нэг жийрхээстэй. Хайр халамж нь нэг их ил үсчээд, нялуураад байдаггүй мөртлөө биднийхээ төлөө өдөр бүр л зүтгэж байдаг хүмүүс. Харьцахад нэг л эвгүй ч юм шиг цаанаа тийм сонин мэдрэмжтэй байдгийн. Яагаад ч юм хүч чадалтай, ухаантай, бас ээж нарыг бодвол илүү зоримог, шийдэмгий, хааяа дүрэлзэн асдаг ааш зантай хүмүүс байдаг болохоор тэгдэг байх. 11-р ангид байхад хичээл тарж ирчихээд зуны нэг орой л санагдана. Бүүдгэр үүлтэй, гадаа ч дотор ч нэг л сонин тийм өдөр байж билээ. Яагаад ч юм гэнэт л аавын тухай бодогдоод болохгүй байсан сан. Аавдаа зэмлүүлж загнуулж байсан бодлууд хөврөөд л... Тэгээд цаашаа бодож бодож заримдаа аавд уур ч хүрэх шиг. Тэгж тэгж өөртөө дургүй хүрээд л дуусч билээ. Тэгээд би ч мөн өдий байна даа гэсэн бодол төрсийн. Яагаад гэхээр жоохон солиороход тэр үед "Чингис хаан" кино үзээд дээр нь Нууц товчоон дээрхтэй таарж байна уу? Үг үсэг нь ямар байна хэлэх гэсэн санаа яг кинон дээрхтэйгээ ижил ойлгогдож байна уу гээд л заримдаа боддог байлаа. Тэгсэн тэр үед Чингис хааныг нас барчихвал энэ улс гэрийг чинь хэн удирдах юм, дөрвөн хүүгийнхээ хэнийг хаан болгох гэж байгаа юм? гээд л Есүй хатан асуудаг даа. Тэгсэн тэрийг үзэж байгаад би хүн болгон л үхэж төрөх нь үнэн. Тэгэхээр нэг л өдөр аав ээж хоёр минь яваад л өгөх байх гэж бодсон чинь бүүр аймар, ёстой сонин мэдрэмж төрж билээ. Тэгээд аав ээж хоёрын залуугийн зургийг төсөөлж нүдэндээ хараад одоо ямар болж байна гэж бодоол... Тэгээл цаашаа их юм бодсоон. Тэгсэн хурдын "Аавдаа би хайртай" гээд дуу аманд аялагддым байна. Шууд л юүтүүбээс оригоор нь сонслоо.

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд гандсан
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг 
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ...

Энэ мөрүүд надад хамгийн их юм бодогдуулсан. Энэ амьдралдаа ээж аав хоёртойгоо үргэлж хамт байхгүйгээс хойш хором мөч бүр өнгөрөх тусам бидний цуг байх хугацаанаас хоргодоод л байгаа гэж бодохоор өдөр бүр уулзах бүртээ ер нь хүү нь болж төрсөн бид аав ээжийгээ аль болох жаргаах, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх, биднээр хэзээ нэг өдөр бахархаад нүүр бардам суухыг нь харах юм сан гэж бодлоо. Аав ээж хоёртойгоо харьцах харьцаа энэ үеэс эхлээд бас нэг шат ахисан байх шүү. Улам илүү хүндэлж, хайрлах болсон байх. Тэгээд энэ дууны мөр бүрийг нь сонсоод л нээрээ тийм юм байна шдээ гээл бүр оройруу орж байх шиг санагдсан. Гэхдээ ойлгосон гээд байгаа зүйлсийг минь хүмүүс зөндөө л ярьдаг, би ч урьд нь зөндөө л сонссон. Гэхдээ тэрийг ойлгоно гэдэг чинь өөр юм байдаг юм шиг байна лээ. Өмнө нь бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр л гардаг байсан байх. 


Тэгээд би бас өөрийгөө аавынхаа оронд тавьж байгаад бодож үзлээ. 3-ийн гурван эрэгтэй хүүхэд. Ирээдүйд гурвуулаа бас аав болно. Сургах, таниулах юм их. Бас нэг л сэтгэлд нь хүртэл юм хийчихэж чаддаггүй. Хэзээ нэг чамбай залуучууд болох бол доо гэж боддог болов уу? Тэгээд л улам хичээх хэрэгтэй. Агтны бийд газар үз, Аавын бийд хүнтэй танилц гэдэг. Энэ зүгээр ч нэг хүнтэй танилцаад дуусчих биш цаагуураа амьдрал ахуйгаа аваад явчих эр хүн болох гэсэн утгатай байх гэж би тайлж ойлгосым. Аав гэдэг нь ч тэр зөвхөн аавыг хэлээгүй байх өө. Ээж аав хоёулаа л хамаатай байх. 

Ингээд би цаашаа дуугаа сонсоод баахан л юм бодлоо. Дүгнээд хэлэхэд энэ хүмүүс бидэнд амаараа хэлдэггүй мөртлөө асар их юмыг бидэнд байнга өгөөд, анхаарал хайр халамжаа ямар ч хариу нэхэлгүй илгээж байдаг хүмүүс юм байна шдээ. Ачийг нь хариулна гэж хүмүүс ярьдаг. Одоохондоо би эхлээд ядаж тэр их сэтгэлийг нь ойлгох ухаан надад хэрэгтэй юм байна. Хүмүүс ямар би ингэж байна шүү. Би ийм юм бодоод одоо энийг хийж байна. Сайхан сэтгэл гаргаад чамд энийг хийгээд байгаа юм шүү гэж хэлэх биш. Бидний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй, амт, үнэргүй, дуу чимээгүй боловч сэтгэл зүрхээрээ мэдэрч болох тийм зүйлийг ямар хүчтэй болохыг нь ойлгох шиг болж билээ. 

Ингээд баахан юм бодоол цонхоор хараад байлаа. Тэгсэн нэг сонссон чинь 

Унах болтлоо уужим их цаг байгаач үү үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үү үгүй ч үү гээд дуулдаг бадаг нь явж байна. Дотор нэг л сонин болоод явчив. Хэдий энэ үе тэртээ хол байгаа ч нэг л өдөр хаяанд хүрээд ирэх вий гэж бодохоос л аймар. Тэгээд дотор хамаг юм бачуураад, одоогийн байгаа өөрийгөө бодохоор уур хүрмээр ч юм шиг... Өөртөө гомдох, аав ээж хоёрыгоо өрөвдөх ч юм уу гайхан бишрэх ч юм уу, хорвоогийн энэ хатуу тавиланд тунирхаж гомдоллосондоо ч юм уу тэр өдөр нүдэнд нулмис дүүрээд ирсэн сэн. Тэгээд л хэсэг уйлсан байх. Дараа нь сэтгэл онгойгоод бас нилээн олон зүйл ойгочихсон ч юм шиг, шинээр нэг шат ахисан ч юм уу тийм нэг дэвшилтэй нэгэн зүйл миний толгойд сууж үлдсэн юм даа. 

Wednesday, January 15, 2014

Bayartsengel songs! Жолоонд цуг суужийсан гарын дуунууд байна шд.

Энэ залуутай жолооны курсд хамт сууж байсан юм байна. Хөгжилтэй марзан залуу байсан шүү.
1. For you - Баярцэнгэл
Энэ нь гоё дуу байна өө.  

2. Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай...
Клип эдр нь бол бас л татаана. ххэ

Monday, January 6, 2014

Заалгаагүй хичээл буюу ...

Ээ хөөрхий би гэдэг хүн өөрийгөө их юм мэддэг, их мэддэгээ байг ямар я байсан гологдохооргүй л гэж боддог байлаа. Гэтэл зарим зүйл дээр тийм биш юм шиг ээ. Ажил бол нэг хэрэг. Амьдрал дээр шаал өөр байдаг юм шиг ээ. Аав ээж 2 маань ажил, мэргэжилдээ ямарыг нь үнэхээр би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо бодоход үнэхээр амьдралаа мааш сайн авч явж чаддаг байж дээ. Би том нь болохоор ээж аав хоёрын арай залуу үеийг дүү нараасаа арай илүү гадарлана л даа. Бага байхад тархи толгой эргүүлчих шахсан гурван бандитай. Тэр гуравыгаа олигтойхон хүмүүжүүлэх гэж их л хичээдэг байсан байх даа. Энэ болтол бас их юм байгаамаа. Яаж аав ээж хоёр маань хоёр биенээ ингээд олчихсон юм болоо.   Өөртөө тохирох амьдрал нийлэх энэ хүнээ олно гэдэг ямар том аз завшаан байдаг бол. Тэгээд цаашдын амьдралаа хамт туулж хатуу хөтүү, жаргал баяраа цуг туулж бие биенээ хайрлаж бас хүндэлж хоёр биенийхээ төлөө гэр бүлийнхээ төлөө сэтгэл дүүрэн амьдрана гэж бодохоор сайхан байгаа бээз.
Энэ бүхэнийг бий болгон цогцлооно гэдэг амьдралын маш том нэг даваа байдаг байх аа. Өөрийнхөө чадах бүх зүйлээр тусламаар, нүдийг нь гэрэлтүүлж аж жаргалтай инээлгэмээр, хамтдаа юуг ч хийж чадах юм шиг итгэл төрөх, хоёр биенээ зүлгэн өнгөлж улам гялалзуулмаар, мааш олон сайхан зүйлсийг хамтдаа бүтээмээр тийм сайхан хайр, хүндлэл, итгэл, сэтгэл, нөхөрлөл, үерхэл, ойлголцолыг би хүсдэг. Зарим зүйл өнөөдөр санаснаар болохгүй ч маргааш болно гэдэгт би итгэдэг.

Friday, January 3, 2014

Өнгөрч буй он (2013) AAAND COMING 2014

Жил бүр л оны эхэнд өнгөрсөн оны тухай бодол хөвөрсөөр энэ оноо орхиж чадалгүй дараагийн онтойгоо золгоцгоодог байх энэ хүмүүс. Миний хувьд ч бас л ялгаагүй энэ календар дээрх 2014 гэсэн тоонд дасаж өгөхгүй л явна. Нэг л итгэмээргүй ч юм шиг. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрөх юм даа гэж томчууд ярихыг багадаа сонсоод "Миний л хувьд ёстой тийм юм алга. Хурдхан том болоод сургуулиа төгсөөд ажил хийгээд нээх сүрхий амьтан болох юм сан." гэж боддог байж билээ. Харин тэр цаг хугацаа чинь одоо яг хэлж байснаар нь нисээд байна даа. Гэхдээ эргээд одоо бодож байхад 2013 онд би чинь олон зүйл амжуулчихсан хүн байна шүү. 
  1. Их сургуулийн хичээлүүдийн дуусашгүй мэт санагдаж байсан өр шир, маргаанаас нэг мөсөн салсан даа. (Шилжиж ороод хичээлийн зөрүү, илүү дутуу кредит гээд эд нар чинь ёстой нэг тамын ажил байна лээ. Гэхдээ одоо бодоод байхад амьдрал өөрөө тийм ядаргаатай юмаар дүүрэн байдаг юм шиг. Зөвхөн сураад л эсвэл ажиллаад л байж байдаг санаа амар амьдрал гэж байдаггүй байх өө. Их сургуульд хүн хүн дээр очиж царай алдаал хэрэлдэхдээ хэрэлдэж, гуйхдаа гуйж хүнтэй харьцаж явсан маань надад үр дүнгээ бага ч болов өгсөн байх аа.)
  2. Хичээлийн ачаалаас нэг юм өндийж гэртээ гаргах цагтай болсоон (оны эхнээс)
  3. Дадлагын ажлаа үр дүнтэй хийж, ажлын байран дээр гарахад ямар байдаг талаар овоо юм олж мэдсэн байх шүү. 
  4. Энэ жилийн ганц зорилгоо биелүүлсэн дээ. ЭШХ-н ганц шагнал төгсөхөөсөө өмнө авсым.
  5. За тэгээд ажилд орсон. Олон юм сурж байгаа. Сургуульд заадаггүй юм үнэхээр л олон байдаг юм байна лээ.
  6. Хүлээсэн учрал :) Бас бөөн туршлага.
Ингээд л 2013 он өнгөрч байна даа. Одоо дараа жилийн хамгийн том зорилго юув гэвэл... бодож л байна. Аль нь хамгийн том нь юм бол одоогоор тодорхойгүй байна аа. Ирэх жил гэхдээ хүмүүсд тусалж аз жаргалтай болох төлөвлөгөөтэй байгаа. Нилээд олон хүн байгаа байх шүү туслах. Тийм болохоор хүнд туслахын тулд бас өөрөө олигтой байх хэрэгтэй биз дээ. Иймээс үргэлжлүүлээд урагшаа тэмүүлээд байхаас яахав.