Wednesday, October 8, 2014

Дотоод зөрчил (Өөртэйгөө зөрчилдөх)

Заримдаа хүмүүс хийх гэж буй зүйлдээ эргэлзэж, өөрийнхөө бодолд итгэлгүй болж нэг тийм мананд байгаа мэт сонин байдалд орох тохиолдолд бишгүй л байдаг байх. Миний бодлоор тодорхой заагт, эрүүл ухаанаар бодох энэ бодол бол эрүүл, бүтээлч хүн болгонд байх ёстой чанар гэж боддог. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хийж буйгаа нягтлан, шалгаж хийдэг бол тэр бүр чанаргүй, муу зүйл хүнээс гараад байхааргүй мэт.

Гэтэл энэ байдалдаа хэт туйлширч өдөр тутмын амьдралдаа хүртэл ийм хандлагыг байнга гаргах нь тийм ч тохиромжтой биш болов уу. Жишээлбэл бидний ихэнх нь эргэлзэж тээнэгэлзэж, өөрийн хүсэл болон нийгэм чамаас шаардаж байна гэж өөртөө итгүүлсэн тэр зүйлийн хооронд яахаа мэдэхгүй байдалд орж гацаад, гарах гарцаа олохгүй сандардаг мэт санагддаг. Яагаад гэвэл яг ийм байдлыг би өөрөөсөө олж хараад байх шиг заримдаа санагддаг. Тэгээд багахан эргэцүүлэл хийснээ сийрүүлэн оруулав.

Яагаад хэт ингэж санаа зовох болж хүн зүгээр л урдахаа сайн хийхийн оронд дэмий юманд санаа зовж хайран цаг, сэтгэл санаагаа үрээд байдаг юм бэ? Хэд хэдэн шалтгаантай байж болохоор санагдаж байна надад. Хүмүүс бас хоёр янз байдаг юм шиг байгаа юм. Зорилгоо тодорхойлж, ирээдүйд би ийм л зүйл хийнэ гэж ухамсарласан хүмүүс, бас эсрэгээрээ урсгалаараа хөвж явдаг хүмүүс гэж.

Нэгдүгээрт, зорилго тавиад тэрнийхээ хойноос явж байгаа хүмүүсийг бодоход зорилгодоо хүрэхийн тулд олон төрлийн зүйл л хийх хэрэг болдог байх. Энэ явцад нь өөр хоорондоо зөрчилтэй зүйлүүд тулгарвал чухам яахаа мэдэхгүй байдалд орж ацан шалаанд хөөрхөн орчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ энэ төрлийн хүмүүс миний бодлоор арай л сэтгэлдээ тийм амар амьдарч байгаа юм шиг. Чадах юмаа тэрхэн үедээ хийчихнэ. Зөрчилдөөд байлаа ч аль нь дээр гэдгийг нь мэдэхгүй байвал аль нэгийг нь хийчихэд л болно. Санаа зовж дараа нь шаналахгүй амар.

Харин урсгалаараа яваад байгаа, дээр нь өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа хүмүүсийн тухайд арай өөр байдаг байх. “Өөрийнхөө юу хүсдгийг мэдэхгүй байгаа хүмүүсд юу хийхийг чинь заагаад байх хүмүүс хангалттай олддог” гэдэг үг байдаг билүү. Яг л тэрэнтэй адилхан. Яахаа мэдэхгүй мөтрлөө бусдын чимээгүйхэн шаардаад байгаа зүйл чамд тээртэй санагдана. Юу хийхээ мэдэхгүй явж байхад 10 жилд бол бүх хичээлдээ ижилхэн сайн байхыг шаардана. Спорт, урлаг гээд л бүх зүйлд сайн байвал хүмүүс сайхан хандаж байгаа нь анзаарагдана. Эцэстээ хүмүүс өөрийгөө хүндлүүлэх, үнэ цэнээ мэдрэхийг /хамгийн гол нь дуртай зүйлээ хийж/ хүсдэг байх. Дуртай зүйлээ хийсэн шиг хийж, тэрийгээ үнэлүүлж, ү шимийг нь амьдралдаа хүртээд тэрнээсээ одоогийн бид таашаал авч амьдардаг юм шиг. Тийм болохоор тийм зүйлээ олоод аз жаргалтай байгаа хүмүүсийг харж, түүнээс үлгэр дууриал авна гэсэн нэрээр өөрийнхөө хүсэл зоригийг дардаг хүмүүс байдаг ч юм шиг.

“...Тэр тийм хүн байсан. Тэр нь ямар гоё гээч. Тэрний тийм зүйлээр бид бахархдаг...” ийм яриа өдөр тутмын амьдралд бишгүй л тохиолддог. Өөрийнхөө тухай бодолгүй дан ийм хүмүүсийн үгийг анхаарсаар байвал эцэст нь амьдарч чадалгүй амьдралаа үрж байгаа ч юм шиг хайран бас харамсалтай.

Нийгмийн нэг хэсгийн хувьд надтай холбоотой маш олон харилцаа үүсдэг. Эдгээрээс өөртөө хэрэг болох, мэдээллийг зөв олж авах, боловсруулах ЧАДВАР л маш чухал юм байна. Хийж байгаа юмаа сайн мэддэг, тэрнийхээ үнэ цэнийг ойлгодог бол сая сэтгэл амар байж чадах юм биш үү. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.