Хүн гэдэг ямар ч юм тохиолдож байсан бүх зүйлээс суралцаж байдаг. Миний хувьд ч мөн ялгаагүй сайн ч бай муу ч бай сурсаар л байгаа гэдэг нь маргахын аргагүй үнэн. Харин хүмүүсийн олж нээсэн хийсэн бүтээсэн зүйлийн хойноос тэмүүлэн тэр их амжилтын мөрийг хөөн явсаар нэг л өдөр түүнд хүрэх зорилготой миний амьдралын аялал явж байгаа билээ. Надаас бусад нь юу боддог, юу хийж чаддаг, юу хийхийг зорьж түүндээ хэрхэн хүрдэг нь өдөр өдрөөр миний нүдэнд илхэн болж байна. Харин Мөнхзул гээч нөхөр хаагуур юу хийгээд яваад байна даа? Надад одоогоор төлөвлөсөн зүйл их байгаа ч гэсэн ажил хэрэг болсон зүйл бараг байхгүй л байх юм. Бодсон зүйлээ бодит болгоход бас ч үгүй их авъяас хэрэгтэй юм байна аа. Бодсон болгон минь биелдэг байсан бол би ч өдийд мундаг амьтан болчихсон явж байхгүй юу. Даанч тийм биш юм даа. Ерөөсөө л хэн илүү ихийг сэтгэнэ тэр илүү ихийг бүтээнэ гэж миний хар дэвтэр дээр бичээстэй байдаг нь туйлын үнэн зүйл. Дээр нь нэмэгдээд миний дүгнэлт бол хэн илүү ихийг сэтгэж бас хэн ахиу хөдөлмөрлөсөн нь л амжилт гээч тэр зүйлийг атгаж чаддаг юм байна.
Харин энэ хөдөлмөрлөхөд чинь орчин бас дээр нь хүсэл эрмэлзэл туйлын зорилго гэдэг хүчин зүйлүүд байна аа. Эдгээрээс ер нь орчин бол бусдыгаа бодвол арай сул нөлөөтэй боловч мөн л өөрийн хувь нэмрийг оруулдаг. Хамгийн гол маш их нөлөөтэй зүйл бол чин хүсэл эрмэлзэл байдаг байх. Аав минь хааяа нэг үглэж лекц уншихдаа "Хүн ямар нэгэн юманд цаг заваа зориулаад тууштай нэг л юмныхаа араас хөөцөлдөөд байвал эрт орой хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ" гэж хэлдэг. Харин би үүнийг нь ойлгодог мөртлөө л биелүүлэх гэхээр нэг л болж өгөхгүй юм даа. Ёстой нөгөө чөтгөр шүгэлсэн гэдэг шиг зүгээр мөрөөрөө байж байхад л энэ тэндээс сатааруулах юм мундахгүй олон гарч ирээд амар заяа үзүүлэхгүй юм аа. Харин тухайн үед нь бол ховсдуулсан юм шиг л амьтан байж байгаад хамаг цагаа дэмий үрчихнэ. Тэгээд орой болж юу хийсэн маргааш юу хийх ёстойгоо бодохоор л уур хүрээд юу ч хийгээгүй байхад цаг яваад өнгөрчихсөн байхыг мэдэрдэг болчихоод байх юм аа. Одооноос харин энэ лайтай зуршлаасаа салахыг хичээж байгаа л даа. Харин сүүлийн хэдэн хоног юу хийхээ тэмдэглэж бичээд бага гэлтгүй notepad хийгээд байсан чинь үр дүн нь гайгүй байгаа шүү. Өдөрт тэрийгээ хэд хэд харчихаад л болох нь тэр. Энэ маань нэг ёсондоо тамирчидаар бол өөрийгөө зоригжуулж юу хийх ёстойгоо сануулж байна гэсэн үг юм даа.
Харин хийх гэдэг дээр бол залхуу зан орчиндоо сатаарах хоёр нийлээд намайг ч ёстой алж байгаа даа. Яаж нэг зүгээр сууж чаддаггүй хөдөлмөрч болдог юм билээ. Манай эмээ гэж нэг сайхан хүн байдаг. Үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Юм хийнэ гэдэг зүгээр л тэр хүний цусанд уусан шингэсэн мэт. Хүнтэй юм ярьж байхдаа ч мэдээ сонсож бүр тоглож байхдаа ч хүртэл зүгээр байна гэж байхгүй. Нэг харахад юмны тоос арчаад л үгүй бол юм оёж шидээд л хүүхдүүдийнхээ хувцас хунарыг янзлах гээд харахад хүртэл үнэхээр гоё ямар ч биед нь төвөг болж байгаа юм байхгүй. Хүн нээрэн тийм болчихвол их юмыг бүтээх байх даа.
Бас сүүлийн үед би хийх ёстой юмаа нүдэнд харагдтал төлөвлөн төсөөлж үзэхийг хичээж байгаа л даа. Одоогоор даанч ийм туршилт хийж үзээгүй байгаа. Яг энэ ярьсан зүйлүүд дээрээ энэ тактикаа ашиглаж үзэх хэрэгтэй байгаа юм даа. За тэгээд өөртөө амжилт хүсээд урагшаа гэж хэлье дээ.
hamdaa ter 3dah uguulberee oilguulaach. maniih ni iq dutaj bga bhl da
ReplyDelete