Thursday, September 6, 2012

Аялалын тэмдэглэл №3

За ингээд адал явдалтай тэр нэг өдрийн дараагаар бидний аялал Хөвсгөл нутаг руу чиглэсэн юм даа. Ингэж явахдаа замдаа бас л мөн олон гоё газруудаар явлаа. Өчигдөр оройны тухгүй байдлаа бушуухан дуусгаж машинаа асаагаад Тунгалаг Тамирын голын хөвөөг зорьлоо. Голын эрэг дээр айлд хоол хийж идээд бага зэрэг амс хийчихээд тэр нутгийн хүмүүсээс газар орон асуугаад замдаа гарлаа. Бидний очих хамгийн эхний газар бол Тайхар чулуу байлаа. Архангай аймгийн Их тамир сумын нутагт байдаг тэр чулуу бараг 5 давхар байшин шиг өндөртэй бөгөөд ганц том ургаа чулуу тал дунд ганцаархнаа байх нь сонин. Тийм сонин сайхан зүйлийг харин бид арай дэндүү бүдүүлгээр ашигласан гэхэд болно. Очсон хүмүүс шаал дэмий эрээчиж сараачсаар байгаад түүх дурсгал агуулсан сүг зураг, бичиг зэрэг нь сайн харахгүй бол барагтай л үзэгдэхээ больсон байлаа. Харин хүмүүсийг ярьж байгаа нэг сонирхолтой зүйл нь жижиг чулуунд хүслээ шивнээд Тайхар чулууг давтал нь шидэж чадвал тэр хүсэл нь биелдэг гэлцэх юм билээ. Бид хэд ч туршаад үзсээн. Орой дээр нь бол гаргачихаж байна лээ. Харин давуулж чадаагүй ээ. За тэгээд тэнд жуулчид амарч зугаалж яваа хүмүүс бишгүй л олон байлаа. Яг хажуухандаа жуулчны баазууд байсан болохоор хөл хөдөлгөөн ч их л юм байна лээ. За тэгээд дараагийн замдаа орлоо. Дараагийн маршрут бол Тэрхийн цагаан нуур байсан юм. Бас л том нуур байна лээ. Нуурын захад нэг буудалласан. Өглөөний аймар их бороо, өтгөн үүлс биднийг нууран дээр очиход байхгүй болж тэнгэр цэлмэж эхэлж байлаа. Би лав урьд нь тийм их нуур ус харж байсан биш. Уур амьсгал нь ямар байх талаар төсөөлөл ч алга байлаа. Харин машинаасаа буутал нартай мөртлөө жихүүцмээр салхитай байлаа. Харин салхи нь нуураасаа салхилдаг юм шиг байна лээ. Ямар ч байсан гоё байсаан. Усны шувууд ганганалдаад л. Эрэг нь хайргатай сайхан л нутаг байна лээ. Харин тэр үед Сувдаа эгч, Цээгий эгч хоёр маргалдаад бид хэдийн уур амьсгал тийм ч таатай биш байсан. Юу нь болохоо больчихсон юм бүү мэд. Ер нь бол аль альнаас нь л болсон байх. За тэгээд нуурын хөвөөнд нэг үдэлчихээд цаашаа замдаа гарцгаалаа. Ер нь хараад байхад сарлаг, хүрмэн чулуу хоёр энд бол ёстой их юм билээ. Яван явсаар байгаад харанхуй болоход Архангай аймгийн Жаргалант суманд орж ирлээ. 

Гэхдээ яг сумын төвийн наахна талд их лүглийсэн том том модтой ойн цоорхойд нэг хөөрхөн бааз байлаа. Бид нар ч бүгдээрээ бага зэрэг зутарч байсан юм байлгүй бүгдээрээ л бөөн баяр! Тэндээ юмнуудаа буулгаад сайхан цуйван хийж идээд гоё байлаа. Тэр газар лав надад үнэхээр таалагдсан шүү. Шөнө нь гэрэлтүүлэгтэй, дээр нь халуун хүйтэн ус, боловсон 00-той гээд ёстой дажгүй газар байсан. За ямар ч байсан нэг өдөр энд ингэж тухтай хоноцгоосон юм даа. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.