Thursday, January 16, 2014

Аавдаа би хайртай

Аав гэдэг хүн нэг л сонин шүү. Хажууд нь байхад түшигтэй, нөмөртэй тэгсэн мөртлөө цаанаа л нэг жийрхээстэй. Хайр халамж нь нэг их ил үсчээд, нялуураад байдаггүй мөртлөө биднийхээ төлөө өдөр бүр л зүтгэж байдаг хүмүүс. Харьцахад нэг л эвгүй ч юм шиг цаанаа тийм сонин мэдрэмжтэй байдгийн. Яагаад ч юм хүч чадалтай, ухаантай, бас ээж нарыг бодвол илүү зоримог, шийдэмгий, хааяа дүрэлзэн асдаг ааш зантай хүмүүс байдаг болохоор тэгдэг байх. 11-р ангид байхад хичээл тарж ирчихээд зуны нэг орой л санагдана. Бүүдгэр үүлтэй, гадаа ч дотор ч нэг л сонин тийм өдөр байж билээ. Яагаад ч юм гэнэт л аавын тухай бодогдоод болохгүй байсан сан. Аавдаа зэмлүүлж загнуулж байсан бодлууд хөврөөд л... Тэгээд цаашаа бодож бодож заримдаа аавд уур ч хүрэх шиг. Тэгж тэгж өөртөө дургүй хүрээд л дуусч билээ. Тэгээд би ч мөн өдий байна даа гэсэн бодол төрсийн. Яагаад гэхээр жоохон солиороход тэр үед "Чингис хаан" кино үзээд дээр нь Нууц товчоон дээрхтэй таарж байна уу? Үг үсэг нь ямар байна хэлэх гэсэн санаа яг кинон дээрхтэйгээ ижил ойлгогдож байна уу гээд л заримдаа боддог байлаа. Тэгсэн тэр үед Чингис хааныг нас барчихвал энэ улс гэрийг чинь хэн удирдах юм, дөрвөн хүүгийнхээ хэнийг хаан болгох гэж байгаа юм? гээд л Есүй хатан асуудаг даа. Тэгсэн тэрийг үзэж байгаад би хүн болгон л үхэж төрөх нь үнэн. Тэгэхээр нэг л өдөр аав ээж хоёр минь яваад л өгөх байх гэж бодсон чинь бүүр аймар, ёстой сонин мэдрэмж төрж билээ. Тэгээд аав ээж хоёрын залуугийн зургийг төсөөлж нүдэндээ хараад одоо ямар болж байна гэж бодоол... Тэгээл цаашаа их юм бодсоон. Тэгсэн хурдын "Аавдаа би хайртай" гээд дуу аманд аялагддым байна. Шууд л юүтүүбээс оригоор нь сонслоо.

Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд гандсан
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг 
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ...

Энэ мөрүүд надад хамгийн их юм бодогдуулсан. Энэ амьдралдаа ээж аав хоёртойгоо үргэлж хамт байхгүйгээс хойш хором мөч бүр өнгөрөх тусам бидний цуг байх хугацаанаас хоргодоод л байгаа гэж бодохоор өдөр бүр уулзах бүртээ ер нь хүү нь болж төрсөн бид аав ээжийгээ аль болох жаргаах, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх, биднээр хэзээ нэг өдөр бахархаад нүүр бардам суухыг нь харах юм сан гэж бодлоо. Аав ээж хоёртойгоо харьцах харьцаа энэ үеэс эхлээд бас нэг шат ахисан байх шүү. Улам илүү хүндэлж, хайрлах болсон байх. Тэгээд энэ дууны мөр бүрийг нь сонсоод л нээрээ тийм юм байна шдээ гээл бүр оройруу орж байх шиг санагдсан. Гэхдээ ойлгосон гээд байгаа зүйлсийг минь хүмүүс зөндөө л ярьдаг, би ч урьд нь зөндөө л сонссон. Гэхдээ тэрийг ойлгоно гэдэг чинь өөр юм байдаг юм шиг байна лээ. Өмнө нь бол нэг чихээрээ оруулаад нөгөө чихээр л гардаг байсан байх. 


Тэгээд би бас өөрийгөө аавынхаа оронд тавьж байгаад бодож үзлээ. 3-ийн гурван эрэгтэй хүүхэд. Ирээдүйд гурвуулаа бас аав болно. Сургах, таниулах юм их. Бас нэг л сэтгэлд нь хүртэл юм хийчихэж чаддаггүй. Хэзээ нэг чамбай залуучууд болох бол доо гэж боддог болов уу? Тэгээд л улам хичээх хэрэгтэй. Агтны бийд газар үз, Аавын бийд хүнтэй танилц гэдэг. Энэ зүгээр ч нэг хүнтэй танилцаад дуусчих биш цаагуураа амьдрал ахуйгаа аваад явчих эр хүн болох гэсэн утгатай байх гэж би тайлж ойлгосым. Аав гэдэг нь ч тэр зөвхөн аавыг хэлээгүй байх өө. Ээж аав хоёулаа л хамаатай байх. 

Ингээд би цаашаа дуугаа сонсоод баахан л юм бодлоо. Дүгнээд хэлэхэд энэ хүмүүс бидэнд амаараа хэлдэггүй мөртлөө асар их юмыг бидэнд байнга өгөөд, анхаарал хайр халамжаа ямар ч хариу нэхэлгүй илгээж байдаг хүмүүс юм байна шдээ. Ачийг нь хариулна гэж хүмүүс ярьдаг. Одоохондоо би эхлээд ядаж тэр их сэтгэлийг нь ойлгох ухаан надад хэрэгтэй юм байна. Хүмүүс ямар би ингэж байна шүү. Би ийм юм бодоод одоо энийг хийж байна. Сайхан сэтгэл гаргаад чамд энийг хийгээд байгаа юм шүү гэж хэлэх биш. Бидний нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй, амт, үнэргүй, дуу чимээгүй боловч сэтгэл зүрхээрээ мэдэрч болох тийм зүйлийг ямар хүчтэй болохыг нь ойлгох шиг болж билээ. 

Ингээд баахан юм бодоол цонхоор хараад байлаа. Тэгсэн нэг сонссон чинь 

Унах болтлоо уужим их цаг байгаач үү үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үү үгүй ч үү гээд дуулдаг бадаг нь явж байна. Дотор нэг л сонин болоод явчив. Хэдий энэ үе тэртээ хол байгаа ч нэг л өдөр хаяанд хүрээд ирэх вий гэж бодохоос л аймар. Тэгээд дотор хамаг юм бачуураад, одоогийн байгаа өөрийгөө бодохоор уур хүрмээр ч юм шиг... Өөртөө гомдох, аав ээж хоёрыгоо өрөвдөх ч юм уу гайхан бишрэх ч юм уу, хорвоогийн энэ хатуу тавиланд тунирхаж гомдоллосондоо ч юм уу тэр өдөр нүдэнд нулмис дүүрээд ирсэн сэн. Тэгээд л хэсэг уйлсан байх. Дараа нь сэтгэл онгойгоод бас нилээн олон зүйл ойгочихсон ч юм шиг, шинээр нэг шат ахисан ч юм уу тийм нэг дэвшилтэй нэгэн зүйл миний толгойд сууж үлдсэн юм даа. 

No comments :

Post a Comment

Надтай үзэл бодлоо хуваалцаж байгаа танд баярлалаа.