Thursday, October 4, 2012

Нээрэн энэ их сургууль уу!!!?

Ер нь их сургуульд би чухам юу сурав гэж бодоод байсан чинь сурсан юм бага юм шиг надад санагдах боллоо. Хоёрын хооронд сурсан ч юм шиг сураагүй ч юм шиг үлгэн салган яагаад ийм байгаа юм бол оо? Юунаас болоод надад ийм сэтгэгдэл төрөх болов? Үүнд хариулт болох хэд хэдэн санаа байна. 
  1. Угаасаа сурсан зүйл бага байна. Хэдий би хичээсэн ч сурсан зүйл хангалтгүй байна. Дээр нь шилжиж орсон минь нөлөөлж байна. 
  2. Дээрх зүйл үнэн байж болох юм. Гэхдээ бас асуудалтай. Сүүлийн жилийн дүнгээ харвал би тийм ч чамлахааргүй суржээ. 90% орчим дундажтай сурсан байна. Гэтэл сурсан юм бас л хангалтгүй санагдах хэвээрээ л байна.
  3. 75%-иа дүүргэчихээд байгаа хүн чинь ямар байх ёстой юм бол? Дахиад 1 жилд овоо юм сурчихаад ажилд гарахад гологдохгүй байж магадгүй л юм. 
  4. Гэхдээ үнэмшил муутай л сонсогдоод байна. Нэг бол манай багш нар бүр аймар лаг болохоороо мань хэдийгээ хараад санаанд нь хүрэхгүй дандаа тийм сэтгэл дундуур өнгөөр бид нартай харьцдаг юм болов уу? \Энэ яахав байж болох л юм\
  5. Аль эсвэл бүр сургалтын тогтолцоо бүхэлдээ үнэхээр авах юм алга. Энэ бол миний бас нилээд байж болох юм гэж бодож байгаа хувилбаруудын нэг. 
  6. Бас дээр нь миний хичээлээс гадуурх цагийн хуваарь нөлөөлж байх магадлалтай л юм
Ингээд энэ бүхнээс хараад дүгнэж хэлвэл би гэдэг хүн үнэхээр өөрөө дахиад илүү хичээгээд дээрээс нь багш нарынхаа зааж байгааг сайн шингээж аваад бас сургууль төлөвлөгөөгөө илүү боловсронгуй болгоод би тэр үед төгсөхийн цагт ямар аймар лаг нөхөр болоод төгсөх бол гэсэн бодол толгойд орж ирлээ. Гэхдээ эдгээрээс хамгийн их санаа зовоох, надаас маш бага шалтгаалах зүйл бол энэ суралтын төлөвлөгөө. Баахан олон хичээл аймар бага кредит цагаар үзэж байгаа манайхан ер нь яаж тийм гүн мэдлэгэй болох вэ дээ. Мэргэжлийн суурь хичээлүүдийг олон цагаар өндөр кредиттэйгээр сайн үзэх шаардлагатай байгаа юм. Бүр хаанаас нь ч асуусан яв цав мэддэг байхаар хичээлээ гоё орох ёстой. Мэдээж бид нар ч мөн адил хичээх үүрэгтэй. Хаа хаанаасаа сайн ажиллаж байж чанартай бүтээгдэхүүн болсон мэргэжилтнүүд гарна шүү дээ. Манай ЭЗС-н ЭЗОТ-с заадаг олон макро микрог нэгтгэж шинэ хөтөлбөр боловсруулж заавал таарна. микро үндэс, дунд микро хоёрыг нэгтгээд 6 кр байхаар заадаг ч юм уу. Бас макро үндэс, дунд макрог ч ялгаагүй. Дээрээс нь математик, магадлал статистик, статистикийн онол гэх мэт баахан математикийн хичээлүүдийг ихдээ хоёр таслаад ороход л хангалттай шд. 1-д миний бодлоор математикийн төрлийн 6-8кр, англи хэл 6 кр, макро 6кр, микро 6-кр, ня-бо санхүү чиглэлийн хичээлүүд 4 кр байхад л хангалттай. Тэгээд өөрөө хүсвэл ганц сонгох хичээл авчихвал л болно. Сонгох хичээл нь нэг багцаас ганц хичээл авдаг байхад л болно шд. Тэгээд тэр багц нь 6-7кр байдаг байж болдоггүй юм байх даа. Тэр Оюутны Зөвлөлөөр дамжуулаад энэ мэтийн асуудлыг шийдүүлж уул нь болмоор доо. Бүтэн жил МУИС даяараа ийм арга хэмжээ авбал болохгүй зүйлгүй л санагдана. Тэнхим болгонд ч юм уу ямар нэгэн байдлаар үүрэг болгож өгөөд иймэрхүү тал дээр анхаарвал уул нь маш зөв зүйтэй ажил болох байх гэж бодож байна.

Wednesday, October 3, 2012

Шив шинэ

template блогтоо хийчихлээ. Эхлээд харсан чинь жаахан эвгүй юм шиг. Гэхдээ зүгээр юм шиг байна аа. За ямар ч байсан ингээд бичээд байхад урамтай л юм шиг байна. Харахад дажгүй харагдаж байна лээ. Дээр нь бас уншихад ч аятайхан юм билээ. За за гол бичих гэсэн асуудалдаа оръё доо. 

Одоо би  гэдэг хүн 4-р курс болоодохлоо. Бодоод байсан чинь ер нь өөрийгөө голохоор юм зөндөө байна аа. Өөрийгөө сайн дайчилж байж их юм сурах богинохон хугацаа надад үлдэж байгаа юм шиг санагдаж байна. Англи хэлээ сайжруулах, мэргэжлээрээ гайгүй мэдлэгтэй болох, дүнгээ сайн гаргах, хамгийн гол нь ажлын сайхан туршлагатай болох гэх мэтээр бодох юм ёстой мундахгүй л их байна. Дээрээс нь одоо энэ намрын эрдэм шинжилгээний хуралд гайгүй сэдвээр сайхан юм хийгээд оролцох юм сан. Гэтэл би яг үнэндээ яагаад байна вэ? гэвэл учраа нэг л сайн олж өгөхгүй байна. Чухам юу нь болохгүй байгаа юм бүү мэд. Сонсож мэдсэн юм багадаад байгаа юм болов уу сайн мэдэхгүй л байна. Ямар ч байсан би өөрийгөө хичээгээд зүтгэвэл чаддаг гэдгээ мэдэх болохоор сайн хичээх хэрэгтэй байна. Харин юунд гэдэг л хамгийн чухал  мөртлөө бүрхэг асуудал болоод байх шиг. Ямар ч байсан эхний ээлжинд би намрын эрдэм шинжилгээний хуралд онцгой сайхан сэдвээр сайхан ажил хийж оролцмоор байна. Тэрнээс наана бусад нь хамаа алга аа. Бас юу болоод байгаагаа сайн мэдэхгүй ингэж хоёрын хооронд яваад баймааргүй байна. Сургууль дээр байн байн очиж их юм сурч мэдэх хэрэгэтй байна шүү. Харин чухам яадаг юм билээ бүү мэд. Нэг л арга эвээ сайн олохгүй байх чинь ээ. Толгой минь шажигнан ажиллаад надад сайхан шийдэл гаргаж өгөөрэй. Хүсч байгаа юмандаа нэг л хүрэхгүй сэтгэл дундуур байна. Яагаад вэ гэвэл урьд урьд нь би сурсан газар болгондоо байнга л их бага ямар нэг хэмжээгээр амжилттай сурч байсан. Харин энэ удаа төгсөх дөхөж байхад ямар нэг шагнал, гавьяа юу ч алга. Тэгэхээр энэ л миний сэтгэлийг зовоож байна. Гол нь шагналдаа байгаа юм биш л дээ. Шагнал юуг илтгэх вэ гэвэл миний хэр зэрэг үр дүнтэй сурсныг илтгэнэ гэсэн үг. Би тэтгэлэг авах юм уу эсвэл ямар нэгэн эрдэм шинжилгээний хурлын шагнал авах ёстой. Заавал хийх ёстой зүйлийн маань нэг энэ шүү дээ. Харин яг одоо бол сайхан завтай байна. Хийх ёстой зүйлс ч их байна. Тийм болохоор би энэ цаг хугацааг зүгээр алдаж болохгүй. Алдагдсан боломжийн зардал гэдэг чинь их чухал ойлголт шүү. Хэзээ ч буцаад олдохгүй зовлонтой эд дээ. Аль болох бага байлгахыг л хичээх хэрэгтэй.

Wednesday, September 26, 2012

Хөдөлмөрийн экономиксийн талаар

Хөдөлмөрийн экономикс гэдэг хичээлд сууж байна. Үнэндээ бол мэдээжийн юм заагаад байгаа юм шиг мөртлөө тэр мэдээжийн юман дотор чинь сурах юм бас маш их байдаг юм байна шүү хө. Жоохон юмыг ч гэсэн бүрэн гүйцэт сурвал их хэрэгтэй гэдгийг ойлгоод ч байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Яагаад тэгсэн бэ гэвэл эдийн засгийнхан бидний аль 1,2-тоо үздэг хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн энэ тэрийг чинь яг амьдрал дээр хэмжихэд их хэцүү юм байна. Тэгсэн мөртлөө дээр нь аймар хэрэгтэй тийм үзүүлэлт гэж байгаа. Ингээд бодохоор л судалгаа гэдэг хямдхан боорцог биш байгаа юм даа. Иймэрхүү юман дээр л толгойгоо ажиллуулж байж бусдаар ялгарч бас миний хийсэн ажлын үнэ цэнэ тэндээ оршдог юм болов уу? Гэхдээ бидний одоо онолоор үзээд байгаа юм болгон бараг бүгдээрээ л амьдрал дээр шууд хэрэгжихэд үнэндээ хүндрэлтэй юм байна аа. Тэрийг нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг чинь л бидний чадварыг шалгах асуудал болоод байх шиг байна даа.

Энэ хичээлийг манай тэнхмийн лагуудын нэг Отгонтөгс багш ордог болоод ч тэр үү их л сонирхолтой юм шиг санагдаж байгаа. Аль дээр мэдсэн юмаа заалгаж байгаа мөртлөө амьдрал дээр ингэж хэрэг болдог гэж санаагүй л явж байсан байхгүй юу: Тэгээд дээр нь хичээлийнхээ хажуугаар бид нарт хэрэгтэй юм их ярьж өгөх байх гэж найдаад л байгаа шд. Ямар ч байсан найдсан минь талаар өнгөрөхгүй шинжтэй. Өнөөдөр гэхэд л эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн АШИГЛАСАН МАТЕРИАЛ-н жагсаалтаа яг стандартын дагуу зөв бичиж байхгүй бол ямар эвгүй муухай байдгийг мэдэж авлаа. Мастер, докторуудад заадаг болохоороо Отгоо багш дээр хоёр магистант л ирж байх шиг байна лээ. Багш бүр нилээн уурлаад гаргаж байсан. Тийм болохоор ийм эвгүй байдгийг мэдсэн болохоор хойшид анхаарах болно оо. Лекцийн сүүл хавиар Отгоо багшийн хэлсэн нэг санаа надад их чухал юм шиг санагдсан. Багш нарын хичээлийг юу ч зааж байсан бай ХЭРЭВ ТИЙМ БИШ БОЛ ЯАХ ВЭ? гэж байнга бодож бай гэж хэлсэн. Ер нь энэ нь Critical thinking гэдэг зүйлийг төлөвшихөд их тус болдог гэнэ лээ.

Аа бас өнөөдрийн нэг хөгтэй юм Олон улсын санхүү хичээл дээр болсон юм байна. Labor economics орохын өмнөх цаг дээр бид нарт лекц орсон юм л даа. Ханш хэрхэн тогтох талаар. Надад ч урьдын мэддэг юм байсан болохоор их гайгүй сонсоод л суугаад баймаар санагдаж байлаа. Тэгсэн багш хүүгийн паритетийн талаар яриад л ВЗЗ-н тэнцвэр лүү ороод явчихлаа. Тэгснээ бид нар бүгдээрээ нэг балай юман дээр толгойгоо эргүүлээд 20 мин орчим боллоо. Дараа бодсон чинь инээдтэй. Нэг валютын эрэлт өсөхөөр тухайн үеийн ханшид нөлөөлөх юмыг ханшийн хүлээлтэд нөлөөлнө гэж бүгдээрээ бодоод төөрөлдөөд байсан байгаа юм даа. 

Thursday, September 20, 2012

Сүүлийн жил

Их сургуульд сурах сүүлийн жил маань эхэлчихсэн явж байдаг. Одоо манайхан бол сургууль дээрээ хэд хэдэн ажил зохион байгуулах ёстой юм гэнэ. Тэрний хамгийн эхнийх нь тэнхмийн намрын зугаалга юм байна аа. Зиа тэгээд миний хувьд хамгийн эхний бөгөөд эцсийн тэнхмийн зугаалга болох гэж байгаа юм байна. Гоё л санагдаж байна. Ноднин бас л яагаад ч билээ ямар ч байсан л явж чадаагүй. Энэ жил харин ч эртнээс хүмүүст хэлж ажил төрлөө зохицуулсаар байгаад явна даа. За тэгээд энэ зугаалгын дараа сагсны тэмцээн, өөр бас юу юу ч билээ 2, 3 юм зохиох л юм шиг байна лээ. За тэр ч яахав. Бас нэг сайхан ч юм уу муухай ч юм уу нэг юм байна. Тэр нь дадлага. Дадлагаар ажиллах зарим хүмүүсийн хувьд гоё юм шиг, харин заримынх нь хувьд онцгүй ч юм шиг нэг тиймэрхүү байдаг бололтой. Ихэнх хүмүүс ирээдүйн ажлаа олох маш том боломж гэж боддог байх. Харин миний хувьд одооноос нэг зууралдаад жоохон идэвхитэй энд тэндхийн хүн амьтантай уулзаж санал бодлоо солилцож үздэг юм билүү гэж бодож байна. Миний бодлоор бол яг юу хайж байгаа вэ гэхээр надад зүгээр хэрэгтэй байгаа зүйлээ хэлчихдэг, бас тулгараад байгаа асуудлаа эдийн засгийн талаас нь танилцуулчихдаг тэгэнгүүт нь би тэр дагуу нь байж болох шийдэл, арга зам юу байна тэрийг нь үзсэн зүйлсээ ашиглаад олж өгдөг, багш нараасаа зөвлөгөө авдаг, тэрнийхээ далимаар өөртөө туршлага хуримтлуулдаг дээр нь оновчтой гоё шийдэл олж өгснийхөө төлөө хэд гурван төгрөг авчихдаг ийм л гоё юм мөрөөдөөд байна даа. Үнэнийг хэлэхэд иймэрхүү юм хийнэ гэвэл миний санаанд  одоо үнэхээр багтаад байгаа юм л даа. Даанч хүмүүсийн хоорондын тэгш бус мэдээлэл гэж гайгаас болоод намагй тэгж сайхан ашиглах газар олдохгүй л байгаа болохоос. Харин тийм болохоор одоо өөрийгөө хүмүүст бага ч болов таниулж тэр зовоогоод байгаа юмыг үгүй хийх л хэрэгтэй байгаам даа. Гэхдээ хүмүүсийг хараад байхад гайгүй хүмүүстэй ярилцаад харилцаа холбоо сайтай байдаг нөхдүүд маань тиймэрхүү юм аа олоод хийчихээд байх шиг байна даа. Хажуунаас нь харахад сайхан л харагдаж байна. Гэхдээ би юугаараа дутах вэ амьдрал сайхан л байна шд. Харин илүү сайхан руу хүн угаас тэмүүлж байдаг хойно зүтгээд л байдаг хэрэг дээ. 

Гэхдээ энэ бүхний цаана нь нэг шалтгаан байгаа. Юу вэ гэхээр ажил дээр гараад чухам ямар байдаг бол гэдгийг л мэдэх хэрэгтэй байна. Ямар нөхцөл байдал, юу биднийг угтаж авах бол? Энийг одоогоор нэг их сайн мэдэхгүй л байна. Хүн ер нь мэдэхгүй юмнаасаа л айдаг гэдэг биз дээ. Мэдэхгүй болохоороо ч гэсэн би айгаад байгаа юм байлгүй дээ. Цаанаа л нэг юм бодогдоод  эртхэншиг оролдоод үз гээд намайг хатгаад байгаа юм даа. 

Thursday, September 6, 2012

Аялалын тэмдэглэл №3

За ингээд адал явдалтай тэр нэг өдрийн дараагаар бидний аялал Хөвсгөл нутаг руу чиглэсэн юм даа. Ингэж явахдаа замдаа бас л мөн олон гоё газруудаар явлаа. Өчигдөр оройны тухгүй байдлаа бушуухан дуусгаж машинаа асаагаад Тунгалаг Тамирын голын хөвөөг зорьлоо. Голын эрэг дээр айлд хоол хийж идээд бага зэрэг амс хийчихээд тэр нутгийн хүмүүсээс газар орон асуугаад замдаа гарлаа. Бидний очих хамгийн эхний газар бол Тайхар чулуу байлаа. Архангай аймгийн Их тамир сумын нутагт байдаг тэр чулуу бараг 5 давхар байшин шиг өндөртэй бөгөөд ганц том ургаа чулуу тал дунд ганцаархнаа байх нь сонин. Тийм сонин сайхан зүйлийг харин бид арай дэндүү бүдүүлгээр ашигласан гэхэд болно. Очсон хүмүүс шаал дэмий эрээчиж сараачсаар байгаад түүх дурсгал агуулсан сүг зураг, бичиг зэрэг нь сайн харахгүй бол барагтай л үзэгдэхээ больсон байлаа. Харин хүмүүсийг ярьж байгаа нэг сонирхолтой зүйл нь жижиг чулуунд хүслээ шивнээд Тайхар чулууг давтал нь шидэж чадвал тэр хүсэл нь биелдэг гэлцэх юм билээ. Бид хэд ч туршаад үзсээн. Орой дээр нь бол гаргачихаж байна лээ. Харин давуулж чадаагүй ээ. За тэгээд тэнд жуулчид амарч зугаалж яваа хүмүүс бишгүй л олон байлаа. Яг хажуухандаа жуулчны баазууд байсан болохоор хөл хөдөлгөөн ч их л юм байна лээ. За тэгээд дараагийн замдаа орлоо. Дараагийн маршрут бол Тэрхийн цагаан нуур байсан юм. Бас л том нуур байна лээ. Нуурын захад нэг буудалласан. Өглөөний аймар их бороо, өтгөн үүлс биднийг нууран дээр очиход байхгүй болж тэнгэр цэлмэж эхэлж байлаа. Би лав урьд нь тийм их нуур ус харж байсан биш. Уур амьсгал нь ямар байх талаар төсөөлөл ч алга байлаа. Харин машинаасаа буутал нартай мөртлөө жихүүцмээр салхитай байлаа. Харин салхи нь нуураасаа салхилдаг юм шиг байна лээ. Ямар ч байсан гоё байсаан. Усны шувууд ганганалдаад л. Эрэг нь хайргатай сайхан л нутаг байна лээ. Харин тэр үед Сувдаа эгч, Цээгий эгч хоёр маргалдаад бид хэдийн уур амьсгал тийм ч таатай биш байсан. Юу нь болохоо больчихсон юм бүү мэд. Ер нь бол аль альнаас нь л болсон байх. За тэгээд нуурын хөвөөнд нэг үдэлчихээд цаашаа замдаа гарцгаалаа. Ер нь хараад байхад сарлаг, хүрмэн чулуу хоёр энд бол ёстой их юм билээ. Яван явсаар байгаад харанхуй болоход Архангай аймгийн Жаргалант суманд орж ирлээ. 

Гэхдээ яг сумын төвийн наахна талд их лүглийсэн том том модтой ойн цоорхойд нэг хөөрхөн бааз байлаа. Бид нар ч бүгдээрээ бага зэрэг зутарч байсан юм байлгүй бүгдээрээ л бөөн баяр! Тэндээ юмнуудаа буулгаад сайхан цуйван хийж идээд гоё байлаа. Тэр газар лав надад үнэхээр таалагдсан шүү. Шөнө нь гэрэлтүүлэгтэй, дээр нь халуун хүйтэн ус, боловсон 00-той гээд ёстой дажгүй газар байсан. За ямар ч байсан нэг өдөр энд ингэж тухтай хоноцгоосон юм даа. 

Tuesday, September 4, 2012

Аялалын тэмдэглэл №2

Манай аялалын хоёр дахь өдөр бороогоор эхэлсэн юм. Өглөө сэрэхэд бороо орж л байлаа. Зөөлөн шиврээ бороо үд болтол орлоо. Бид хэд ч яахав майхан доторх юм аа цэгцлээд л. Эрчүүд нь ачаа бараагаа янзлаад эмэгтэйчүүд нь хоол ундаа хийгээд өглөөний цайгаа ууцгаангуутаа хөдөллөө. Тэр өдөр яагаад ч юм бэ миний хамраас цус гараад л байсан. Байс хийгээд л... Олигтой тогтож өгөхгүй тиймхэн байсан. Харин тэндээсээ гараад энэ зуны турш миний нүдэнд харагдаастай салахгүй байсан тэр сайхан газрын зүг хөдөлцгөөлөө. Өглөө үүлэрхэг бороотой байсан бол харин Улаан цутгалан дээр очиход нар гараад их сайхан уур амьсгалтай байлаа. Хүржигнэн нүргээтээд л... ай даа мөн ч сайхан байсан шүү. Хур бороо ихтэй жил байсан болохоор бүр ч сайхан харагдаж байсан байх. Бараг 12 давхар байшинтай тэнцэхээр өндөр дээрээс голын ус тонн тонноороо унана. Хүрхрээний тэр булан тохой газарт усны тоосонцортой. Нартай бол тэнд нь солонгороод л мөн ч сайхан харагдна шүү дээ. Угаасаа тэр хавийн газар нь том чулуу ихтэй юм билээ. Тэр тусмаа хүрмэн чулуу бүр ч их. Харин яг тэрхэн хэсэгтээ бол гайгүй ч юм шиг. Цаашаа явахад бол бүр ч их болж байсан санагдаж байна. Яг хүрхрээнийх нь дээрээс доошоо харахад толгой эргэм аймар ч юм шиг заримдаа бол холоос гүйж ирээд шууд үсрээд усруу нь орчихмоор ч юм шиг нээх сонин байсан шүү. 

Тэгээд тэндээ жаал сайхан байж байж зураг хөргөө татуулж бөөн юм болцгоож байгаад хөдөлсөн дөө. Ингээд бид хэд тэндээс гараад цаашаа бас л нилээд явсаан. Харин хамгийн онцгүй нь тэр шөнө майхан сав, хөнжил гудас гээд манай юмнууд нойтон байсан болохоор машиндаа аргалаад унтсан. Тэр нь Архангай аймгийн Цэцэрлэг хот шүү. Харин тэр Цэцэрлэг гээчрүү чинь очих гэж гүйэ мөн ч их юм туулсан даа. Хоёр уулын хооронд орших битүү намаг болсон хөндийг гаталсан шүү дээ. Ээ бурхан минь! Тэнд нэг л шаварт суувал гарна гэж саналтгүй тийм лайны газар байсан шүү. Нутгийнхан нь ч тэрүүгээр явахаасаа айдаг юм билээ. Тэгээд бороо устайд бол за бүр ч гонжийн жоо. Тэгсэн бид нар шөнө нь гэрлээ асааж гэрэлтүүлээд замыг нь харж аль гайгүй хэсгийг нь бараадан явсаад байгаад тэр хөндийг барага өөрсдөө явган туулаад машинаа л гаргаж ирсэн гэхэд болно дөө. Тэгж тэр намагтай хөндийгөөсөө гараад хар замаар ордог юм байна. Дасал болсон хар зам минь диваажин шиг л санагдаж байсан шүү тэр үед. Засмал зам дээр гарч ирээд бөөн ядарсан нөхдүүд машиндаа унтаад л явцгаасан. Харин жолоо барьж байгаагаараа Цээгий ах л хэцүү байсан байх. Тэгж тэгж нэг юм Цэнхэр сум өнгөрч гараад цаашаа Цэцэрлэг орж тэндээ хоноглосон доо. Миний хувьд лав энэ аялалын хамгийн гоё бас хамгийн хэцүү хоёр юм давхцсан дурсамжтай өдөр байсан шүү. 

Аялалын тэмдэглэл №1

Энэ зуны аялал ч адал явдал, сайхан зүйлсээр дүүрэн байлаа. Олон ч сайхан газраар явлаа, их ч юм үзлээ бас дээр нь Монгол сайхан орноороо бахархах сэтгэл төрлөө. Зарим зүйл дээр эмзэглэх явдал ч тохиолдож л явлаа. Ингээд өөрийн сайхан аялалын дурсамжаасаа бичиж үлдээхээр шийдлээ. 

Бидний аялал бага зэргийн барцадтайгаар эхэлж байлаа. Хол замд гарах гэж байгаа болохоор унаа машинаа найдвартай байлгах нь бидний хамгийн чухал зүйлсийн нэг байсан юм. Тэгээд өмнө нь зүгээр байсан мөртлөө гэнэт нэг зүйл болохгүй байсныг анзаарч машиныхаа тэр зүйлийг үзэж янзалсаар байтал нилээд орой хөдөллөө. Ингээд сайхан яваад байлаа. Эхний өдөр, бас дээр нь удаан хотоос гараагүй байсан бид хэд сэтгэгдэл нилээд өндөртэй явцгааж байлаа. Нилээн олуулаа явж байсан болохоор ачаа бараа ч ихтэй явцгааж байлаа. Харин явахаасаа өмнө машиндаа шинээр ачаа хийгэсэн байсан юм. Явахаасаа өмнө нэг ч удаа юм ачиж үзээгүй л дээ. Тэгсэн бас багахан проблем учраад бага зэрэг саатлаа. Гэхдээ ч гайгүй л дээ. Удалгүй цааш замдаа гарцгаасан. Иймэрхүү маягаар аялал маань бага зэрэг хөгтэй эхэллээ. Харин үүнээс хойш сайхан байсан л даа. Машиндаа явсаар элсэн тасархайгаар дайран цаашаа гарч Улаан цутгалангаас 10-аад км газрын наана эхний хоногоо өнгөрүүллээ. Харин хачирхалтай нь биднийг очих газар бүрт бороогоор угтан нараар үдэж байлаа. Ингээд тэр шөнөдөө хоёр майхнаа дэлгээд сайхан байлаа. Ачаа бараагаа буулгаад хоол ундаа хийж идсэн шиг нээх гоё зугаалж яваа юм шиг мэдрэмж жинхэнэ утгаараа төрж байлаа. Харин шөнөдөө бороо ороод бага зэрэг тухгүй байсан л даа. Яг үнэндээ бол эхний өдөр бага зэргийн түгшүүртэй ч юм шиг сонин өдөр байсан шүү. Хөгтэй өдөр гэж л эхний энэ өдрийг хэлэх байх. Оройхон гарсан болохоор үзэх сайхан газруудаа үзээд л нилээн газар хороохоор шийдээд байлаа. Тэгээд явж байгаад бараг шахуу хамгийн эхэнд таарсан голын шаварт машин мостоороо тулаад суучихдаг юм байна. Энэ өдрийн уур амьсгалд би нэг л дургүй цаанаа ямар нэгэн учиртай ч юм шиг огт явж болохгүй байлаа. Харин дараа нь учрыг нь мэдсэн л дээ. Тэгээд ноцолдож ноцолдож нэг юм тэндээсээ гараад цаашаа явж байгаад өнөөх хоноглох газраа хүрсэн нь тэр. Эхний хэдэн өдөр явж дасаагүй болоод ч тэр үү ачаа бараагаа буулгаж маргааш өглөө нь ачаалах гэж бараг худалч хүнд өдрийн талыг авч байлаа. Дээр нь агаарт гараад нөхдүүд нам цохиулж байгаа юм чинь. Тэгээд унтаж босоод хөдлөх гэсээр байдал үд болж байгаа юм даа. Ингээд эхний нэг өдөр нэг тиймэрхүү хөгтэй, болж өнгөрсөн юм даа.