Monday, August 24, 2020

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ: ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР – ХАНГАЛ НУУР – БАЛДАН БЭРЭЭВЭН ХИЙД


Зуны дэлгэр цагт аялал зугаалгаар явахад ойрхон бөгөөд үзэж харах зүйл ихтэй, жижиг машинаар асуудалгүй аялах боломжтой Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур – Хангал нуур – Балдан Бэрээвэн хийд маршрутаар аялсан тэмдэглэлээ хуваалцаж байна.

Замын байдал

Өмнө явж үзээгүй газар байсан тул MAPS.ME апп ашиглаж явсан бөгөөд, замын бартаа саад, шороон зам гээд бүгд ямар ч асуудалгүй ажиллаж байв. Аяллын нийт урт 276км үүний 175км-ийг засмал замаар явж, засмалаасаа салаад 35 км шороон замаар яваад Хөх нуурт очно. Хөх нуураас цааш Хангал нуур – Балдан Бэрээвэн хийд гээд явахад нийт 66 км болно. Бороо устай үед гол орчмоор шавартай бөгөөд шавар ихтэй зам нь апп дээр анхаарлын тэмдэгтэй харагдаж байгаа нь тун зүгээр байсан.

Хар зүрхний Хөх нуур


Нэрний тухайд нуурын хойд талд Хар зүрх хэмээх хайрхан байх бөгөөд уг уулын өвөрт байх цэнгэг устай том жижиг холбоо хоёр нуурыг Хөх нуур гэх ажээ. Уг нутагт анх Тэмүүжинг Чингис Хаан цол өргөмжилж байсан бөгөөд Хар зүрх хайрхан нь одоо төрийн тахилгатай юм санж.

Мөн нуурын эрэгт Чингис хааны мэндэлсний 840 ойд зориулан босгосон “Чингис хааны алтан ургийн их, бага хаадын цогцолбор” нэртэй 50 ширхэг сийлбэр бүхий модон хөшөө бий. Алтан ургийн хаад ноёдын товч түүх бүхий тайлбартай уг цогцолбор нь нуурын үзэмж, байдалтай зохицсон, ер бусын энергитэй сайхан санагдсан.

 

 

Хөх нуурт ирэхэд эргээрээ зэгс, шавар ихтэй тул өмнө нь 2010 онд ирэхэд нуурыг алсаас харж, дээрх цогцолборыг үзээд буцаж байсан бол сая очиход нуурын эрэгт зураг даруулах зориулалттай төмөр тавцан, түүний доохон талд мөн жижиг модон тавцан зассан нь зүгээр санагдлаа.

Буудаллах газрын хувьд бид нуурын эргээс бага зэрэг зайтай Гэгээнтний өргөө хэмээх жуулчны баазад буусан бөгөөд гэр, байшин хосолсон амралтын газар байв. Бидний хоносон 3 ортой модон байшин хоногийн 100к₮ үнэтэй бөгөөд тохитой хөөрхөн байшин байсан. Одоогоор боловсон 00 ажил бараг дуусаж байгаа харагдсан боловч биднийг очиход 00 ашиглалтанд ороогүй байсан нь бага зэрэг тухгүй байв. Мөн хоол нь амралтаасаа тусдаа байсан бөгөөд тааруу хоолтой санагдсан.


Хангал нуур

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хан Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэг, Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог. Эргэн тойрон хадтай, модтой сүрлэг уулсаар хүрээлэгдсэн бөгөөд цэнгэг устай, шавар, зарим хэсгээрээ элсэн хөрстэй 2км урт, 0.5 – 1.2км өргөн, 1.5кв.км талбайтай нуур юм. Элстэй эрэгт нь буудаллаад усанд сэлж, эрэг дээр нь биеэ шараад хэвтэх боломжтой, элстэй эргээс нь жаахан цаашаа яваад өвдөг давсан өндөр өвс, сүрлэг хайрхан, усны шувууд хараад эрэг дээр нь хээрийн цай хоол хийж идэн хоноход үнэхээр төгс зохицсон сайхан газар байлаа.






Балдан Бэрээвэн хийд


Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг. Тус хийд цагтаа 8000 орчим ламтай, 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай олноо Арын сайхан Утай хэмээн алдаршсан зүүн аймгийн шашны төв болж байсан ажээ.

Хийдийг эргэн тойрон Очирваань, Жамсран, Ногоон дарь эх, Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дарь эх, Бурхан  багш, Богд Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхадыг хаданд сийлж хийсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед сүм дуган, бурхан тахилыг нь ихээр бусниулж, бурхнаар нь дайны үед бууны сум хүртэл цутгаж байсан гэдэг. Ингэж айхтар сүйдсэн хэрнээ одоог хүртэл хийдийг тойроод чулуун дээр сийлсэн бурхан, номын үсэг гэх мэт зүйлс олонтой байлаа. Гэвч бүгдийг нь үзэх бүрд түүх соёлоо өөрийн гараар ингэж айхтар утсгаж байсан хар үеийг бодохоос сэтгэл өвдөм. Түүний дотроос Майдар бурхны сүм байсны дээд талын хаданд гэлэн Дамбилбранжабал соёмбо тэмдэг сийлж, ийнхүү сийлэхдээ айлдсан үг нь их хэлмэгдүүлэлтийн дараах хийдийн сүйдсэн дүрийг нүдний өмнө тодруулах мэт ээ.



Цогчин дуганы баруун хойд талд “Эхийн умай” хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь “хаан суудал” хэмээх хаданд залардаг. Цогчин дуганы урд талд хоёр саглагар хүслийн мод байх бөгөөд том модонд эрэгтэйчүүд, жижиг модонд эмэгтэйчүүд хүслээ шивнэдэг гэнэ.

Анхаарах зүйлс

Байгаль дэлхийгээ цэвэр, энэ хэвээр нь хадгалахад бидний хамгийн сайн чадах зүйл бол хоггүй аялах. Иймээс хогны уутаа марав аа.

Мөн Хөх нуурт утасны сүлжээ, интернет барьдаггүй учраас бүх төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийнэ. Иймд зарцуулах мөнгөө барагцаалаад бэлнээр авч яваарай.

Мэдээж машиний цэнэглэгч, зөөврийн спийкер, хөзөр, даалуу, гитар гээд хөгжилтэй байхад хэрэгтэй хувийн бэлтгэл, түүдэг гал асаах, шорлог хийхэд шаардлагатай хусны нүүрс, газын хошуу, газ гэх мэт зүйлсээ аваарай. Нуурын эрэгт түүдэг гал түлээд дуулж суух, тэнгэрээр дүүрэн ярайх оддын дунд мини пари хийх гээд аяллын сайхныг улам дурсамжтай болгодог зүйлсээ урьдаас төлөвлөвөл хүлээлтэд хүрсэн сайхан аялал болно шүү дээ.

1 comment :

  1. sain bna uu uuriin chin aylaliin temdegleliig site deeree bairshuulj boloh uu ? www.mongolianguide.mn

    ReplyDelete

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.