Wednesday, December 29, 2010

Review 2010

Нэг л мэдэхэд 2011 он болж миний амьдралын нэгэн он түүх болон үлджээ. Ингээд улирч буй ондоо ямархуу зүйлийг хийгээд юу хийж гүйцээгээд байгаагаа нэг эрэгцүүлье. Хүн болгонд л жил бүрийн шинэ жил гайхалтай сайхан байдаг болов уу. Надад бол тийм л сайхан байдаг. Жилийн бүрийн энэ л өдөр ирдгээрээ ирж хүн бүр баяр хөөр болон ирж буй жилээ угтдагаараа л угтана. Үүнээс ч өмнө ийм байсан одоо ч мөн ингэж байгаа цаашдаа ч бас ингэж л үргэлжилнэ. Харин өнгөрч байгаа хором бүрээ үргэлж дүгнэн цэгнээд байх нь тэр бүр тохиохгүй болохоор өөрийн хийж бүтээсэн, ул мөрөө үлдээсэн зүйлсээ дахин нэг санъя гэж бодлоо. Албан газар болгон жилийн эцсийн тайлангаа гаргадаг бол одоо Мөнхзул гэдэг жижиг компани тайлангаа тавья. 2010 оны хамгийн эхний өдрүүдэд үерхэл гэдэг зүйл дэмий ч юм шиг тэгсэн мөртлөө сайхан ч юм шиг тийм эргэлзсэн байдлаасаа болж найз охиноосоо салчихлаа. Энэ бол манай компаний удирдлагын бүтцийн өөрчлөлт байсан юм. Харин дараа нь хичээлдээ маш их хичээж ямар зүйлд хүрэх нь вэ? эцсийг нь үзнэ гэж зориглон хичээсэн боловч үр дүн муутай байсан учир сургуулиа өөрчлөх шийдвэр гаргасан. Энэ харин үйл ажиллагааны салбарын өөрчлөлт байсан юм. Зуны амралтыг харин бараг харилцаа холбоогүй шахам, тэгсэн мөртлөө хот дотор өнгөрөөсөн. Орчин үеийн техникийн их дэвшил, мэдээллийн технологи гэдэг юмыг ч харин ор тас мартсан даа. Энэ бол компаний цэвэр амралтын үе байсан юм. Угаас манай компани улиралын чанартай үйл ажиллагаа явуулдаг байх аа. Харин түүний дараа 9 сарын 1-ээс жинхэнэ бүтээн байгуулалтын ид үе эхэлсэн дээ. Ирээдүйгээ тэс өөрөөр бүтээж эхэлсэн. Сургууль, амьдрах газар гээд л бүх юм өөрчлөгдөж эхэлсэн. Харилцаа, үзэл бодол гээд л ерөнхийдөө манай компаний бодлого өөрчлөгдсөн гэж хэлж болно. Харин оны сүүлээр бол манай компани нилээд алдагдалтай ажилласан. Учир нь ачаалал дэндүү их, харин үр дүнд муутайхан байжээ. Гэхдээ шинэ оны заагаар сэтгэл санаа минь цэлмэж ажил үйлс ч бүтэмжтэй болох шинжтэй. Ямар ч гэсэн үнэхээр сайхан хамтрагчаа олсон болов уу. Итгэл найдвараар дүүрэн томоохон түнштэй учирсаан. Энэ бол гайхалтай аз завшаан шүү. Ингээд миний оны эхэнд бодож байсан зүйлс маань оны сүүл гэхэд эсрэгээрээ солигдсон бололтой. Үүнийг хүсэл тэмүүлэл минь илэрхийлэх байх. Ингээд 2011 ондоо дахин өөрийн амьдралыг бүтээх шинэ шинэ алхамуудаар дүүрэн байна гэж найдаж байна.
(Ингээд энэ бүхнийг ахин нэг харахад бичсэн бүхнээ би зөвхөн өөртөө л зориулжээ. Хэтэрхий их бодож бодож бичсэн үг болгон минь цаанаа дахин нэг утга илэрхийлж байхаар бичье гэж хичээлээ. Хүн болгон түүнийг харин өөр өөрийнхөөрөө ойлгох байх.)

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.