Tuesday, September 4, 2012

Аялалын тэмдэглэл №2

Манай аялалын хоёр дахь өдөр бороогоор эхэлсэн юм. Өглөө сэрэхэд бороо орж л байлаа. Зөөлөн шиврээ бороо үд болтол орлоо. Бид хэд ч яахав майхан доторх юм аа цэгцлээд л. Эрчүүд нь ачаа бараагаа янзлаад эмэгтэйчүүд нь хоол ундаа хийгээд өглөөний цайгаа ууцгаангуутаа хөдөллөө. Тэр өдөр яагаад ч юм бэ миний хамраас цус гараад л байсан. Байс хийгээд л... Олигтой тогтож өгөхгүй тиймхэн байсан. Харин тэндээсээ гараад энэ зуны турш миний нүдэнд харагдаастай салахгүй байсан тэр сайхан газрын зүг хөдөлцгөөлөө. Өглөө үүлэрхэг бороотой байсан бол харин Улаан цутгалан дээр очиход нар гараад их сайхан уур амьсгалтай байлаа. Хүржигнэн нүргээтээд л... ай даа мөн ч сайхан байсан шүү. Хур бороо ихтэй жил байсан болохоор бүр ч сайхан харагдаж байсан байх. Бараг 12 давхар байшинтай тэнцэхээр өндөр дээрээс голын ус тонн тонноороо унана. Хүрхрээний тэр булан тохой газарт усны тоосонцортой. Нартай бол тэнд нь солонгороод л мөн ч сайхан харагдна шүү дээ. Угаасаа тэр хавийн газар нь том чулуу ихтэй юм билээ. Тэр тусмаа хүрмэн чулуу бүр ч их. Харин яг тэрхэн хэсэгтээ бол гайгүй ч юм шиг. Цаашаа явахад бол бүр ч их болж байсан санагдаж байна. Яг хүрхрээнийх нь дээрээс доошоо харахад толгой эргэм аймар ч юм шиг заримдаа бол холоос гүйж ирээд шууд үсрээд усруу нь орчихмоор ч юм шиг нээх сонин байсан шүү. 

Тэгээд тэндээ жаал сайхан байж байж зураг хөргөө татуулж бөөн юм болцгоож байгаад хөдөлсөн дөө. Ингээд бид хэд тэндээс гараад цаашаа бас л нилээд явсаан. Харин хамгийн онцгүй нь тэр шөнө майхан сав, хөнжил гудас гээд манай юмнууд нойтон байсан болохоор машиндаа аргалаад унтсан. Тэр нь Архангай аймгийн Цэцэрлэг хот шүү. Харин тэр Цэцэрлэг гээчрүү чинь очих гэж гүйэ мөн ч их юм туулсан даа. Хоёр уулын хооронд орших битүү намаг болсон хөндийг гаталсан шүү дээ. Ээ бурхан минь! Тэнд нэг л шаварт суувал гарна гэж саналтгүй тийм лайны газар байсан шүү. Нутгийнхан нь ч тэрүүгээр явахаасаа айдаг юм билээ. Тэгээд бороо устайд бол за бүр ч гонжийн жоо. Тэгсэн бид нар шөнө нь гэрлээ асааж гэрэлтүүлээд замыг нь харж аль гайгүй хэсгийг нь бараадан явсаад байгаад тэр хөндийг барага өөрсдөө явган туулаад машинаа л гаргаж ирсэн гэхэд болно дөө. Тэгж тэр намагтай хөндийгөөсөө гараад хар замаар ордог юм байна. Дасал болсон хар зам минь диваажин шиг л санагдаж байсан шүү тэр үед. Засмал зам дээр гарч ирээд бөөн ядарсан нөхдүүд машиндаа унтаад л явцгаасан. Харин жолоо барьж байгаагаараа Цээгий ах л хэцүү байсан байх. Тэгж тэгж нэг юм Цэнхэр сум өнгөрч гараад цаашаа Цэцэрлэг орж тэндээ хоноглосон доо. Миний хувьд лав энэ аялалын хамгийн гоё бас хамгийн хэцүү хоёр юм давхцсан дурсамжтай өдөр байсан шүү. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.