Wednesday, November 23, 2011

Мэргэжил

Анх эдийн засгийн сургуульд орж байхдаа үнэхээр зөв юм хийсэн эсэхээ мэдэхгүй эргэлздэг байж билээ. Анхнаасаа зүгээр л орчихож болох байсан юманд баахан шалгалт өгч байж дээрээс нь бас шилжилтийн төлбөр ч гэх шиг нэмж баахан мөнгө төлсөн. Дээрээс нь баахан хичээл зэрэг үзсэн болохоор дүн гэж авах юм байхгүй. Ингээд бодохоор би энэ сургуульд ямар их үнэ цэнээр орсон юм бэ дээ. Тийм болоод ч тэр юм уу надад энэ мэргэжлээр сурах үнэхээр таалагдаж байна. Хүмүүс ер нь төлбөртэй газар сурахаар илүү юм сураад байгаа ч юм шиг сонин гэмээр ч юм уу гаж юм харагдаад байх юм. Би ч бараг яг үүнтэй адилхан болоод байх шиг байна аа. Урьд нь нэг их юм золиослоод байх юмгүй нэг сургуульд орчихсон. Бас сонирхлоо мэдрэхгүй ч орсон юм уу ямар ч гэсэн учиргүй дурладаггүй байсан. Харин одоо бол би өөрийн хүсч байсан зөв мэргэжлээрээ сураад байгаа юм шиг санагдаж байгаа шүү. Угаас аз болоход математиктаа багаасаа гайгүй байсан болохоор баахан тоон дунд толгой эргэх нь гайгүй зааж байгаа юмнуудыг нь ойлгоод байгаа. Бас миний бас нэгэн давуу тал ч юм уу нэг тиймэрхүү зүйл гэвэл ямар нэгэн юмыг нэг хийвэл тэр чигт нь гүйцээгээд хийгээд яваад байдаг юм шиг байгаан. Даалгавар энэ тэрээ хийгээд хийх юм аа цагт нь хийгээд бас зааж байгаа юмнуудых нь цаад учрыг нь өөрийгөө харьцангуй гайгүй олоод байдаг гэж боддог. Тийм ч болоод тэр юм уу цаад учрыг нь ойлгох гэж хичээгээд оролдоод байх тусам хийж байгаа юмнууд улам илүү сонирхолтой болоод байдаг юм аа. Тэгээд л цааш нь уншмаар, судалж мэдмээр юмнууд зөндөө гараад байна. Тэгээд л уншаад, сураад яваад байна даа. Даан ч өдрийн цаг хязгаартай бас хичээлээс өөр хийх юмнууд бас байх юм даа. Тийм болохоор хичээлээ хийгээд л бас бусад юмаа зохицуулаад явахгүй бол болохгүй юм байна лээ. За тэр ч яахав. Сурж байгаа юмнууд таалагдаад ангийхан ч гэсэн гоё байгаа болохоор сайхан байгаа. 
Харин ганц сэтгэл дундуур байгаа юм нь юу гэвэл одоогийн дүнгүүд үнэхээр аймшигтай байна аа. Өнгөрсөн жилийн баахан алтан дундажууд маань миний сайхан боломжуудыг минь алж байна дөө. Хүмүүс тэтгэлэгт хөтөлбөрт материал бүрдүүлж өгөөд л тэтгэлэг аваад байх юм. Тэрийг нь харахаар сайхан юм аа. Атаархмаар ч юм шиг. Гэтэл би яаж байна. Юу ч үгүй л байна. Харин үүнийгээ нөхөхийн тулд чадах бүх зүйлээ хийгээд сайхан судалгаа шинжилгээний ажлаа хийж байгаад зөндөө олон хурал, тэмцээнүүдэд оролцоод шагнал авах юм сан. Угаасаа тэтгэлэгт материал өгөөд би бол цагийн гарз болчихоод байна. Орлого багатай хүмүүсийн тоонд яг орчихгүй. Лай болж бас тийм баян айлд төрчихөөгүй юм аа. Дээр нь шилжиж байна энэ тэр гээд дүн будаа болчихсон болохоор одоо ганц үлдсэн боломж гэвэл гайгүй судалгаа хийх л үлдэх шив дээ. Багахан боломж ч гэсэн ашиглаж чадах юм бол надад үлдэх бас ирэх өгөөж нь чамлахааргүй их юм шиг ээ. Тийм болохоор хичээгээд байна аа.
Never give up !!!

Wednesday, November 2, 2011

Сонин байдал

Ойрд би яагаад байгаа нь ч мэдэгдэхгүй нэг тийм сонин байдалтай болчихлоо. Юу ч болоод байгаа юм бэ дээ бүү мэд. Бүүр сүүлдээ уур ч хүрээд байх шиг. Үнэхээр ойлгомжгүй байна аа. Хамаг юм энэ гайтай ханиаднаас болж байхгүй юу. Бараг 8 9 хоногийн өмнө ханиад хүрээд тэрэндээ нэг ядаргаатай эм уулаа. Тэгсэн тэр нь хлорфенамины найрлагатай эм. Тэгээд л өдөржингөө нойр хүрж манарсан амьтан. Ядаж тэр эмээ уугаад зүгээр болсон бол яая гэхэв. Бас дундуур нь эмийнхээ цагийг мартаад таслаад байсан бол гомдоллох юмгүй ч хэзээ ч байгаагүйгээрээ энэ эмийг сайн ууж байхад миний ханиад одоо болтол зүгээр болохгүй л байх юм. Ёстой хар лай юм аа. Дээрээс нь нойр хүрээд бие нозоороод за өөр юу юу ч болоод байгаа юм бүү мэд бичихээр уур хүрчихлээ. Хамаг бие өвдөөд толгой тархи бүр яг задрах нь ээ. За тэр ч яахав тэгээд нэг юм зүгээр болчих байлгүй. Багш нар хичээлээрээ шахаад, гэр орондоо ч хийж гавьсан юм алга. Хичээлээ ч олигтой хийсэн юм алга ингээд л яваад байж болох уу ер нь? Ай мэдэхгүй ер нь энэ нэг л биш ээ. Энэ цагийн менежмент гэдэг чинь яасан ч хэцүү юм бэ дээ. Гэхдээ ямар ч байсан яасан ч бууж өгөхгүй ээ. Ийм лайтай залхмаар хэцүү байгаа ч гэсэн надад бас сайхан юм зөндөө л болж байгаа юм чинь. Хичээл ном түрүү жилийнхээс хамаагүй сайхан байна. Бас өдөржингөө уйдах ч завгүй гүйж байна. Хийе гэсэн юм асар их байна. Асар холоос автобусанд хайран цагаа өнгөрүүлэхгүй амар л байна ш дээ. Хамгийн гол нь сэтгэл санааг минь цаг үргэлж тайтгаруулж байдаг нэг хүн байгаа. Ухаалаг жижигхэн, хөөрхөн эгдүүтэй тэрнийг бодохоор л бүх юм сайхан болж байна даа. Юу ч болсон бай би зорьсон зүйлээсээ ухарч няцахгүй ээ. Never give up!!!

Thursday, October 20, 2011

Бүхнийг бодлын хүчээр

Сайн байцгаана уу? Юун түрүүнд өөрийн бодлоо хэн нэгэнтэй хуваалцмаар санагдсанаа хэлэх хэрэгтэй байх.
Өнөөдөр бидний амьдралд шийдэгдэж болохоор мөртлөө ер шийдэгдэхгүй байсаар байгаа, биднии бухимдлыг төрүүлдэг маш олон зүйлс байдаг. Тэднийг тоочоод би лав дуусахгүй юм шиг санагддаг юм. Харин түүнээс яаж ангижирч болох вэ? гээд бодлоо л доо. Биднээс шалтгаалах зүйлс юу байж болох талаар бодож үзлээ.

Хамгийн түрүүнд бид өөрсдөө ийм зүйлийг бий болгох үндэс суурийг нь нэг талаар бүрдүүлдэгтэй холбоотой байдаг болов уу? Өдөр тутам бид хийж буй зүйлсээ бодож төлөвлөж түүнийхээ дагуу ажиллаж чаддаг бил үү? Үгүй л болов уу. Би лав үгүй. Яг үнэндээ бол бодож төлөвлөөд хийх сайхан л даа. Даанч яг одоо миний амьдрал тогтож эхлээгүй ч юм уу бүү мэд гэнэтийн зүйлсээр дүүрэн байна. Түүнийг ч тооцоход маш хэцүү байна. Өнөөдөр надад юу тохиолдож болох бол? Яах бол ийх бол гээд бодоод байна гэдэг ч угаасаа надад утгагүй санагддаг. Тийм ч болохоор төлөвлөсөн зүйлүүдэд минь эрс өөрчлөлт гарах тохиолдлууд бишгүйдээ л олон байна. Гэхдээ миний бодлоор эдгээрийг зарим үед хянаж байх нь зүйтэй болов уу? Ямар ч юм хийсэн түүнийгээ маш сайн боловсруулж бүрэн гүйцэд хийх ёстой байх гэж хэлэх гээд байна л даа. Нэг ёсондоо хүн бүр бодлоготой алхам аль болох их хийж байвал зүйтэй байх гэж бодож байна. Өнөөдөр анзаараад байхад ямар ч бодлогогүй урсгалаараа яваад байгаа нь бидний үеийнхэнд олон болоод байгаа юм уу даа гэж харагдаад байх юм. Үгүй л байгаасай. Харин эсрэгээрээ хүн болгон өөрийн дотроо баримталж явдаг ямар нэг үзэл баримтлалтай түүнийхээ талд хатуу зогсож чаддаг тийм эрс шийдмэг зан дутагдаад байх шиг ээ. Үүний тулд бас юм болгон дээр бодлоготой байх хэрэгтэй. Миний баримтладаг зарчимд нийцэж байна уу үгүй юу гэдгийг тунгаан боддог байх хэрэгтэй. Товчоор өнөөдрийн энэ нийгэмд БОДЛОГЫНХОО ХҮЧ-ээр л амьдарч чадах байх. Тийм ч учраас өөртөө болон үе тэнгийнхэндээ бодлоготой байгаарай гэж хэлмээр бас уриалмаар санагдах юм. Удахгүй бид нийгэмд өнөөдрийнхөөсөө илүүтэйгээр тодорхой нэгэн байр суурийг эзэлдэг, өнөөдрийнхөөсөө хавьгүй илүү хувь нэмэр оруулдаг Монгол улсын иргэдийн эгнээнд шилжинэ. Энэ үед бас л бид өөр өөрсдийгөө хүнээс дутуугүй сайхан авч явах зайлшгүй үүрэг бидэнд ногдож байна. Яагаад гэвэл бид өдий болтол эцэг эхийнхээ тус дэм, хайр энэрэл гээд бүхий л зүйлийн үр шимээр өдий дайтай болчихоод явж байгаа хүмүүс шүү дээ. Бас юугаа ч мэдэхгүй гүйж явсан бага ангийн сурагч байхаа болиод нилээд юм бодож тунгаадаг болчихсон байх тэр насан дээрээ явж байна. Аугаа суут сэтгэгчид олон том эрдэмтдийн суут нээлтүүдээ хийсэн тэр насанд бид бараг л хүрч явна. Гэтэл өнөөдөр бидэнд юу байна? Бидний хийж чадах зүйл юу байна? Өөртөө, гэр бүлдээ, хамт олондоо, улс эх орондоо бид юу хийж чадах вэ? Энэ бүх асуултын хариуд бид бага ч болов хэлэх зүйлтэй байх үүрэгтэй биз дээ? Тийм болохоор бид БОДЛОГОТОЙ БАЙХ хэрэгтэй. Гэр бүлдээ бидний эзлэх байр суурь нэмэгдэж байна. Ядаж л ээж аав минь оройн хоолоо хэдэн хүүхэддээ хийж өгнө гээд ядарсаар ажлаасаа орж ирээд яаран хөлдүү мах хөшиглөж зогсдог цаг нь өнгөрөөд халуун хоолоо идье гэсэн бодолотой гэртээ орж ирдэг болж. Дүүгээ цэцэрлгээс нь авсан болов уу? Хувцас хунар нь юу болж байгаа бол угаах болсон болов уу гэж санаа зовохгүй болж. Энэ бүх зүйлсээ бид өсч томрохын хирээр өөрсдөө хэнээр ч хэлүүлэлгүй хийгээд сурчихсан байна. Энэ бол анзаараагүй боловч бидний нэг дэвшил. Гэхдээ иймхэн зүйлд бид хэдэн жил зарцуулсан бил ээ? Магадгүй бараг 15 жил байх аа. Одоо бид үүнээс хэдэн мянга дахин илүү зүйл хийж чадах чадвартай насан дээрээ байгаа гэж бодож байна. Бид бага байхдаа аав ээж хоёр юу л гэнэ тэрийг нь дагаад л явдаг байсан бол одоо гэр бүл гэдэг жижиг улсын бодлогод ч хүртэл оролцох чадвартай болцгоосон байна. Гэртээ юу авах хэрэгтэй байгаа билээ гээд л биднээс асууж байна. Энэ бол бид бодлогод оролцож байгаа нэг хэлбэр биз дээ. Харин бид өсч томорч байгаагийн хирээр бидний нийгэмдээ хүлээх үүрэг маань нэмэгдсээр л байгаа түүнийг бид анзаардаг билүү? Үгүй бол анзаарах л хэрэгтэй. Харин мэддэг бол бид юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж бид өөрсдийн чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Үүний тулд л бид их дээд сургуульд сурч байгаа тийм биз дээ. Харин энэ зорилгоо таг мартаад явчихаж болохгүй байх. Тийм учраас энэ дөрөвхөн жилдээ маш ихийг сурч мэдэн чадах чинээгээрээ мэдлэгийн далайд шумбаад авах ёстой байх. Үүний тулд дахиад л бодлоготой байх маш чухал. 

Ер нь юу ч хийсэн бид тодорхой хэмжээнд бодож боловсруулж чадах насанд хүрсэн хүмүүс шүү дээ бид чинь. Багадаа буруу зүйл хийчихээд аав ээждээ загнуулахдаа тэднээс айдаг байсан. Яагаад гэвэл хэлээд байгаад нь нээх анхаардаггүй байсан байх. Зүгээр л өндөр дуу, уцаартай байдлаас нь айдаг л байсан. Заримдаа ганц хоёр алгадуулах үе гардаг л байсан. Тэр үед нь бол алгадаад авах вий л гэж боддог байлаа. Харин одоо бол өөр. Загнуулахаараа өөртөө уур хүрнэ, арай ч дээ гээд л тэгээд заримдаа бүр өрөөсөө ичнэ. Өөрөө өөртөө сэтгэл дундуур, уурлаж бухимдаж байхаас илүү зовлонтой зүйл ер нь байхгүй л байх. Бараг л байхгүй байх... Тийм болохоор дахиад л бодлоготой байх хэрэгтэй. Юмыг харж бодож сэтгэх хараатай байх хэрэгтэй. Илүү өргөн хүрээгээр харж, сэтгэдэг байх хэрэгтэй болов уу. 

Хүн бага насандаа маш их юмыг сурдаг гэдэг ш дээ. 0-5 насандаа бүх мэдлэгийнхээ 80%-г олж авдаг гэдэг байх аа? Тэгвэл оюутан байх насандаа бид дахиад үлдсэн хэсгийнхээ 80%-г олж авдаг байх. За мэдлэг гэхэд тохирохгүй юм уу? Ер нь амьдрал гэдэг зүйлийн зангилаа, зүй тогтлыг ойгоход энэ үе бидэнд маш чухал юм шиг санагдаг. Одоо ажиллаж байгаа хүмүүсийг харж байхад ер нь ингэж бодогдог болсон. Тиймээс бид одоо л бодож сэтгэж, хэлэх үгээ хэлж, үзэл бодлоо хамгаалж ирээдүйн сайн сайхныхаа төлөө өөрийн чадах бүхнийг хийх хэрэгтэй. Үүний тулд бас л бодлоготой байх шаардлага зайлшгүй гарч ирнэ. Тиймээс БОДЛОГОТОЙ БАЙЦГААЯ!!! 

(Note: It was my first post which targeted to public )

Saturday, October 1, 2011

Future

Хүмүүс яагаад ирээдүйн талаар мөрөөддөг юм бол? Хүн болгон л багадаа тодорхой хэмжээгээр мөрөөдөж байсан байдаг. Харин би 2 дүүтэйгээ хамт баахан зөгнөлт ч юм шиг нэг тийм хийсвэр зүйлсийн талаар бодож амралтын өдрүүдээр бараг өдөржин шахуу тэрнийхээ талаар ярьдаг байж билээ. Харин одоо бол би юун тийм зүйл мөрөөдөж суух нь байтугай маргааш нөгөөдрийнхөө ажлыг ч төлөвлөх завгүй шахуу байна дөө. \Хэхэ хэтрүүлчлээ\ Бас хүн гэдэг амьтан томрох тусмаа нийгмийн амьдралд илүү идэвхитэй оролцож өөрийгөө дүгнэж цэгнэж эхэлдэг. Ингээд ирэхээр надад өөрийгөө голох нэг тийм хор шар хөдлөх, заримдаа бүр удаан хугацаагаар бодлогоширон суух тиймэрхүү үе тохиолддог. Ирээдүйн талаар бодох болгонд л нэг тийм сонин тодорхой бус тэгсэн хирнээ сонирхол татсан бодлууд хөвөрнө. Яагаад ч юм бэ би өөрийнхөө амьдралыг жирийн биш бүр гойд содон байгаасай гэж үргэлж хүсдэг. Эгэл жирийн байна гэдэг миний хувьд дэндүү сонин ч юм шиг... 
Яагаад гэдэг асуултууд надаар дүүрэн хөвөрдөг. Асуулт болгоныхоо хариултыг олчихвол миний амьдралын нэгэн утга учир тэр. Би гэдэг хүн хорвоо дэлхийг, ер нь мэдэхгүй бүхнээ мэдэхийг хичээдэг. Харин хариултыг нь хайн бидэрч, тэмцэж, заримдаа ядарч гутарч, заримдаа зоригжиж дэвжиж байдаг. 
Бас би өөрийнхөө бодол эрэгцүүлэл дунд сэлгүүцэн зугаалах дуртай. Бодол дотор минь хорвоо дэлхий бүхлээрээ минийх юм шиг үнэхээр сайхан байдаг. Энэ хорвоо үнэхээр эрх чөлөөтэй гэж үү? Миний бодлоор бүх л юм хязгаарлагдмал. Эрх чөлөөтэй нийгэмд би амьдарч байгаа гэж үү? Би лав тэгж боддоггүй. Хүний хийх бүх л юманд хязгаарлалт тавьсан байдаг. Харин би өөрийн оюун санаандаа л эрх чөлөөтэй байдаг. Энэ л ертөнцөд намайг хэн ч үл хорьно. Миний хийж чадахгүй зүйл гэж энд үгүй. Яагаад гэвэл би гэдэг хүн тэр ертөнцийг бүтээсэн юм шүү дээ.
Тэгэхээр би цаашдаа яах вэ? Юу намайг хүлээж байгаа бол? Хайр дурлал, амьдралын сайхан бүхэн, амжилт бүтээл, аз жаргал бүхэн намайг угтан замыг минь тосно...
Харин энэ бүгдтэй би учрахын тулд зогсолтгүй урагш тэмүүлэх хэрэгтэй. Хэдий хол ч намайг миний гэх сайхан бүхэн хүлээж байгааг би мэдэх болохоор хэр хол нь хамаагүй. Зорьсон газар минь тэнд болохоор зогсох болоогүй ээ зүтэгсээр л байх болно. 
Never Give Up

Friday, September 23, 2011

Он цагийн явцад

Хүн гэдэг их сонин шүү. Нэг л мэдэхэд цаг хугацаа хэр их өнгөрснийг ч анзаарахгүй маш хол явчихсан байдаг. Би л гэхэд анх дунд сургуулийнхаа босгыг алхаж байсан тэр өдрөө маш тодхон санадаг. Тэр үед үлдсэн дурсамжууд дэндүү олон байдаг ч байж магадгүй. Харин ахлах ангийн дурсамжаа бол түүнээс ч илүү ихээр санана. Хөгжилтэй явдлууд жаргалтай мөчүүд гээд бүгдийг нь л саяхан юм шиг бодож явдаг. Гэтэл одоо эргээд харахад тэртээх өдрүүд минь хэдэн өдрийн өмнөхөөр биш нилээд хэдэн жилээр яригдахаар болсон байх юм. Зарим кинонд гардаг шиг 7 хоног нэг газар байж байгаад буцаад очиход 7 жил өнгөрчихсөн байдаг шиг эргээд өнгөрүүлсэн амьдралаа бодоход мөн ч хурдан юм даа.

Түүнээс гадна хүмүүс өөрийгөө яаж өөрчлөгдөж байгааг анзаарахгүй яван явсаар нэг л мэдэхэд л урьдын өдрүүдээсээ бага багаар өөрчлөгдсөөр байдаг. Хүрээлж буй хүмүүс, найз нөхөд, боддог бодол хийж байгаа зүйлс гээд бүгд бага багаар өөрчлөгдөнө. Ингээд бодоход нэг бодоход гоё мөртлөө нэг бодоход ямар нэг гайхмаар зүйл болоод ч байгаа юм шиг. Би л гэхэд багадаа үнэхээр хүмүүсийг хашраасан аймар сахилгагүй хүүхэд байсан гэдэг. 1 ч юм уу 2-той л байсан байх. Тийм байхдаа хүнд тэврүүлэхээрээ ёстой тэр хүнийхээ гарыг чилээд бүр хүндхэн юм даахаа больтол нь үсэрч цовхроод л орилж чарлаад л тас тас хийтэл байнга инээгээд л тийм нэг дайсан байсан гэж манайхан ярьдын. Одоо тэрнээс надад тийм байсан гэж бодохоор их сонин санагдаад байдын. Магадгүй тийм байсан гэж болохоор ганц юм нь инээд л үлдсэн байж магадгүй. Инээхээрээ ёстой зогсохгүй инээгээд л байдаг. Миний тэгж их сахилгагүй байсан гэдгээ мэддэг ганц л дурсамж надаа байдаг. Бэлтгэл ангид ордог жил л дээ. Ээжтэй цуг сургуулиа тараад хойд талын цэцэрлэгээр гараад харихаар явж байлаа. Тэгтэл цэцэрлэгийн хананд байдаг шатруу гарч үзмээр санагдаад байж сууж болдоггүй. \хэхэ тэгэхэд намхан байсан болохоор өндөр дээрээс харах их дуртай байсан юм байлгүй\ Тэгээд ээжид би тэр шатруу хурдан авирч гараад ганцхан сургуулийнхаа хашааг ямар харагдаж байна харчихаад буугаад ирнэ ээ гээд ээжээс баахан гуйж гарлаа. Ээж ч намайг айлгах гээд багш нар чинь сургуулийн чинь захиралтай гараад ирвэл яах юм бэ тэгээд л сургуульдаа оруулахгүй хөөчихнө шдээ гэдэг байгаа. Би ч тэрийг нь нэг их тоохгүй чинийхээ хажуугаар өнгөрөөж орхисон юм даг. Нүдэнд шат л харагдаад юун тэр багш энэ тэр мантай. Хичээл тарчихсан юм чинь багш гэдэг хүн байдгийг ч мартчихсан байсан биз хэхэ. Тэгээд ээжээс арай гэж зөвшөөрөл аваад шат руугаа гараад ёстой сайхан харчихаад сэтгэл хангалуун "ээжээ" гээд ээжийг дуудаал инээж байсан чинь сургуулийн захирал, ахлах ангийн хичээлийн эрхлэгч, бага ангийн хичээлийн эрхлэгч нар манай сургуулийн хамаг л сайн багш нартай гараад ирдэг байгаа. Би ч тэндээ тэр чигтээ бараг л хөшчихлөө. Тэгтэл дөнгөж бэлтгэл ангидаа 2 дахь өдрөө сууж байсан намайг хичээлийн эрхлэгч энэ Ундармаагийн ангийн дэлчгэр шар дандаа үймүүлж явна шүү гээд аймар муухай бүдүүн хоолойгоор загнаж байсан сан. \Эмэгтэй хүн байж өндөр бүдүүн бас бүдүүн хоолойтой аймар эмэгтэй байж билээ. Ахлах ангийхан хүртэл багаасаа тэрний гараар дамжсан болохоор бас ч үгүй эмээдэг байсан юм билээ.\ Тэгээд тэрнээс хойш ээж намайг үгэнд орсон чинь дээр шүү гэдэг болсон юм. Юм л бол тэр өдрийг ярьдаг байсан байх аа хэхэ. Тэгж нэг хөглөж байж ээ. Дараа нь бас 3-р ангидаа сурлагаараа нилээд гайгүйчүүдийнхээ дунд ордог болчихсон байлаа. Тэгээд салаан дарга ч билүү нэг юм болчихсон юм аа. Тэгсэн чинь тэд нар нь багшийг байхгүй хооронд ангийхныгаа чимээгүй суулгах ёстой хүмүүс л гээд ойлгочихсон. Тэгээд тэр үед ангидаа том биетэй байсан 3 бандиар салаан дарга тавьчихсан 3лаа жаал мангартдаг байж билээ. Босоод үймүүлж байгаа хүүхдүүдийг томоотой суулгах гэж бөөн юм болоод л. Яс юман дээрээ тэрнээс нь болж бөөн шуугиан болдог байсан байх аа. Чи суу, чимээгүй юм аа хий гээд шивнээд байхгүй нь тодорхой. Тэгээд л орлилдож гардаг байсан биз. хэхэ 

За тэгсэн чинь 9-р ангид сурч байснаа бодохоор зүгээр л ёстой аймаар номын болцон байдаг байгаа. Өглөө 8-с хичээл ороол 1:10 гэж тарна. Цайгаа уучихаад 2-с олимпиадын бэлтгэлдээ сууна. 4 гэж тараад Батзаяа багштай Бэст-рүү гараад алхчихна даа. 6 цагаас англи хэлний хичээл ордог байл уу даа. Тэгээд л өвөл зунгүй 11-с IT парк руу алхана шүү дээ. Баахан юм яриад л инээлдээд л алхчихдаг байж билээ. Тэгээд орой гэртээ 10 гэж харьна. Хоолоо идчихээд л шууд унтахгүй бол ядардаг байсан байх аа. Ямар ч байсан тиймэрхүү юм болоод 12 хавьцаа л унтана. Даалгавар хийнэ гэвэл тэр үед миний хувьд англи хэл, тоо хоёрын даалгавар л байдаг байсан. Бусдыг нь бол сургууль дээр болгочихдог байсан юм шиг байгаан. Тэгээд шалгалт дөхөхөөр нь анги дээрээ тооны хичээл дээрээ жоохон юм харж байгаад өгчихдөг байсан байхаа. Гол нь хичээлийн цагаар юм аа ойлгочихдог байсан болохоор бодох хичээл дээр гайгүй байсан. Харин уран зохиол мэтийн хичээлийг бол бараг худлаа гайгүй сурдаг нэрээрээ л болгодог байсан байх. За тэгээд иймэрхүү л завгүй сурагч болчихсон байж ээ. Тэгээд багшийн зуны сургалтанд сууна аа. Харьж хоол ундаа хийчихээд харанхуй болтол сагс тоглоод л сайхан байж дээ зундаа бол. Сагсанд бол нугасгүй дуртай байсөөн. Завгүй гээд байдаг байсан мөртлөө яаж ийгээд л зааланд тоглочихтойгоо л байсан. 7 хоногтоо бараг 1 удаа тоглодог байсан байх шүү.

Ингээд бодоход хүн гэдэг хаана, хэнтэй, юу хийж байгаагаасаа шалтгаалаад түүнээ дагаад зохицон хувирч байдаг бас сонин шүү. Нэг л мэдэхэд би одоогийнхоосоо бас л өөр болчихоод сууж байх болов уу???

Friday, September 16, 2011

Алдагдсан боломжийн өртгөө тооцвол

Гэнэт явж байгаад нээрээ нэг юм бодож үзлээ. Ер нь их сургуульд хүмүүс яах гэж ийм ихээр сураад байгаа юм бол оо гэж. Бараг л ерөнхий боловсролыг эзэмшиж байгаа шиг л төгссөн болгон нь их дээд сургуульд ордог. Уул нь удирдах албан тушаалтнууд нь л сурвал болж байгаа юм шиг. За бас удирдах ч арай биш юм аа. Ер нь бол дээд боловсролтой хүмүүсийн энэ нийгэмд хийх юм чинь 50% ч хүрэхгүй л байх гэж би боддог ш дээ. Харин мэрэгжилтэй ажилтнууд л одоо манайд дэндүү их хэрэгтэй байгаа байх. За энэ ч яахав хамгийн гол миний бодсон зүйл юу вэ гэвэл их сургуульд сурах төлбөр бас сурах 4 жилдээ бид ямар их зардал гаргаж байгаа болон энэ мөнгө хугацаагаар юу хийж амжуулж болох вэ л гэж? Бас л бодууштай л юм байна лээ. Жишээ нь би л гэхэд хэдэн төгрөг зарчихаад сууж байгаагаа бодъё л доо. 890+2550+600=4040 мянган төгрөг болж байна. Бас дээр нь 3 жилийг ардаа үлдээчихсэн байна. Энэ хугацаанд би нэг ажилд ороод ажилласан гэж бодвол жилд 1000000 төгрөг авна гэж бодоход л 3 сая болно. Ингээд бодохоор 7 сая төгрөгийг би боловсролдоо зориулж байгаа юм байна. За тэгээд 4-р курс төгсөх энэ тэр гээд зардлаа тооцоход 10 сая төгрөх болох юм байна. Би тэгвэл энэ 10 сая төгрөгөөр юу хийж болох байсан бол? Ер нь миний үеийнхэн 10 сая төгрөгтэй байсан бол юу хийцгээх байсан бол? Их сургууль төгсөөд зарим нь ажилд орж чаддаггүй. Бас цалин багатай, мэргэжлээрээ ажиллаж чаддагүй гээд асуудал зөндөө байдаг. Харин их сургуульд сурахын оронд арай өөр зам сонгосон бол яах байсан бол? Өдийд өөрийн гэсэн хэдэн дэлгүүр ч юм уу жижиг хөнгөн үйлдвэртэй болчихсон байхыг хэн үгүйсгэх вэ. Давгүй машин унаж амьдралаа под хийтэл нь аваад явчихдаг, аав ээждээ өсгөж хүн болгосон ачийг нь бага ч болов хариулаад эхэлчихсэн ийм сайхан дүр зураг надад харагдаж байхын. За харин мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургуульд суралцсан бол хэдийн 4 жил нь нээх ялгаагүй байдлаар өнгөрөх ч гарах үр дүн бол эрс өөр. Төгсөөд гарахад л дажгүй этгээд болоод гарахад өндөр цалин сайхан нөхцөл амлаад уралдаад л ажилд авна гэж бодож байна. Дээр нь сургалтын төлбөр энэ тэр гэж эцэг эхээ махлахгүй өөрийнхөө хэмжээнд хөөрхөн мөнгө юм сурсныхаа төлөө авна гэж байгаа. Ингээд бодохоор энэ баахан чанаргүй их дээд сургуулиудын үүд хаалгыг бариад оронд нь сургалт сайтай коллежуудыг барих хэрэгтэй. Ингэвэл удирдагч болон гүйцэтгэгчид аль аль нь чанаржина гэж бодох юм.

Friday, September 9, 2011

Том болжийна аа.

За ингээд л нэг мэдэхэд 3-р курсын оюутан гээд явж байна гэж бодохоор сонин ч юм шиг сайхан ч юм шиг бас аймар ч юм шиг тийм нэг сонин мэдрэмж төрдөг юм байна. Гэхдээ ямар ч байлаа гэсэн энэ жил бол миний хувьд маш чухал жил гэдэг нь ойлгомжтой. Ерөнхийдөө мэргэжлийн чиглэлийн хичээлүүд одоо л орж хэн нь хэн болох гээд байгаа цаашдын чиг хандлага маань тодорхойлогдох гээд байгаа юм байна л даа. Харин миний энэ жил хийнэ гэж бодож байгаа зүйл зөндөө их байна аа. Хамгийн наад зах нь нэг эрдэм шинжилгээний хуралд гоё сонирхолтой сэдвээр оролцоод нэг тиймэрхүү эрдмийн ажлын амтыг амтлаад үзчих хэрэгтэй байгаа юм. За цаашлаад их сургуульд сурах зүйлийнхээ талыг ингээд дүүргэчихсэн гэж бодохоор дэндүү чамлалтай ч юм шиг. Тийм болохоор энэ бүгдийг нөхөж өөрөө өөртөө уур хүрэхээргүй байхын тулд надаас ихээхэн зүйлийг энэ жилийн хугацаанд шаардаад байгаа болж таарч байна. Миний хувьд хамгийн сэтгэл хангалуун байгаа зүйл маань юу вэ гэвэл энэ бүгдийг хийх хүсэл эрмэлзэл минть оргилон буцалж байгаа явдал юм. Урам зоригоор дүүрэн байхад би ямар ч зүйлийг хийх тийм их эрч хүч надад байх болно гэдгийг би мэдэж байна. Ингээд хичээгээд байдаг хэрэг ээ. Чадах бүхнээ энэ жил туршаад үзнээ хөөөө.