Хүн ер нь өөрийгөө таних гэж ухаан орсон цагаасаа эхлээд оролдсоор яваад үхэхдээ ч таньж дуусалгүй хорвоог орхидог гэлцдэг. Тэгвэл би ч гэсэн өөрийгөө одоогийн байдлаар хамгийн зөвөөр таньж мэдэхийг хичээж л байгаа. Гэхдээ би өөрийгөө бүрэн таниагүй ч миний хамгийн сайн мэддэг хүн бол би өөрөө.
Ямар нэгэн ёс зүй, хэм хэмжээ гээд аливаа нэг зүйлд хязгаарлагдана гэдэг нэг бодлын үнэхээр сонин ойлгомжгүй юм аа. Хэн хэзээнээс энэ сайн гэсэн үнэлэмжийг бий болгочихсон юм бол? Тэгээд бас хүмүүс яагаад тэр сайн руу тэмүүлээд байдаг юм бол? Аз жаргал гэж чухам яг юу юм? Ямар хүнийг аз жаргалтай хүн гэдэг юм? гээд эхэлж сонсоход энгийн юм шиг мөртлөө эргээд бодоход ойлгомжгүй зүйлс надад лав олон байдаг. Би иймэрхүү юман дээр их эргэлздэгийг ч хэлэх үү. Зиа тэгээд дээр нь сайн муу, хар цагаан, гээд хүнд олон олон өнцгүүд байдаг. Гэтэл би ил гаргахдаа үргэлж л нэг талыг нь гаргаад байдаг болохоор хүмүүс намайг тэр л өнцгөөс харж байдаг байх. Үнэн хэрэгтээ анхнаасаа нэг л талаа би хүмүүсд харуулахыг хичээдэг болохоор тэр л талаар хүмүүс намайг хардаг байх. Харин гол асуулт юундаа байна вэ гэвэл би яагаад заавал дандаа тэр л талаа хүмүүсд харуулж бусадыг нь нуух ёстой юм бол? Зүгээр л бодох юмгүй яг тэр хугацааны мэдрэмж, бодол санаа гээд бүх зүйлээ ил гаргаж болдоггүй юм бол?
Ингэж гаргаад байдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ нийтлэг биш болохоор хэн ч тэд нарыг ойлгодоггүй байх. Ойлгохыг хүсдэг ч үгүй биз. Гол нь юу бодож, юунд зорьж тийм үйлдэл хийж байгаа нь л хамгаас чухал байх. Зүв зүгээр сууж байгаад хааяа надад бүр энэ эргэн тойрны юмыг огт танихгүй ч юм шиг, яагаад ийм байгаа нь ойлгомжгүй ч юм шиг, бүр толинд өөрийнхөө царайг хараад бүр сайн хараад баймаар, харах тусам улам л мэдэхгүй, танихгүй юм шиг санагдах тийм зүйлс хааяа тохиолддог. Жишээ нь гарынхаа нэг хурууг л энд тэндээс нь хараад л хараад л тэгснээ өөрийнхөө хурууны хэлбэр, байдал гээд юмсыг бүүр яагаад ийм байгаа юм бол гэх ухааны бодох хүртлээ гайхах тохиолдол хүртэл гарна.
Ингээд бодохоор хааяа галзуу солиотой нь ч мэдэгдэхгүй сонин, хөгийн гэмээр юм надад бас тохиолддог. Энэ байгаа зүйлс маань бүгд зүүд ч юм шиг, үгүй мөн хөгтэй юмнууд их болно шүү. Гэхдээ л энэ бүхний эцэст миний сонирхлыг нэг л зүйл татаад байгаа юм. Чухам яагаад ийм сонин мэдрэмж надад хааяа төрөөд байдаг юм бол? Урам зоригоор дүүрэн, бөөн эрч хүчтэй хүн байснаа хэдхэн минутын дотор огцом өөр хүн болоод ч байх шиг. За хэн мэдэх вэ?