Tuesday, March 27, 2012

Эхлэл

Өнөөдөр аймар ажлын сүүлчийн өдөр байлаа. Хэхэ арай гэж нэг юм оюутан насныхаа анхны судалгаагаа хоёр найзынхаа хамт хийж дууслаа. Бас л багахан хирнээ чамгүй ажил байна шүү. Ингээд судлаад байвал их ч юм сурах юм байна, их ч олон санаа цаашаа төрөх юм байна. Ямар ч байсан би энэ ажлаасаа олж авсан туршлагадаа сэтгэл хангалуун байна. Харин шагнал энэ тэр уул нь авах гэж горьдоод хийж байгаа ч гэсэн үнэндээ тийм ч их найдлага тавихгүй байгаа. Давчуухан яаруухан хийсэн болохоор тийм сайн болсон гэж бодохгүй байна. Харин одоо цааш нь нэмж дэлгэрүүлээд илүү сайхан болгоод дараагийнхаа буухиандаа бэлдэнэ дээ. Өшөө олон олон сайхан санаа төрөөд тэрүүгээрээ шинжилгээ, судалгааны ажил илүү олныг хийх хүсэл ихээр төрж байна. Ажилласан багийнхаа хувьд харин хаа ч гэж сэтгэл үнэхээр хангалуун байгаа шүү. Бие биенээ нөхөж хамтарч ажиллахад их сайхан санагдаж байгаа шүү. Хамгийн гол нь мэдээ мэдээлэл, цаг үеийн байдлыг соргогоор олж харан хэрэгтэй, үнэ цэнэтэй ажил хийвэл эргээд бид нарт ч бас хэрэгтэй байх. Тийм болохоор мэдээ мэдээллийг шуурхай авч юу хэрэгтэй байгаа гэдгийг өөрийнхөө үүднээс бодож үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо л амжиж мэддэг зүйлүүдээ баталгаажуулаад сайн юм хийгээд авахгүй бол цаг хугацаа яваад л байна. Өөртөө давуу талыг бий болгож илүү их зүйл сурахын төлөө...
ХИЧЭЭНЭ ЭЭ!!!

Thursday, March 22, 2012

Тууштай

Энэ үг надад үнэхээр үгүйлэгдэж байна шүү. Хүссэн юм аа хийгээд байгаа мөртлөө надад түүнийгээ тасралтгүй цөхрөлтгүй хийх тийм тэвчээр байхгүй байгаа юм байх даа. Хараал ид гэж. Би иймхэн амьтан байсан юм уу гэж бодохоор өөртөө дургүй ч хүрээд байх шиг. Гэхдээ ийм амьтан биш гэдгээ мэдээд байгаа болохоор гайхах ч шиг. Ер нь яагаад байна аа. Нэг л ойлгохгүй байх чинь. Миний хувьд одоогоор нилээд чухал зүйлсийн маань нэг бол сурах шүү дээ. Гэтэл энэ залхуу гэдэг хар лай намайг ээрүүлдээд бүр амар заяа үзүүлдэггүй ээ. Ингээд бодохоор үнэхээр миний дотроос байж суухын аргагүй болтол сонирхлыг минь татахгүй л байна даа. Ямар ч байсан үүргээ би ойлгож байгаа болохоор биелүүлэх болно. Харин тэр нь миний сонирхолтой зүг нийлээд явчихвал ч бүр янзтай. Хичнээн цаг хугацаа хэмнээд зогсохгүй намайг ямар сэтгэл хангалуун үлдээх вэ гэдгийг бодоод үз дээ. Сайхан сайхан... Одоо харин бүх хүсэл сонирхлоо энэ зүйлдээ чиглүүлэх хэрэгтэй байна. Сонин содон юм юу байна? хүний анхаарлыг татахаар зүйл байна уу? гээд л асууж гар. Дараа нь яагаад, яагаад гээд л өөрөөсөө асуугаад байна. Тэгсээр нэг мэдэхэд би нилээн ХӨӨРХӨН юм хийчихсэн сууж байн байх гэж бодоод байгаа шүү. Тийм болохоор өөрөө өөрийгөө ховсддог ч юм уу яадаг ч юм бэ ямар ч байсан сэтгэл зүйтээгээ л тулж ажиллах хэрэгтэй байх. Хэхэ. Амжилттай болчуул бөөн азны юм шд. Их ч юм мэдэж авах байх. Дээрээс хөгжилтэй ч байна гэж найдаж байна. 

Thursday, March 15, 2012

Bad grade

Би яагаад байгаа юм бол оо? Бүр нэг юманд донтсон хүн шиг л... Хийх гэсэн юм аа ч хийж чадахгүй өөр юманд сатаараад. Ингээд байхаар ямар ч урамгүй болчих юм аа. Хүн чинь урмаар цангаж байдаг амьтан шүү дээ. Тийм болохоор өөрөө өөртөө урам зориг өгөх ямар нэгэн юм хийх хэрэгтэй байна. Яагаад би ийм өчүүхэн зүйлийг зохицуулчихаж чадахгүй байгаа юм бэ? Чадах ёстой даван туулах ёстой гэдгээ мэдсээр байж ингэж маазраад байж болмооргүй байна шүү дээ залуу минь. Уул нь одоогийн миний хийх гээд байгаа зүйл маш хялбархан зүйл шүү дээ. Гэтэл яагаад би чадахгүй байна. Юу болоод миний нөгөө ундарч байдаг их эрч хүч, хүсэл зориг алга болчих нь энэ вэ? Ойлгохгүй байна. Өөрийгөө сэргээж цэнэглэх хэрэгтэй юм болов уу? Хамгийн гол нь ямар нэг юмыг хийхдээ толгойдоо эхлээд нэг хийчихээд дараа нь хийж байвал илүү амжилттай болно гэдгийг нь би мэдэж байгаа. Гэхдээ бодсон, хийж байгаа хоёр минь яагаад зөрөөд байгаа юм бол оо? Өөрийнхөө буруу гэж мэдэж байгаа зүйлийг яагаад би хиийгээд байдаг юм бол оо? Энэ яг ямар учраас бий болдог үзэгдэл юм бол? Чухам ингээд ямар нэгэн зүйлийг эргэцүүлээд бодоод эхлэхээр л би юу ч мэддэггүй юм шиг. Хүмүүстэй ярихдаа болохоор харин бараг бүгдийг мэддэг ч юм шиг. 
Хамгийн гол миний баримтлаж сурах юм гэвэл за гэвэл ёогүй байх энэ зүйлийг л өөртөө би бий болгож чаддаг байх хэрэгтэй. Хэлсэн л бол тэрийгээ заавал хийдэг байх хэрэгтэй шүү дээ. Мэдэж байгаа биз ямар нэгэн ажил төлөвлөсөн л бол заавал бүтээхийг оролдож чадахаасаа чадахгүйгээ хүртэл мэрийх хэрэгтэй. Хэн нэгэн хүн надад тус дэм өгсөн ч бай өгөөгүй ч бай нэгэнт миний зорьж байгаа ажил хойно ямар нэгэн үр дүнд заавал хүрч байж л салах хэрэгтэй шүү дээ. Тийм биш гэж үү? Тийм болохоор өөрийгөө ялан дийлж хийнэ гэж бодсон юм аа заавал хийх хэрэгтэй. Үүний тулд цагийн менежмент их чухал юм шиг байна. Цаг заваа зөв зохицуулан хүрэх ёстой үр дүндээ яаж хүрэхийг би суралцах хэрэгтэй.

Saturday, March 3, 2012

Би юу хүсдэг, юу хийдэг юм бол?

Өөрөөсөө ингэж асуулаа? Би ер нь юу хүсдэг юм бэ? Түүндээ хүрэх гэж би хэр их зүйлийг хийдэг юм бол оо? Арай асар бага хүчин зүтгэл гаргачихаад л зүгээр гомдоллоод суугаад байдаг юм биш биз дээ? Хэрэв тийм бол үнэхээр аймшиг шүү энэ. 
За тэгэхээр би яг юу хүсдэг вэ гэж үү? 
-Би хамгийн түрүүнд өдөр болгон инээд хөөрөөр дүүрэн сэтгэл өөдрөг байхыг хүсдэг. Харин миний сэтгэл санаа юу хийж, ямар үйлдэлд хөвөлзөж тийм сайхан байдаг вэ гэвэл өөрийгөө бусад хүмүүсийн дунд үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх, өөрөөрөө бахархах, ихэнх хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж байхдаа л миний сэтгэл их хангалуун сайхан байдаг юм шиг. Тэгэхээр би товчоор хэлбэл бүх зүйлд сэтгэл хангалуун байхыг л хүсдэг. Бараг бүх хүн л тэгдэг байх. Одоо яг тодорхой хэсэгчилж задлаад харвал энэ жилийн байдлаар би өөрөөсөө олж харсан зүйл нь:
- Сургуульд байхдаа бол ангийхныхаа дунд нэр хүндтэй ч гэх юм уу, ямар нэгэн дутагдаж боломгүй тийм хүн байхыг хүсдэг юм байна. Харин багш нарын хувьд би бараг тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээж намайг тэд сайн оюутан гэж боддог байгаасай гэж хүсдэг юм шиг байна лээ. Бас заримдаа тэдэн шиг лаг болох юм сан ч гэж боддог. 
- Харин гэр бүлийн хувьд бол бүгд хоорондоо эвтэй, нэг нэгэндээ итгэдэг, бүгд энэ гэр бүлийн гишүүд гэдгээрээ бахархдаг байгаасай гэж хүсдэг.
- Идэж уух, өмсөж зүүх, үзэж харах гэх мэт эдгээр зүйлс бол угаасаа хүсээд л байх тусмаа илүү давраад байдаг хойно олдсоноо хэрэглээд л явж байхад болох байх. Тэрнээс нэг их зорилго болгоод байх нь утгагүй биз. 
Харин нөгөө талаас би гэдэг хүн чамгүй их юм хүсдэг хүн юм байна. Хүссэнээ биелүүлэх гэж би юу хийдэг юм бол? Өөртөө анализ хийдэг энэ чадвар зөвхөн хүнд л байдаг юм гэнэ лээ. Хэхэ амьдралдаа энэ шинжээ аль болох их ашиглах хэрэгтэй байх.
Одоо би яг сургууль дээр ихэнх цагаа өнгөрөөж байх шиг байна. Тиймээс тэр талын хүслүүд маань бараг биелчихсэн ч юм шиг санагдаад байгаа. Эхлээд ЭЗС-д орохдоо бараг юу ч мэдэхгүй шахуу байсан. 1-р курсын ихэнх хичээлийг нөхөж үзлээ. Их ч хичээлээ. Одоо бодоход муу авсан дүнгүүд байгаа ч гэсэн тэр үед хэрэндээ зовж, манарч, төөрч будилж байж л авсан дүнгүүд. Одоогийн байгаадаа би сэтгэл хангалуун байгаа. Энэ эрчээ л алдахгүй улам цаашаа тэмүүлэх ёстой. Надаас мундаг оюутнууд зөндөө байна. Тэд нар шиг болохыг л хичээнэ дээ. 
  • Харин гэр бүлийн хувьд их хэцүү ч юм шиг. Ямар ч байсан сэтгэл хангалуун биш байгаа. Халуун бүлээрээ цугтаа ширээ тойрч суугаад орой болгон хооллож байх юм сан. Хамтдаа хөгжилтэй юм ярилцаад л нэг дулаан уур амьсаглтай үдэш бүрийг өнгөрүүлэх юм сан. Уурлаж бухимдаж санаа зовох асуудалгүй амар жимэр нэг тийм сайхан налгар байж үзэх юм сан. Гэр бүлийн хувьд ийм зүйл хүсдэг мөртлөө хийж байгаа зүйл нь хангалтгүй ч байж магадгүй юм байна. Ийм байлгах гэж би ер нь юу хийсэн юм бол? Хааяа үнэхээр хичээж сэтгэлээсээ амттай гоё хоол хийдэг, аав ээж хоёр маань биднээр бахархдаг байгаасай гэсэндээ 3лаа хичээлдээ сайн байя гэж хичээдэг. Мөнхбаярын хичээлийг шалгадаг. Ингээд л бараг нээрээ боллоо юм шив дээ. Гаргаж байгаа хүчин чармайлт нь ийм бага байгаа юм чинь сэтгэл дүүрэн, хангалуун байж яаж чадах вэ дээ. 
  • Эв найртай байхын тулд юу хийдэг билээ? Яг үнэндээ энийг хүсдэг мөртлөө бүүр цаана бүдэг бадаг санаж байдаг. Яг өдөр болгон санаж хичээдэггүй. Тийм болохоор л хоёр дүүтэйгээ хамаагүй харьцдаг байх. Хүн өөрсдийн хамгийн хайртай хүмүүсээ хамгийн муухай үгээр гомдоож, тэдэндээ хамгийн муухай харьцдаг гэж би уншиж байсан юм байна. Ямагт ийм байдаггүй ч гэсэн үнэхээр хайртай хүмүүдээ ганц удаа ч болов ингэж хандаж болно гэж үү? Тийм болохоор энэ талаар би бараг юу хийдэггүй өөрийгөө голохоос ч аргагүй байна. 
  • Өмсөж зүүх, идэж уух ч бол яахав одоохондоо аав ээж хоёр маань л болгож байна. Хэзээ нэг тэднийхээ олсноос хороолцохгүй нэмэр болдог болох юм бол доо? Үүний төлөө л мэргэжил эзэмших гээд энэ их сургууль сураад байгаа юм шүү дээ. Харин энд сурж байгаа юм үнэхээр үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй. Гэхдээ бусад хүмүүсийг бодвол би энэ тал дээр илүү давуу байх өөрийгөө боддог.
Бас нэг асуудал юу вэ гэвэл нэгэнт л хүн болж төрснийх гав ганцаараа явна гэж юу байхав? Ирээдүйн эхнэрээ зөв сонгох хэрэгтэй. Харин энэ асуудал дээр би бараг юу ч хийдэггүй юм өө. Яг ямар хүн байх бол гэдгийг нь ч мэддэггүй. Хүмүүсийн миний мөрөөдлийн бүсгүй эдр гээл паналтай юм яриад байдаг. Би харин тийм юм ерөөсөө боддоггүй. Тэгээд ч тэр юм уу миний үерхэл харьцангуй бага. Энэ тал дээр хүсч байгаа юм нь маш ерөнхий тийм болохоор хийсэн юм гэвэл бараг юу ч байхгүй. Алдсан алдаа л байгаа. Энийг давтахгүйн тулд сайн бодох хэрэгтэй. Ийм асуудал дээр сэтгэл хөдлөлөөр хандаж болдогггүйг би сайн мэдэж авсан. Энэ тал дээр ингээд л болж байна. 
Тэгээд эцэсд нь дүгнээд харахад хүссэн зүйлсийнхээ төлөө, ялангуяа гэр бүлийнхээ төлөө би тийм ч их санаа тавьдаггүй хүн юм болов уу? Ямар ч байсан хийх ёстой юм их байгаа л юм шиг байна. Биелүүлнэ дээ. 
Хамгийн сүүлд нь яахав юу хийх ёстойгоо мэдэж байгаа ч хүн өөрөө сайн муу гэсэн 2 хэсэг зөрчилдөж байдаг амьтан юм шиг байна. Би яг энийг хийх нь хэрэгтэй гэдгээ мэдээд байгаа ч өөрийгөө дийлж чадахгүй нэг л мэдэхэд сатаарчихсан шаал өөр юм хийчихсэн явж байх юм. Тэгээд тэнэг юм шиг дараа нь харамсана. Ийм байж л болмооргүй байна. Хичээнэ шүү... 
You know what to do!